Тэс адуу

Тэс адуу Тэс адууны үүсэл хөгжил

05/06/2023

Сунгаа гэж юуг хэлэх вэ?

Уясан морины давхил орж байгаа эсэхийг сорих шалгуур нь сунгаа юм. Дээхэн үед уях морьдыг 6 сарын 20-дын орчим барьж урт богино гэсэн хоёрхон сунгаа хийдэг байлаа. 1960-аад оны сүүлчээс морьдыг 6 сарын 15-дын үеэр барьдаг болж, богино, дунд, урт хэмээн гурав сунгах болсон юм. Харин орчин цагт 6-р сарын 10 өнгөрөөгөөлгүй барьж эрлийз, богино, дунд, уртын хэмээн дөрөв сунгадаг болоод байна.
Эрлийз буюу хамгийн эхний сунгаан 6 сарын 26-ны орчим болох бөгөөд цөөн морьд 4 км орчим замд хийдэг. Тэгэхдээ уяаны галууд өөр хоорондоо нийлэхгүй, дан дангаараа, уяан дээрээ буюу гаднаа голдуу хийх нь бий.
Богино сунгааг 6 сарын 29 нд 6-7 км замд хийдэг. Энэ сунгаанд уяачид морьдоо нэг их татахгүй мөртлөө, мөн нэг ч их шахаж шавдуулахгүй зөн, тааваар уралдуулдаг. Учир нь уяа бүрэн сайн эвлээгүй байж магадгүй тул шахаж шамдуулбал буруутаж магадгүй, мөн хэт болгоомжилбол цаана нь уяа эвлэх цэгцрэх хоног хугацаагүй учраас урьдын адил зөөлөн хандаад амыг нь татуулаад байдаггүй.
Дунд сунгааг 7 сарын 3 нд 12-14 км замд хийж байна. Энэ бол уяаны оргил ачааллын үе юм. Энэ үед морьдын уяа бүрэн эвлэсэн, хаанахын хэний ч хүлэгтэй уралдахад бэрхшээхээргүй болсон байх ёстой. Дунд сунгаанд морьдыг шавхан уралдаж үз! Тэр жилийн чинь уяаны өнгө төрх харагдана. Харин дараа нь морьдоо маш нарийн ажиглаарай, өчүүхэн төдий хувирлыг ч анзаарахгүй байж болохгүй шүү.
Их сунгааг 7 сарын 7-нд хийх бөгөөд энэ үед наадмын замд нэгэнт хөдөлсөн, олон газрын уяачид, морьдтой нэг дор цугларан буусан байдаг. Сүүлийн үед томоохон уяачид их сунгаанаар морьдоо нилээд гамнах хандлагатай болоод байна. Жишээ нь, их сунгааны замыг 10 км-ээс хэтүүлэхээ больжээ. Нэгэнт давхил нь гарсан, амьсгаа нь сайн задарсан бол наадмын их давхил ойртсон үед олон морьдтой, хол газар ач тач уралдуулах хэрэггүй гэж үздэг бололтой. Хэрэв таны морины уяа арай дутуу санагдаад байгаа бол харин их сунгаанд сайн шавхаж уралдах хэрэгтэй.
Орчин цагт хурдан морины уяанд хөлс, тар сунгаанаас дутахгүй нэгэн чухал хүчин зүйлийг харгалзах болсон нь адууны амралт юм. Дээхэн үед морьдоо цөөн хоногтой бариад, бага ажилтай цөөн сунгаатай, сунгаануудын хооронд хоёрхон өдрийн өнжөөтэй, түүнд нь тар хийж, хөлс авдаг байсан бол сүүлийн үед сар гаруйн өмнө бариад алсаас зөөлөн ажиллаж, сунгаануудын хооронд гурван өдрийн өнжөөтэй, түүнийхээ нэг өдөрт нь бараг бүтэн зогсоож амралт өгдөг болжээ. Гурван өдрийн өнжөөний алинд нь амраах вэ гэдэг нь тухайн адууны байдлаас шалтгаална. Үүнийг уяачид туршлагажиж,уяа нарийсч байна хэмээн ойлгож болохоор. Давхилын ердөө маргааш үдээс өмнө хөлслөхөд морины бие чангарч дараагийн давхилыг хүртэл хэвээрээ байсаар улмаар цорой нь чангарах магадлалтай байдаг. Иймээс ихэнх уяачид давхилын маргааш зөвхөн уяа тойруулж гишгүүлэх, баалгах төдий амраагаад гурван өнжөөний дунд өдөр нь ажил хийдэг. Гэхдээ зарим нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Таны морь давхилын урд өдөр тарлаад мордуулахад бие нь чангараад хөдөлгөөн нь сайн байдаг бол энэ дундах өдөр хөлсөлсөн нь дээр. Хэрэв таны морь давхилын урд өдөр хөлслөөд мордуулахад бие нь амраад маргааш нь аятайхан хөдөлдөг бол энэ дундах өдөр амраах эсвэл тарлах хэрэгтэй. Ер нь ямар ч морины биемахбод, булчин шөрмөс нь тараар чангарч, хөлсөөр суларч амардаг гэдэг нь тодорхой. Тийм болохоор та өөрийнхөө морьдыг суллаад мордуулбал илүү хөдөлж байна уу? чангалаад мордуулбал илүү хөдөлж байна уу гэдгийг ажиглаад мэдчих хэрэгтэй.

28/01/2023

Морины идэш хоол тохируулах

Ер нь уяж байгаа ямарч морийг хоол усаар сойх нь буруу. Аль болохоор тохируулж өгч байх нь чухал. Өдөрт өглөө, орой услана. Шөнө нь бороо орсон үүлэрхэг сэрүүн өдөр нэг услаж болно. Ямарч үед тогтмол ус, нууранд услах муу. Худаг юмуу ундармал усанд услах хэрэгтэй. Туул мэтийн том голуудын урсгалийг дагуулж услана. Азарга, их нас, соёолонг 6–7 цаг идүүлж, 2 цаг орчим унтуулах шаардлагатай байдаг.
Хязаалан, шүдлэн, даагыг 3 – 4 цаг идүүлж, 2 – 3 цаг орчим (тэгэхдээ дунд нь таслаж, идүүлж унтуулна). Буруу идсэн адуу усанд хамгийн түрүүлж хүрээд 5, 6 балгаад л хий цадаад зогсчихдог байна.
Морь уяж байх хугацаандаа хужирладаг байх хэрэгтэй. Хужирлахгүйгээс адуу нь эрдсийн дутагдалд ордог. Уях хугацаанд 7 хоногт 1 удаа хужирлана. Наадмын сүүлийн 1 хоногт хужирлахгүй. Хужир дутсанаас болж энд тэнд явж байгаад шороо идчихэж магадгүй байдаг байна. Шороо идсэнээс болж морины бие нь суларч, ялгадас, баас нь хар өнгөтэй болж хөлс нь муу гарна. Үүнээс болж торойж хэвтэнэ. Үхэж болно. Ингэсэн морийг уралдуулж болохгүй. Хар шингэн баас гарна. Хужирлахгүй байж байгаад гэнэт хужирлавал бас муу.
Уяж байгаа моринд хиаг, монгол өвс хамгийн тохиромжтой. Халуун чанарын таана, хөмүүл, агь зэрэг тохиромжгүй. Гэдэс нь багасаж тогтохгүй байгаа моринд голын эргийн ногоон ширэг идүүлбэл сайн (2 – 3 хоног). Морины гэдэс нь цатгалдах, хөвөө суух, нарийнтах, тохирох, боргон бөглөө гэсэн 5 янз байна.
- Цатгалдах нь мориныхоо хоолыг хэтрүүлснээс болно.
- Хөвөө суух гэдэг нь эдлэгдээд ирэхээрээ гэдсэнд хөвөө сууж өгнө. Тогтмол хоол өгөөгүйгээс хөвөө сууна (гэдэс нь цардайна).
- Нарийнтах нь уяа тохироогүйгээс (таргалсан, ядарсан) болно.
- Тохирох. Тохирохоор гэдэс нь онгоц шиг болно. Бөмбийсэн, холхиогүй гангарсан, арьс нь үрчлээгүй байна.
-Боргон бөглөө хавар / 4 –р сард/ морийг унаж буруу эдэлснээс боргон бөглөө сууна. Энэ бол умсны үзүүрт нь хавар цагийн муу өвс, үхширмэл баас үлдэхийг хэлнэ. Ийм морь давхиж ирсэний дараа цагаан шар хальсаар бүрхэгдсэн хатсан, өмхий баас гарна. Давхиулсны дараа сайн ажиглахгүй бол анзаарахгүй. Таргандуу моринд хоолыг нь хасаж болохгүй, туранхай морийг их хооллуулж болохгүй. Нэг ёсны морины хүчинд тааруулж хооллох хэрэгтэй.

Морийг уяхаасаа тавих нь чухал  -Уясан морьдыг , тэр тусмаа их насны морийг наадмын дараа хорон хөлсийг авч, булчинг нь ...
18/01/2023

Морийг уяхаасаа тавих нь чухал

-Уясан морьдыг , тэр тусмаа их насны морийг наадмын дараа хорон хөлсийг авч, булчинг нь гүйцэд суллаж , мулталж тавихгүй бол тэр жилдээ биеэ тавьж өгдөггүй агдайчихдаг. Байнга бэлтгэл хийсээр зангидсан гар шиг болчихсон булчинг чинь хариу уяа хийж зөөллөөд тавихгүй бол болдоггүй . Хойтонгийн уяаны ажил бол ерөөсөө тэр . “Уяхаасаа тавих нь чухал” гэдэг үгний утга учир ч тэр . Ер нь морийг зөв сайхан эдэлж сурсан хүн л морь уяна даа . Их насны морь жилдээ нэг л буруу эдэлсэн бол тэр жилдээ засал авдаггүй . Уяач хүн наадмын маргаашнаас л дараа жилийнхээ наадамд бэлддэг юм шүү дээ.

-Морьдоо анх барилж эхлэхэд дийлэнх улсын морьд голийсон тарган харагдаж байдаг. Харин танай морьд, туранхайвтар , их хөнгөн харагдаж байдгийн учир юу вэ?
-Уяа морьдыг ер нь байнга бэлтгэлтэй тамирчин шиг , байнгын уургын морь шиг л бэлэн байлгах ёстой л доо. Манай морьд туранхайвтар байдгийн учир бэлчээрээр нь байнга юм хийдэгтэй холбоотой. Анх уяхад бөрзийсөн юм ирдэг . Тэгэд яван чангарад, сэрийгэд , улам бүр өнгө суугаад уралддаг .

-Бэлчээрээр нь уяж сойно гэдгээ жаахан тодруулж ярихгүй юу?
Намар цасны тахтайд барьж аваад усыг нь зөв гаргах ёстой юм. Зөөлөн унаж хөдөлгөөд үсний нь угт тогтож шигсэн нарийн шороог нь унагачих хэрэгтэй юм. Усыг нь зөв сайхан гаргад тохомны хөлсийг биед нь тогтохгүй болгоод орхичиход болдог эд.

-Цасгүй үед яах вэ? Мөн л өдөр бүр мордоод байх хэрэг үү?

Өдөр бүр мордож давхиад , унаад байх хэрэггүй л дээ . Цасгүй үед тэгвэл морь улдчихдаг юм . Ер нь зун уралдсан морийг , хавар намрын цагт гэдсийг нь гүйцэт солих ёстой. Хавар намар хоёрт л мал гүйцэт цаддаг гэж байгаа юм . Тэр үед гэдсийг нь гүйцэд солих хэрэгтэй.

-Чухам яаж солих вэ? Ямар дэс даралалтай үйлдэл хийх ёстой вэ?

Морин адууг анхны цаснаар гүйцэд цадаад 1-2 хоносны ар дээр барьж аваад уяж хонох хэрэгтэй . Уяж хоносныхоо маргааш унаж хөдөлгөнө. Ингэхлээр гэдэс нь хөдөлнө. Нэлээн сайн хөлөргөж , биеийг нь халаана гэсэн үг шүү дээ. Харин адуунд нь буцааж тавихдаа уяан дээр уяж , биеийг нь хөргөж байж тавьдаг учиртай. Тэхгүй бол нуруу авах тохиолдол гарна.

-Уях морийг бол адуугаар нь сайн эдэлдэг байх нээ. Харин байнга уяж хоноод байхгүй биз дээ ?
Ялангуяа зун уягдаад олигтой давхил ороогүй адууг бол хар буухаар сайн эдлэх хэрэгтэй. Уях морийг ер нь адуугаар нь сайн эдлээд авчирах их зүгээр . Дээр өөрөө , “Танай морьд анх туранхайвтар , их хөнгөнхөн баригддагийн учир юу вэ ?” гэж асууж байсны учир гол гогцоо тэнд л байгаа юм. Морийг анх барихдаа л уяж хонохоос бусад үед нь ерөөсөө уяж хонож болохгүй .

-Зарим улс байсгээд л уяж хоноод , унаж давхиад байгаа харагддаг . Тэр нь тийм ч зөв зүйл биш байх нь ээ?

Уяж хоноод ширүүн эдлээд байхлээр дотуураа чангарчихаад бие нь тавьж өгөхгүй жадайчихаад байдаг. Мах нь чангарчихаад бариад байна гэсэн үг шүү дээ. Чамд биеийг чинь барьсан жадайсан хувцас өмсөгчихөд учиргүй хурдан гүй гээд шахад байвал ямар байх вэ, түүнтэй л адил гэсэн үг . Ер нь бол морийг адугаар нь уяж сойх ёстой юм . Уяа сойлгоны дундуур ч уяж хонох буруу.

-Цаг улирал урьдынхнаас огт өөр болж байна . Адуу малны иддэг өвс ургамал ч их өөрчлөгдсөн биз? Үүнийгээ дагаад уяа засал ч их өөрчлөгдсөн байх. Одо ч тэжээлгүй морь уралдахгүй гэдэг болсон шиг байна?

Одооны морьдын хүч тамирыг хадгалаад хашаанд байлгаж байгааг тэжээгээд байна гэж ойлгож бас болохгүй. Бараг зургадугаар сарын 20 гарч байж ногоо идэж байгаа энэ үед хашаанд байлгаж хүч тамирыг нь хадгалах нь буруу биш . Идэш хоолыг нь тэнцүүлээд гамнаад байхад бараг зогсож байгаад уяа нь болчих адуу ч байдаг. Манайхны бага насны адуунууд бараг л тийм . Улсууд мориндоо ажил хийгээд л байхад манайхны морьд зогсч л байдаг .

-Танайхан бол уяж эхлэнгүүтээ л учиргүй ажил хийгэд , хөлсөлж тарлаад давхичихдагүй юм байна?

Эхэндээ зөөлхөн ажил хийнэ шүү дээ . Ерөсөө л ийм юм байгаа юм . Давхих газрынхаа гуравны нэгээс нь эхэлж бэлтгэл хийгээд эхэлнэ гэсэн үг . Яг уралдах өдөр болоход гарааны газартаа уяа нь хүрч , ир нь ханаж байхаар л тооцож ажил хийх ёстой юм.

-Хот тойрсон уяачид бараг худалч хүнд бараг халуун намрас эхлэн морьдоо тэжээгээд эхэлдэг юм шиг санагддаг . Тэжээхэд бас нарийн учир байгаа даа?

-Одо ямар ч сайн адууг тэжээхгүй бол олигтой уралдуулах боломж хомс болоод ирсэн л дээ. Энэ нь өвс ургамал , байгаль цаг ууртай холбоотой юм . Морийг тэжээхдээ адуун дээр нь жаахан унаж, арваннэгдүгээр сарын 10-аас арванхоёрдугаар сарын 10-н хүртэл унаж усыг нь сайхан гаргад, өөхөн таргыг нь бараад оруулж ирж тэжээнэ. Зун уралдсан морьд өөхөн тарга аваад юу шалих вэ .

-Усыг нь гаргана гэдэг нь чухам яана гэсэн үг вэ?
Мордоод усыг нь гаргаад ирэхэр үс нь задраад биед нь хөлс тогтохгүй болчихож байгаа юм.
-Морийг тэжээхэд ямархуу өвс ногоо зүгээр вэ?
Туул голын урд талын болон зүүн талын өвс зүгээр . Хяр хамарын өвс адуунд их зохимжтой байдаг .

-Манайхан одоо ихэвчлэн овьёсоор тэжээж байх шиг. Өдөрт хэдий хэрийн овьёос өгвөл тарах вэ? Бяр хүчтэй болгоход өөр ямар нэмэгдэл тэжээл өгвөл зүгэр вэ?
Хоолонд нь өдөрт нэг өгөхдө хоёр шанага овьёос, тийм хэмжээний хивэгтэй өгдөг . Овьёосыг ахиухан өгвөл тамиранд хэрэгтэй . Бас шингэн хийх буруугүй . Тэхдээ монгол адуунд эрлийз адууны дозоор хийж болохгүй. Биеийн хэмжээ , жинд нь тохируулж хийх хэрэгтэй . Тэжээхдээ ч морины хүч тамир , онцлог байдлыг сайн харгалзах учиртай ... Тэрнээс зүгэр л овьёос хивэг өгөөд байна гэсэн үг биш шүү дээ.

-Тухайлбал яана гэсэн үг вэ?
Морины хоол бол тухайн адуныхаа сэтгэлтэй холботой .Өргөн магнайтай , дух хөмсөг зузаан бол сэтгэл ауга , ажил их даадаг , арчилгаа тордолгоо ч сайн авдаг . Магнай давчуу , ойрхон нүдтэй , хөмсөг нимгэн адуу бол сэтгэл давчуу , аймхай , адуу босч ухасхийсэн хүн шиг байх жишээний. Сэтгэл давчуу адуу ганцааранг нь уяж хооллоод яарахгүй сэтгэлийг нь тогточихвол гэдэс нь эвдрэхгүй болдог . Сэтгэл сайтай , яардаггүй нь бол сайн хурцалж , гэдсийг нь хөдөлгөж өгвөл сайн . Тэгэхгүй бол гэдэс нь хөдлөхгүй .

-Тэжээлийн бяраасаа болж морь, доголоод байгаа юм гэж ярьж байсныг чинь санаж байна. Тэжээхгүй уралдахад хэцүү , тэжээхээр хөлийг нь авчихаад байх болж . Тэгэхлээр яана гэсэн үг вэ?
Сүүлийн үед энэ ч морио доголгочихлоо, тэр ч мориныхоо хөлийг авчихлаа гэж байгаа нь яалт ч үгүй тэжээлтэй холбоотой л доо. Тэжээлийн бярыг монгол адууны хөл гүйцэхгүй байгаа юм. Эрлийз , холимог цустайнууд нь тэжээлдээ зохицдог . Монгол адууг бол хөөрхий , байдаг хурдан дээр нь учиргүй бяр өгчихөөр тэгж байгаа юм. Монгол адууны хурдных нь хат үндсэндээ гүйцэхгүй байгаа юм . Оч нь багадаад байхгүй юу . Гэлээ гээд яахав дээ . Байнгын тэжээл өгөөд дөрвөн булчингаад нь байнга тордоод бэлтгэлтэй л байх хэрэгтэй .

-Морийг өглөө барьж уясанаас хойш хэдэн цагийн дараа гэдэс нь гүйцэд хөдөлчихсөн байвал зүгээр вэ?

Морийг өглөө бариад үдээс хойш гурав дөрвөн цаг болоход гэдэс нь гүйцээд хөдөлсөн байх хэрэгтэй. Энэ бол идсэн уусан нь шингээд уяа нь зөв байгаагийн шинж. Буруу байвал гэдэс нь ханхайгаад цүрийсэн юм болчихно. Гэдэс хөдлөхгүй байна гэдэг үндсэн тамир луугаа орно гэсэн үг . Уяа нь зөв бол адууны өдрийн идсэн уусан нь биедээ бяр болон шингэнэ. Цанхагар байгаа гэдсийг хоол нь ихэдсэн байна гэж андуурч, уясаар болж байгаа юмыг бүр болиох нь ч бий .

-Гэдсийг нь тогтоох , сэтгэлийг нь тогтоох , бяр хүчийг нь тогтоох гээд нарийн зүйлүүд урган гарах нь ээ дээ ?

Тэрнээс чинь л уяа эхэлдэг байхгүй юу.

-Сэтгэл хөнгөнтэй, уухичиж давхисан морины сэтгэлийг чухам яаж тогтоож болох вэ?
Сэтгэл хөнгөнтэй адуу гэгэлзэж , сэгсчээд гэдэс нь хөдлөх гэд байдаг. Ийм адууг эхлээд ганц хоёроор нь ажил хийж байгад уухичаад байхаа болихоор нь морьтой нийлүүлээд эргэх газар нь түрүүлж очоод ганц нэгхэн хазуулаад байвал сэтгэл нь тогтуун болдог. Эргэхдээ зөөлхөн хатируулаад цогиулаад , сайхан дунд хурдаар явуулаад тэгээд түүнээс нь жаахан дээшлүүлээд түүн дээр нь жаахан тогтож явуулна.

Их биеийн тэнцэл гэдэг ньИх бие шоо дөрвөлжин биш ч гэлээ тэгш өнцөгт хэлбэртэй байхыг их биеийн хайрцаг сайтай гэдэг. Т...
27/10/2022

Их биеийн тэнцэл гэдэг нь

Их бие шоо дөрвөлжин биш ч гэлээ тэгш өнцөгт хэлбэртэй байхыг их биеийн хайрцаг сайтай гэдэг. Тухайн адуу багавтар биетэй байж болох ч гол нь хайрцаг сайтай байх ёстой. Их биеийн хайрцаг зөв байна уу, үгүй юу гэдгийг би хувьдаа өвчүүний бүдэрхийгээс шонтгор мөрний товгор дээгүүр дамнуулаад ташаан толгойны үзүүр хүртэл буюу хамгийн өндөр цэгт хүргэж бариад, сэрвээний хамгийн өндөр цэгээс доош бэрэвхийний дээд үе хүртэл буулган хэмждэг. Энэхүү хоёр хэмжээс хоорондоо тэнцэж байвал их биеийн хайрцаг сайтай гэж ойлгодог юм. Энэ ганц миний арга биш. Бидний өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн уламжлалт Монгол хэмжээс юм. Европ тийшээ арай өөрөөр хэмждэг юм билээ.
Монгол хэмжээсээр хэмжихэд бэрэвхийний дээд үен дээр тэнцдэг адуу бас тийм олон биш. Ихэнх морьд бэрэвхийний үенээс хоёр, гурван хуруу дутдаг. Миний ажигласнаар бэрэвхийний үенээс дээшээ хэмжээстэй байгаа морь уралдахдаа дөрвөн мөчөө савчуулж, олигтой амжилт үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, суучихаад байдаг юм билээ. Үенээс нэг юм уу, хоёр хуруу доошоо илүү буусан хэмжээстэй адуу унахад сайн боловч хурдлаад шальдаггүй. Ер нь бэрэвхийний үенээс доошоо буусан хэмжээстэй адуу эдэлгээ даахдаа сайн байдаг тул тэр талаар ашиглах нь илүү үр дүнтэй.

Гавлын хайрцаг гэдэг нь:
Гавлын хайрцаг тэнцэнэ гэдэг нь магнай, түүш өргөн, хайрцаглахад дөрвөлжин хэлбэр үүсэхийг хэлж байгаа юм.

Цээжний хайрцаг гэдэг нь:

Шонтгор мөр, дал, улаан суга, өвчүүг ерөнхийд нь харахад дөрвөлжин хайрцаг үүсгэнэ.

Бөгсний хайрцаг гэдэг нь:
Шонтгор өгзөг, ахар сүүлний уг, олон уулзах, ташаан толгой зэргийг араас нь харахад дөрвөлжин хэлбэр үүсгэхийг хэлж байгаа юм.

МУ-ын Манлай уяач Г.Батчулуун

Address

Zawkhan Aimag Tes
Ulaanbaatar

Telephone

+97695006949

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тэс адуу posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Тэс адуу:

Share

Category


Other Publishers in Ulaanbaatar

Show All

You may also like