Нутаг дэвсгэр : 55.3 мянган км.кв
Далайн түвшнээс дээш : 2414 м / дунджаар /
Хамгийн өндөр цэг : 3539 м / Харлагтайн сарьдаг /
Хамгийн нам цэг : 1290 м / Орхон-Тамирын бэлчир /
Аймгийн төв : Цэцэрлэг хот / Эрдэнэбулган сум / .Улаанбаатар хотоос 480 км.
Аймгийн бүх нутаг далайн түвшнээс 1200-3600 м өндөрт өргөгдсөн Хангайн нурууны салбар уулс, мөн ойт хээр, тал хээрийн бүсээс бүрдэнэ.
Тус аймгийн н
утагт Суварга хайрхан, Цогт сүмбэр, Хутаг, Гялгар, Харлагтай, Хан өндөр, Баянбайшир, Дулаан хан, Бүрэн хан, Ноён хангай, Халзан Бүрэгтэй зэрэг өндөр уулс, Бөхөн шар, Чингэлтэй, Тарвагатай, Бугат, Хичгэнэ, Тамирын өвч битүү ой тайгаар хучигдсан уул нурууд, Тамч, Тонгорго, Хөл сая, Хайрхан, Замт, Эг, Загастай, Хилзах, Согоот, Солонгот, Бумбат, Цагаан даваа зэрэг алдарт их даваанууд, Хонгорж, Тоглох, Хөшиг, Өгийн уудам тал, Хаалга, Мандах, Хануй, Хүнүй, Хөшөөт, Цайдам, Донгойн өргөн хөндийнүүд байдаг.
Хөрсний бүтэц нь их төлөв ойт уулсын саарал, хар шороон хөрс, уулын хар хүрэн хөрс, уулын ам хөндийн хар бараан хөрстэй хослосон хүрэн, хар хүрэн хөрс, нилээд хэсгийг тал хээрийн хүрэн, цайвар хүрэн хөрс, нуга, намгийн хар хөрс, багахан хэсгийг, уулын хяр хад, асга, цасан дорх хөрс ялимгүй хэсгийг эзлэнэ.
Аймгийн бүх нутгийн 70.7 хувийг малын бэлчээр, 1.8 хувийг хадлангийн талбай, 0.6 хувийг тариалангийн талбай, 15.7 хувийг ой мод тус тус эзэлдэг. Энд хуш, гацуур, хар мод, хус, улиас, хайлаас, бургас зэрэг шилмүүст, навчит мод, буриагуул, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, тавилгана, монос, шар мод, далан хайлс, жимст модод зэрэг 50 гаруй төрлийн модлог бут ургамал ургадаг юм. Мөн бүүргэнэ, цээнэ, согоон чих, бадаа, поврон зэрэг цайны ургамал, улаалзгана, гүзээлзгэнэ, долоогоно зэрэг олон төрлийн жимс, жимсгэнэ, гичгэнэ, тарна, сонгино, халиар, мангина, хүнхээл, зэрлэг жууцай, янз бүрийн гогод, хүмүүл, таана зэрэг хүнсний аминдэмт ургамал арвин их бий.
Архангайн нутагт алтан хундага, бамбай, нохойн хошуу, алтан гагнуур, царван, вансэмбэрүү, ванжингярваа, мягмансанжаа, хунчир, монгол туйплан, олон янзын дэгд зэрэг 200 шахам нэр төрлийн эмийн ургамал, банздоо, хөвөн оройт, мөөг, самар зэрэг хүнсний болон бусад чухал ургамал ургадаг. Үүний хамт арц, даль, агь, ганга гэх зэрэг таван төрлийн үнэртэн бүх нутагт байна. Зуны улиралд жамьянмядаг, сэржмядаг, яргуй, удвал, улаалзай, алтан зул, намуу, сарнай, цээний ягаан, цагаан лабай, бэр цэцэг, багваахай цэцэг өнгө жигдэрч байх нь үзэж ханашгүй сонин байдаг билээ.
Хангайн нуруунаас эх авсан хойт урд хоёр Тамир, Хануй, Хүнүй, Чулуут, Орхон, Суман, Мөрөн зэрэг олон гол мөрөн, Өгий, Холбоо, Дөрөө, Тэрхийн цагаан, Хөх, Их, Хөдөө, Цайдам, Буйлан, Дуут нуур, Баян-Улаан зэрэг их бага нуур бий. Эдгээр гол мөрнүүд Архангайн нутгаар 280-350 км газар урсахдаа олон мянган га бэлчээр хадлан, тариалангийн талбайг усаар хангаж 16-34 салаа их бага гол горхийг ай савандаа нэгтгэдэг юм. Архангайн нутагт эмчилгээ сувиллын ач холбогдолтой Ноён хангай, Чулуут, Шивэртэй, Бор тал, Цэнхэр, Цагаан сүм, Хадат, Бэлх, Хан өндөр, Бумбат хайрхан, Алтан овоо, Мухар хужирт, Гялаан, Ангархай, Ороох, Цүүр, Бор бургас зэрэг 40 гаруй халуун хүйтэн рашаан, рашаан төст булагууд бий.
Архангай аймагт байгалийн арвин их баялаг бий. Өгийнуур, Хотонт, Хашаат суманд шатах занар, бараг бүх сумын нутгаар хүлэр зэрэг түлшний нөөц, Цэцэрлэг хотын орчим, Хашаат, Тариат, Булган, Ихтамир, Цэнхэр сумдын нутгаар төмөр, соронзон гүрийн хүдэр, зэс, хар тугалга зэрэг металийн хүдэр, цагаан тугалга, Хангай, Тариат, Цэнхэр, Батцэнгэл зэрэг сумдад цахиуржсан мана, цагаан гантиг, усан ба утаат болор, бэлт чулуу, кальцийн жонш, хээрийн жонш, хайлуур жонш зэрэг ашигт малтмал, гялтгануур, гөлтгөнө, шохойн чулуу, боржин, наанги шавар, билүү, хүрмэн чулуу, өнгө бүрийн зос будаг зэрэг барилгын үнэт материалын нөөц бүхий олон орд судлагдсан байна.
Архангайн нутагт унтарсан галт уулсын чулуулаг, солир, арслан заан, үлэг, гүрвэл, хярс, одос гэх мэт аварга амьтдын чулуужсан яс, яст мэлхий, хясаа зэрэг амьтдын үлдэгдэл чулуужсан мод мэт ховор сонин олдвор элбэг тохиолддог. Мөн Дөрөө нуур, Хөдөө нуур, Эрх нуур, Цайдам нуурын хужир шүү, Хангай, Тариат сумдын нутгаас жамц давсыг өргөн ашигладаг юм.
Хангайн нуруунд аргал угалз, янгир ямаа, ирвэс, шүлүүс, ой хөвч нутгаар бор гөрөөс, буга согоо, гахай хүдэр, дорго, зээх, хэрэм, бүх нутгаар тарвага, үнэг, чоно, мануул, хярс, туулай, чандага, жирх, солонго, цагаан үен, зурам зэрэг ан амьтад оршино.
Жигүүртнээс сойр, хур, ёл, тас, сар, бүргэд, бэгбаатар, ууль, харцага, шар шувуу, хойлог, тоншуул, хэрээ, тагтаа, шаазгай, болжмор, ятга шаазгай, ятуу, ногтруу зэрэг нутгийн шувуу, турлиах, элээ, алагтуу, галуу, нугас, ангир, хун, цахлай, хотон тоодог, тогоруу, хөх, шар цөцгий, хөхөө, өвөөлж, өрөвтас, зуун хурга зэрэг нүүдлийн шувууд бий. Гол мөрөн нуурын усанд зэвэг, тул, хайрс, хадран, цурхай, алгана зэрэг агнуурын загаснууд элбэг байдаг.