25/05/2024
Галшарын хурдан хүлэг газар үнэрлэхийн цагт...
Адуу, адууны тавилан гэж, ай бас уудам Монгол шүү дээ. Хүрэн морь анх Хэнтийн Галшараас Баянхонгор аймаг руу зарагдсан байгаа юм. Гэвч зургаан настай, зурмал зүстэй түүнд Завханы Их-Уул сумын уяач Ч.Жамсран эзэн болох хувьтай байжээ. Их-Уулаар цоллуулан тэр жилдээ Завханы наадмын түрүү магнайг авсан аж. Уулсын нутагт урдаа хурдалсныг гүйцэж, ардаа хаягдсаныг тоосоороо булсаар 40-өөд наадмын түрүү магнай, айргийн тавд цолоо дуудуулжээ. Гэвч хаврын хаварт газар үнэрлэн дэгэлзсээр Хэнтийн зүг, хэзээ нэгэн цагт эхээс унаж, ижил тэнцсэн уугуул нутаг руугаа хэнгэнэтэл ганц үүрсээд гараад гүйчихдэг, ганзага шидэлдэг галтай адуу аж. Найман жил нутаг гүйсэн ч найман зүгтээ цолоо дуудуулсан хайртай хурдан хүрэн морио энэ хавар Ч.Жамсран уяач эх нутаг Хэнтийд нь, эх уул ус Галшарт нь өөрийн биеэр хүргэж ирэв. Гүйвэл ч гүйг дээ гэж уужран бодож, гүйхийн цагтаа чоно боохойд осолдох вий хэмээн хайрлаж, хурдан хүрэн мориныхоо нутаг амьтай сэтгэлийн үнэнд гүйцэгдэн, мянган бээрийн алсаас портерт ачаад хоёулаа давхиад ирж дээ. Хурдан хүрэн морины уугуул эзэн Миша тосч аваад, хоёр сайхан адуучин эр хорвоогийн үнэн, хоног жилийн явдлыг хэлэлцэн, нүдэндээ нулимстай, нүүдэлдээ үнэн суугааг ТВ5-ын Доржоо сэтгүүлчийн сурвалжлагаас харав. Сэтгэл нэгэнтээ амсхийж, нэгэнтээ уужрав. Хайрлахгүй байхын аргагүй Монгол мөн чанар, монгол хүлэг, монхор эзэн хоёрын энэ холбоос зуун зуундаа үргэлжлэх болтугай. Одоо наадам дөхөхөөр энэ хүрэн морь өөрийгөө уяж сойж дэгэлзээд, Миша зөндөө ажилтай болох биз ээ. Адууны ухаанд арай л уужимхан дарвидаг Монгол юм биш үү дээ. Хаврын хаварт нутаг гүйсээр, эцэст нь эзнээ дагуулаад, эрчит унаагаар нь хүргүүлээд эх нутагтаа хүрээд ирж байгаа хүрэн морины цуцашгүй сэтгэлийг яалтай. Нутаг гэсэн дуудлагыг нь хайрлаад, нулимсаа арчаад хүргээд ирж байгаа адуучин эрийг яалтай. Хүлэг, хүн хоёрт хүрэхгүй алс, хүрэлцэхгүй мэдрэмж гэж хүдэн татсан энэ орчлонд байдаггүй л юм байна.