Монголын Сошиал мэдээ

Монголын Сошиал мэдээ 🇲🇳🌍🔥 Эрэн сурвалжлага, Папараци, Иргэний сэтгүүл зүй, Сошиал мэдээ, Лайв сурвалжлага‼️⁉️‼️

24/12/2024

Нээрээ ямар төвөгтэйн бэ😂

24/12/2024

Хөгтэй олон явдал болно оо. Нохой л өвөөг айлгаж зүрхэлнэ🤣

Х.БАТТУЛГЫН БАЛАГӨмнөх үг: Бяцхан Монголд өрнөсөн хэврэг тэмцэл хэрхэн төгсөх нь бүрхэг-эрсдэлтэй 90 онд босогчдын араас...
24/12/2024

Х.БАТТУЛГЫН БАЛАГ
Өмнөх үг: Бяцхан Монголд өрнөсөн хэврэг тэмцэл хэрхэн төгсөх нь бүрхэг-эрсдэлтэй 90 онд босогчдын араас ил гарч нүүрээ харуулаагүй Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулга гурав ардчиллын ховор ялалтын буянаар Төр засаг жолоодож үзлээ. Харамсалтай нь Н.Алтанхуяг намаа самарч, нөгөө хоёр нь орос олигархиуд зуйрч том төслүүдээ гацааснаар Монгол сэхсэнгүй. Х.Баттулгыг тахин шүтвэл шувтрах янзтай. Түүний жолоодсон зурвас үед, хүн төрөлхтөнийг хөгжилд хүргэсэн туршлага-онолтойгоо цуг Монголд үнэ цэнээ алдлаа. Донор орнуудын хөрөнгө оруулалт Монголд эдийн засгийн алуурчаар хочлогдон гологдож хөөгдөв.
Партизанууд өвгөрч хоцрогдож болох ч 90 оны өвлийн тэсгим жаварт цуурайтаж асан үзэл баримтлал ялагдсанд өвгөн зохиолч харамснам. Тиймээ, ардчиллын үнэт зүйлс замхарлаа. М.Энхсайхан, Э.Бат-Үүл, Баабар, С.Баяр, Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар барууны гар хөл, хужаа, эрлийз, хурлийз гэгдэн адлагдаж, АН-д шургалсан-хил дамжин “гахай” чирж хөлжигсөд харь оронд ханилж яваа нутаг нэгтнээ хулхиддаг сэтгэхүйгээр аварга ордуудаа булаацалдав. Булчинлаг ганзагачдад оюунлаг ардчилагчид ялагдаж шоронд хоригдлоо. Тэднийг Бодоо Данзан Лосол Догсом Гэндэн Дэмид Амар Лхүмбэ нар шиг арай ч тонилгочихсонгүй-ардчиллын буянд. Х.Баттулга, З.Энхболд хоёрын өнгөнд дээгүүрээ эвгүй хүйт даасан шүү. Тэр хоёр буугаагүй бол цааш юу болох байсан бол.
“Монгол ялна” ч гэх шиг. Хорошо. Монгол ялдаг байж. Харин хэнийг ялах гээд байна? Сонгуульд өрсөлдөгчөө ялахыг “Баттулга ялав” гэхээс “Монгол ялав” гэмээргүй. Түншилнэ хоршино гэлгүй “ялна” гэж онцолсныг бодоход дайсантайгаа алалцах болтой. Манай сонгогчдын дийлэнх хятад аллергитай. Тэднийг дөрөөлсөн нэр дэвшигч ялдаг. “Монгол ялна” гэх уриа цаагуураа арай Их Хятадыг ялна гээгүй байгаа даа бурхан минь. Эрлийз хурлийзаар тогтож хайрлавал яамайсан.
“Монгол ялна” гэх омогшил манай хятад харшилтай сонгогчдын бах тавыг хангах ч ялаач билүү ялагдаач билүү?! Болчимгүй нь дэндсэн энэ сагуурлаар бид тархиныхаа хомсдолыг дэлхийд зарласнаас цаашгүй. Хятад компанитай бизнес хоршсоноос гайтаж тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал замхрах гэнэ. Тэднийг өшиглөөд хил давуулчихвал “Монгол ялах” юм байх.
Гашуун сухайтын төмөр замыг олон жил гацааж 20 ч юм уу, 30 ч юм уу тэрбум долларын ашиг хааж, эх орноо хорлосон бөгөөд 280 сая доллар шороонд булсан Х.Баттулга АТГ-т яллагдагчаар татагдаад байсан ч гэм бурууг шүүх шийдвэрлээгүй байна гээд ерөнхийлөгчид АН дэвшүүлж, сонгогчид түүнийг төрийн оргилд залав. Эмээ нь эрлийз гэх пиар М.Энхболдыг годройтуулж орхисон.
Асар их бэл бэнчин, ханахгүй хэрэглээгээр дэлхийн бизнесийг татсан хаяа нийлэгч-хамар дорх Хятадгүй хөгжих итгэл төгс ерөнхийлөгч тэртээ дээр омогших сүрдэм. Омог бардам түүний толгой дээгүүр овжин гадныхан өмнөд хөршөөс олз ууталсаар. Энэ урсгалыг тэр бээр спорт костюмтай сөрөн гүйж яваа самбоч.
Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдоод телевизээр ард түмэндээ албан ёсоор хандсан анхны мэдэгдэлдээ: “Орос металлургийн орон... хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан. Манай нүүрсийг Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгийн төмөр замаа яаж ийж байгаад барих хэрэгтэй... Бид урд хөршөөс хараат болчихсон байна. Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Үүнийг мэдээж урд хөрштэйгөө ярина... Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авч бай гэж ийм л асуудлыг ярина” гэв.
Зүүлт: Анхныхаа мэдэгдлээр ийнхүү омогшиж асан ерөнхийлөгч маань хоёр жилийн дараа цар тахал дундуур 30 мянган хонь билэглэх том пайз энгэртээ рекламдаад Ши жиньпин даргын өмнө, малчдаас төсвийн мөнгөөр авсан 30 мянган хонио хувиасаа өгч буй мэт дүр эсгэв. Бага буурай ч гэсэн нэг улсын ерөнхийлөгч гэхэд малын хулгайч шиг л харагдсан. Гэвч цар тахал дундуур эр зориг гаргаж гадаадад айлчилсан дэлхийд ганцаараа удирдагч гэж түүний цолыг дуудсан магтаал одоо ч Монголд цуурайтсаар.
Богино зайн атаархал. МСS олон улсын биржид гарч, гадныхан тэднийг хамтрах хэмжээнд дөхсөн менежменттэй Монголын ганц компани гэлээ. Тэгтэл ерөнхийлөгч маань “хувийнхан надаас томрох ёсгүй” гэж баадуурав. Оджаргал Нямтайшир нарын босгосон бүтээн байгуулалт тэдний өмч биш газрын баялаг гэж ҮАБЗ-ийн гурван өндөрлөг аягүйрхэж бурганалаа. Уул уурхайгаас баяжсан 30 гэр бүлийн хөрөнгийг нийгэмчилье. Гурвуул авилгад гар тосохооргүй болтлоо цулайя гэж чих чихэндээ шивнэлдсэн юм байх.
Оросын хомхой олигархиудын далд хатгаасаар олон тэрбум доллар олох том төслөө түгжиж байгаад өөрсдөө баяжиж буй бүлэглэл нэг л биш ээ. Мега төслөөр хэдэн арван тэрбум доллар олохын дэргэд хоёр гурван өндөрлөг баяжих улсын хэмжээнд дусал төдий агаад зүдүү олны амьдралд нэмэр болсонгүй. Эрх мэдэл эд хөрөнгөөр хол тасарч бүр хаан болох мөрөөдөлтэй Х.Баттулгын дургүйг баян Оджаргал Нямтайшир хоёр хүргээд байсан бол сүүлдээ Сү.Батболд нэмэгдэж уурыг нь шатаав. “Хэн ч надаас илүү баяжих ёсгүй” гэж тэр бээр хөмсөг зангидаж хөмхий зууна. Харанхуй баатрын өөр нэг онцгой араншин гэвэл орос хулгайчдын өмнө өмдөндөө шээс алддаг атлаа гэмгүй нөхдөө хилсдүүлэхдээ чулуу шиг. Хар аминыхаа төлөө харц ардаа хоосолчихоод ханасангүй, өөрийнхөө нэрийг ерөнхийлөгчид дэвшүүлсэн намынхаа андуудыг араандаа зуусаар АН-аа хөнтөрч орхив. Ганзагачдын хаанчлал хэврэг үү бөх үү? Харъя! Тэд ардчиллын хараацай нараа шоронд хийж дөнгөсөн ч егзөр пости коммунистуудыг барсангүй. МАН-ыг шүтэгч хөлдүү масс уятахгүй, цөөрөхгүй бол дийлдэхгүй.
Эрсдэлээ үүрээд, өөрийн хөрөнгөөр баялаг бүтээгээд, мөрөөрөө өндийж яваа сортоотой хэсэг бэлжиж, дов жалгын атаа жөтөөг асаав. Хамар хашааны найз баяжихгүй бол би хоосорсондоо яахав гэх жөтөөгөөр анх ассан атаархал “хувийн компаниудын эзэд баяжаад үндэсний хөрөнгөтөн болчихгүй бол улс-эх орон дампуурсандаа яахав” гэж шат ахилаа. Атаа бол гавалд буцлах хорсол. Атаа жөтөө өөдгүй хүнд хүчтэй зэвсэг, ялзарсан засаглалд хаалтгүй карьер болдог аж. Төрийн өндөрлөгт атаа буцалбал хувийн өмч устах нигуртай юм байна.
Богино зайн монгол жөтөө хувийн хэвшилд эр бар ч орос олигариудад эрх хавсар. Монгол атаа жөтөө ерөөс тийм хэмжээтэй юм байх. Хаяа нийлсэн аварга хэрэглэгч-урд хөрш рүү төмөр замаар эрдэс баялгаа экспортлох гэсэн МСS-ийг ад үзсэн орос олигархиудад Баттулга бялдуучлахын ялдамд өөрөө дархлагдсан жолоодогч болохоор журмын нөхдөө намнаж, В.Путинд үнэлэгдэхээр мугуйдлав. Уг нь Баянхонгорын Оджаргалыг хорлох санаа Баянхонгорын Баттулгаас гарамгүй. Гэвч Баттулгад Оджаргалаас Путин ойр аж. Нутгархаг зан нүүдэлч амжиргаанаас ургасан тул малчдын ясанд шингэсэн гэдэг худал болтой. Тийм бол сайн л биз.
Танк их буу. Өмнөд хил рүүгээ 267 км уурхайн экспортын төмөр зам тавивал Монгол тусгаар тогтнолоо алдах онол Х.Баттулга Зам тээврийн сайд болмогц гаргаад үзэж тарав. Танк их буугаа галт тэрэгний цуваагаар ачаад орж ирэхэд л муу Монгол конец гэнэ. Ийм тэнэг онигоо Төрийн бодлого болоод, хүн ам дагаж намирсанд ичиж үхмээр. Баттулгад хууртсан маанаг ард олноо өрөвдөх ялдамд УИХ-ын 76-д уур хүрнэм. Баттулгын хорлонтой санааг хаах хүч УИХ-ын 76 мөн үү гэвэл мөн. Тэд өргөн царигийг алга ташиж дэмжсэн билээ. Хөгийн онигоо 10 гаруй жил манай руу урсах олон арван тэрбум доллар хаав.
Зүүнбаян, Гашуунсухайт хоёр чиглэлд өргөн цариг тавьснаар “танк их бууны аюул бодиттойг” Монголын төр дотоод гадаадад нотлов. Маш ашигтай нарийн цариг тавихад танк их буунаас өөр ямар ч саад гараагүй. Нарийн цариг тавьсан бол танк их буу ачиж ирээд эзлэх дайсан нь-БНХАУ гэдгийг УИХ дэлхийд зарласан улстөржилт болж таарав. Хэн хэндээ ашигтай, найрсаг харилцаа дээд түвшиндээ тохирсон БНХАУ-д монголчуудын энэ өөдгүй зан ямар санагддаг бол. Хятадууд тэвчээртэй ч тэвчээр барагддаг. Бидний мунхаглал нэг юманд хүргэнэ шүү бурхан минь. Хятад Орос шиг довтлохгүй. Хилээ хаачихад л бид хэцүүднэ. Орос үүнийг хүсэж байгаа.
Хятадын хилд тулгуу орших Өмнөговийн Таван толгой ордоос чанх хойшоо Сибирийн трассаар Восточный хүртэл 6000 км, Тувагийн Арцсууриас Шивээ хүрэн хүртэлх баруун босоо 1200 км, зүүн босоо мянга гаруй км, хэвтээ нь хэдэн мянга ч гэлээ-ийм гурван үлгэр ярьж Гашуун сухайтын 267 км-ээс бултаж, нүүрс зэс хүдрээ галт тэргээр экспортлохыг Х.Баттулга олон жил гацааснаар Монгол хоосров.
Өргөн нарийн цариг. Мангуу онигооны цаана муу нэрт монголчуудын өрөвдөм эмгэнэл оршдогийг бид өөрсдөө дэлхий дахинаас нуудаг. Танк их буу ачаад орж ирнэ гэх Х.Баттулгын онигоонд мань итгэж дөнгүүлсэн юм огт биш. Овор их чулуу шороо экспортлогч манайд дэлхийн стандарт нарийн цариг сэлгүүлэн ачих шаардлагагүй маш ашигтайг хэлчих сачий бидэнд байдаггүй юм. Энэ нь хэлмэгдлээс угшилтай эмгэг. Уурхайн мухар замыг ямар царигаар тавихыг УИХ шийдэж байхыг нээлттэй үлдээсэн ч Х.Баттулгын тулгалтаар ҮХЦ сэм хаачихаж. Нарийн царигтай бол өдөрт зуугаад вагоны нурмаг ачаа сэлгүүлэх чирэгдэлгүй асар их мөнгө цаг хэмнэхийг монголчууд мулгуу ч мэдэхтэйгээ.
Таван толгойн нүүрсээ төмөр замаар бүү тээвэрлэ гээд орос олигархиуд шивнэснийг Х.Баттулга мэтийн манай хүрэн бөөртүүд төрийн нууц гээд хав дардаг. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж томорч буй нь ийм учиртай. Архивт үлдэх баримтгүй орос ахын нууц аман тушаалыг задруулах зориггүйдээ “өргөн нарийн цариг” гэж маанаг монголчууд талцан маргаж буйгаар дотоод гадаадад ойлгуулж, ард түмнийхээ нүүрийг хулчгар Төр засаг нь хөөддөг гээд ойлгочих. Яг үнэндээ харанхуй бүдүүлгээрээ дуудуулдаг монголчууд өргөн нарийн цариг гэж мангартаагүй. “Царигийн маргаанд орос ах огт хамаагүй. Дүнхүү бид л хоорондоо маргаад төмөр замаа 10 жил тавьж чадсангүй” гэж өөртөө бурууг тохож, орос ахынхаа нэрийг цэвэрлэдэг юм чааваас.
Төмөр замаар аварга хэрэглэгчтэйгээ холбогдоод нүүрс хүдэр зэсээ саадгүй урсгах-бидний шийдэх манай ажил уг нь. Олон жил гацав. БНХАУ, Австралийн харилцаа хүйтэрсний хударгаар ОХУ нүүрсний экспортоо нэмж буйг бид шүүмжлэх эрхгүй-хөршийн асуудал. Гашуун сухайт руу эрдэс тээвэрлэх манай төмөр замыг гацаасан орос олигархиудыг сөрөх-харин манай хэрэг байв. Х.Баттулга “жа” хэмээн бөхөлзөж олон тэрбум доллароор эх орноо хорлож байхад дуугараагүй атлаа “Австралийн нүүрсний экспорт зогссон үед Орос манай нүүрсний экспортыг шахлаа” гэж гоншигнох зохимжгүй. Угаасан коксоо төмөр замаар 10 жил зөөсөн бол бид баяжсан. Үгүй ядаж ковидын үед нүүрсээ галт тэргээр саадгүй тээвэрлэж байгаа. Хөрөнгө оруулагчид манай ордуудыг төмөр замгүй гээд буцдаг.
Хөгжлөөс хоцорсон бидэнд хурд чухал. Төмөр замын гацаа хаанаас хэнээс анх үүссэнийг эргэн харъя: Элс дүүргэсэн гялгар уутны ёроолыг хадаасаар хатгачиж, цоорсон нүхнүүдээр элс асгарч буйг телевизээр харуулаад, төмөр зам Хятад руу тавивал манай баялаг ийм олон нүхээр гоожоод дуусна гэх Х.Баттулгын теле цувралаар гацаа эхэлсэн түүхтэй. З.Энхболд “төмөр зам хэрэггүй, нүүрсээ машинаар зөөвөл маш олон жолооч ажилтай болж Монголд илүү ашиг өгнө” гэж 10-аад жил зүтгэж санасандаа хүрсэн лидер. Түүнд хариу болгож Баабар “Нүүрсээ төмпөнгөөр зөөвөл бүр олон хүн ажилтай болох юм биш үү” гэж ёжилж байлаа. Аварга даацын 20-30 мянган самосвалиар олон жил онгон говио там болгож тээсэн нүүрснээсээ олсон орлогоос шатахуун, сэлбэг, зам засварт өм цөм залгиулдаг. Эрсдэх аюултай харгуйд жолоо мушгиж, нэмэх хасах 30 хэмд кабиндаа хагас бүтэн сараар амьдарч буй жолооч нарыг тоодоггүй. Хэд нь амиа алдсанд эмзэглэдэггүй. Энэ нүгэл бурхны номоор бол Х.Баттулга, З.Энхболд хоёрт үсрэх ёстой.
Нүүрсээ угааж экспортлоогүй нь бидний буруу бус манай түүхий нүүрсийг хямд авч-шулах хятад хорон санаа гэх суртал Х.Баттулга дэврээсэн. Хөршийнхөө дургүйг хүргэж өдөхийн оронд нүүрсээ өөрсдөө баяжуулаад хятад өмхий санааг ялаач. Дор дороо олз хайж шоргоолж шиг язганасан хятадуудад манай түүхий нүүрс хил давмагц бизнес бололгүй яахав. Нутагтаа нүүрс баяжуулсан хятадуудыг буруутгах шалтаг манай хоёрт баймгүй. Шинхуа айл хүний амь нэг хамтаръя гэдэг. Сумитомо саахалт хүний санаа нэг нүүрсийг чинь борлуулж өгье гэдэг. Ядуу биднийг дэмжье гэсэн чинээлэг хөршүүддээ багцаагаа мэдэхгүй пээдийгч хоёрт Хятад Японы тэвчээр барагдсан биз. Амиа хичээх шуналаар манай хоёр баяжаад буусан ч ард олны алдсаныг нөхөхөд хэдий анзааны хөрөнгө хугацаа орох бол.
Эрдэс түүхий эд шингээх ходоодоор дэлхийд нэгд эрэмбэлэгдэх манайдаа далайн гарц-аварга захын хажууд коксжих нүүрсээр энгүй Таван толгой орд маань азаар оршдог. 267 км төмөр замаа тавьсан бол машинаар тонныг нь 34 доллараар тээвэрлэдэг нүүрсээ галт тэргээр тонныг нь 8 доллараар, тонн нь 70 доллар дөнгөж хүрдэг нүүрс маань тонн нь 150 долларт хүрэхийг эдийн засагчид сануулсаар. Олон тэрбум доллар олох азхүү буурай Монголд нүүрлэснийг Х.Баттулга хаачихсан. Багахан хэсгээр нь бүх айлаа орон сууцаар хангаж утаанаас салах мөнгө гэнэ. Өөдлөх замыг минь хааж дөнгөсөн комбинаци ердөө танк их буу. Онигоо хуучраад араас нь Ханги, Тувагийн Арцсуурь-Сэхээ гэх үлгэр залгав.
Х.Баттулга нийгмийн эсэргүүцэлд шаагдаад 280 сая доллароор төмөр замын далан овоолов. Овоолсон далангаа хятадуудын манай төмөр замтай холбохоор бэлдсэн нүдэнд харагдах үзүүрээс 20 км албаар зөрүүлээд, бас болоогүй, овоолгынхоо төгсгөлийг 8-9 давхар байшин хэртэй зориуд өндөрлөөд орхисноо-уулзах цэгээ урд хөрштэй тохиролцож чадахгүй байна гэж өөрийн балгийг хөршдөө наах улстөр дэвэргэж, нүүрсний орос магнатуудад олон жил хожих боломж олгосон юм. Ерөнхийлөгчийн засаглалын төлөө Х.Баттулга улсаа ийнхүү хорлож, өөрөө Путин шиг насан турш ерөнхийлөгчөөр залрах гэснийг УИХ-ын 76 чагталж дөнгөсөн нь их юм шүү.
Таван толгой ордыг 200 жил экскаваторын шанагаар халбагадаад, 200 жил самосвалиар зөөхөд олборлолт тээвэрлэлтийн зардлаа нөхөөд, цаана нь асар их цэвэр ашиг унаснаар 200 жил хүн амаа ногдол ашгаар хахаах гэнэ З.Энхболд. (“Өдрийн сонин”). 200 байтугай 100 жил хүрэхгүй нүүрсийг маань шинжлэх ухаан үнс болгочих гээд байдаг. Тиймээс самосвал экскаватор бус цагийн зүүтэй уралдсан хурд, өндөр хүчин чадал бидэнд амин чухал. Үнэ хүрэх овор бага баяжуулсан нүүрс, ДЦС, төмөр зам мөрөөдөх нь богино хугацаанд ахиу ашиг олж, дав даруй дэд бүтэцтэй болох хэрэгцээ хөгжлөөс хоцорсон биднийг яаруулж байна. Гацаад буй төмөр замаар Таван толгойн нүүрснээс гадна зэсийн баяжмал, дорно өмнийн бүлэг ордуудын баялгийг ихээр хямд тээвэрлэж далайд гаргах боломж бүрдэх юм. Тиймээс оросууд онцгой ад үздэг зам.
Сонс. Би яагаад Хятадын үсрэнгүй хөгжлөөс ахиухан хүртье гэж үглээд байдаг хүн бэ гэвэл бидэнд хил залгаа ойрхон өөр ашигтай түнш заяасангүй. Тиймээс хаяа дэрлэсэн ганц аварга захад чулуу шороогоо чадлаараа шахаж, ахиухан зоос олж дэд бүтэц, “баялгийн сан”-тай болох гэсэн намайг ойлгооч. Хятад улс бидэнд маш ашигтай хөрш. Уусна гээд орлогынхоо амыг хаах тусам бид л улам хохирно. Уусах эрсдэлтэйг Хятадын нийтлэлчид зөвшөөрч бичдэг. Энэ үүднээс 3 сая бид визгүй, тэрбум гаруй тэд визтэй зорчихыг Монгол Хятад хоёр тохиролцсон байх. Манж-зүрчдийн Энх-Амгалан, Халхын Занабазар нарын үүсгэсэн аядуу харилцаа 200 жил яваад бөхсөн. Хоёр хааны унтарсан уламжлал ХХI зуунд сэргэсэн нь хөгжлөөс хоцорсон бидэнд нийцтэй тусав. Уусахгүй эвтэйхэн соёлтой харилцаад, дундыгаа дүүргэж, дутуугаа гүйцээх өгөгдөл хажууд заяажээ. Чулуу шороог маань худалдан авах өөр хөрш ойр хавьд алга.
Хоёр аварга гүрний завсар хавчигдсан байршлаа өөрчилж чадахгүйгээс хойш оногдсон-эрсдэлтэй жимээр хүссэн ч эс хүссэн ч сажилж л таарна. Нүүрлэсэн өгөгдлийг Ю.Цэдэнбалын үзэл суртлаар үргээчихгүй юмсан. Ашигт малтмалаар асар баян Орос маниас нүүрс хүдэр авахгүй. Арилжаа, хөрөнгө оруулалт хөгжил. Мөнгөтэй аваас бүтээн байгуулалт өрнөж амьдрал сайжирна. Мөнгө олохыг бодлогынхоо эхэнд тавих мөнгөний шунал бус жижиг улсын тулгамдсан хэрэгцээ болоод байна.
Аманд орох хоёр дахь бэлэн шар тос бол 60-70 сая малынхаа мах, арьс, яс, үсийг брэнд болговол эрэлт маш их. Бэлжих хоёр дахь баялаг энэ. Эрх баригчид үүнд мөнгө тоож хаясангүй. Мал өвчтэй. Эрүүлжүүлэхийг хичээсэн бол 10-20 жилийн тэртээгээс био комбинатдаа вакцин үйлдвэрлэж хүрэх дорвитой хөрөнгө эхний ээлжинд зоригтой оруулаад л бүтэх ажил. Хамтрах өндөр хөгжилтэй орон бэлэн. Сонгуульт 4 жилдээ үе үеийн эрх баригч-хоноцууд гадныхантай хуйвалдаж, хулхи вакцин үнэ хайргүй байнга импортолж, хувьдаа мөнгө унагахаа чухалчлаад малаас төсөвт орох асар их валютыг “миний халаасанд орох мөнгө биш” гээд ойшаасангүй.
Зүүнбаянгийн төмөр зам гялс бүтэв. Санхүүжилт нь төрийн нууц гэнэ?! Галт тэрэгний урт цуваагаар Таван толгойгоос нүүрсээ ачаад Зүүн баянд очно. Нүүрсээ Зүүн баянд зөөснөөр зорилго биелэхгүй. Эцсийн өгөөж-төмөр зам тавихад бус нүүрсээ худалдаж зоос олох! 807 тэрбумын шинэ төмөр замаар галт тэрэг өдөрт хэд ч сүнгэнэсэн ээрэм говьд түгжрэлгүй. Мунадаг амжилт, өнгөц харвал. Гэвч нүүрсээ Зүүнбаянд Шилийн богд шиг овоолоод ч ганц доллар олохгүй. Харин тээврийн зардлаар шатна. Үүнийг л хөндөх гэв. Сайншанд өртөөнд хүргэе. Сайншандад нүүрс мөнгө бус мөн л овоолог үүсэгнэ. Урагш Эрээн, хойш Наушки гэх хоёр гарц бий.
Сайншандаас нийслэл дундуураа нүүрс манарган Наушки хүрэхэд 1000 км. Цааш нурмаг нүүрсээ савируулж Сибирийн 5000 км трассыг мялаасаар Восточный боомт хүрнэ. Нийт 6 мянган км-т асгаж хөлдөөж хатааж шороожуулж очсон нүүрсний тээврийн зардал талийна. Нүүрсээ Солонгос Японд маш өндөр үнээр зарахгүй бол нөхөшгүй алдагдалд унана. Түүхий нүүрс авахгүй гэвэл солонгос япончуудыг У.Хүрэлсүх шанаадах уу? Х.Баттулга самбодвол сөрөөд жүдодох шазруун гарууд. Солонгос Япон нутагтаа түүхий нүүрс оруулах хоригтой ч манай гурван Өндрийн зөвлөмжөөс сүрдээд хуулиа зөрчинө гэж тооцож, энэ төсөлд өчнөөн хөрөнгө цацсан гэх үү? Үгүй! Энэ бол тооцоогүй ажил бус-Оросод долигоносон нялуурал. Түүхий нүүрс оруулахгүй хатуу хоригтой зах руу (очих буцахын 12000 км трассаар) холхиулах уу? (Буцахдаа хоосон шүү!). Хэдэн жил холхиулахыг Монгол мэдэхгүй Орос мэднэ. Тэнэг тээвэрт Монгол шатахаас Орос шатахгүй. Улсаа хорлогч хоёр тодорлоо гэхэд энэ мангуу төслийг Төр засгийн гишүүд цөм дэмжсэнд гайхаш тасрав. Ийм зам эхэлж тавьдаг мөрөн дээрх толгой манайх уу хүнийх үү. Суурь бүтцэд 280 сая доллар булчихсан, хил давмагц түүхий нүүрс авдаг хэрэглэгчтэй, 10 жил гацсан төмөр замын урдуур дайрсан төсөл.
Баттулгын дархлаа. Баттулга өөрт ашиггүй бялдуучилдаг гар бас ч гэж биш. Нүүрсний орос магнатуудтай хавсайдаж төмөр замаа олон жил гацааж, цавчсан мөнгөө Сингапурын оффшор бүсэд охиныхоо нэр дээр байршуулжээ. Түүний оффшор дахь хадгаламж 58 сая ам. доллар болохыг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг мэдээллээ. Таван толгойн коксыг хэрэглэгч рүү нь төмөр замаар зөөвөл доллар манай руу урсахыг хааж, орос олигархиудыг хожуулсны хариуд Х.Баттулгын дархлаа хүчжиж, Монголдоо л Путин болсон аж.
МоАХ-ны байрыг эзэмшигчээр 2015 онд Х.Баттулга бүртгүүлжээ. 2018 оны 6-р сарын 19-нд “Пирамид-Орд” ХХК “Буман залуус 296 айлын орон сууц барина” гэж Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, тус зээлийн барьцаанд МоАХ-ны байрыг тавьсан аж. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11-р сард дуусаж, 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсчээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шалгаж буй аж. Хөгжлийн банкнаас түүний авсан нийт зээлийн өр 142 тэрбум гэж мэдээлэгдэв.
Ухаахудаг-Гашуунсухайт төмөр замын төслийг Энержи Ресурс тендерээр аваад 2012 онд ашиглалтад оруулахаар шамдтал зогсоочихсон. Хувийн компани 60 сая доллароор шатсан мэдээ хэвлэлд үзэгдээд нам дарагдсаныг Монголд хэн ч тоогоогүй. Том хохирлын ёроол ийнхүү цөмрөв. 2012 оноос өдгөөг хүртэл 10 жил нүүрсээ галт тэргээр зөөсөн болоосой гэх миний харамслыг эсэргүүцэгч нар амаа хамхсан цагт л би бичихээ болих хүн болтой.
Байдгаа сэгсэрч эхлүүлсэн Зүүн баянгийн 415 км төмөр зам чинь бүтнэ. Харин нүүрсээ өндөр үнээр борлуулж мөнгө олохоо хойш тавьсан ээлжит арга саам байсан чинь хоног хоногоор тодорно. Ийм ил мангуу залиар дөнгөөд буй нь бидний лоймлынх. Өөр хэний ч буруу биш. Ард түмэн минь тэнэг духаа шаа. Би ч гэсэн юм ухаардаггүй маанаг духаа шаангаа энэ нийтлэлийг бичив. “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Таван толгой-Зүүнбаянгийн төмөр замыг улс төрийн өнцгөөр эдийн засгийн үр ашиггүй гэж иргэдэд буруу ойлголт өгч тайлбарладаг” гэжээ. (Өдрийн сонин. 2022-03-17). Шулуулдгаа ухаардаггүй маанагууд шулаачаа магтаж мөргөсөөр хувхайрах тавилантай. Хойд хөрш бидний урдуур нүүрсээ борлуулснаар хожих юм биз. Бяцхан Монгол гацсаар бахь байдаг зүдүү хэвээр шар нар бор хоног элээх аугаа Оросын хөгжилд хурд нэмнэ гэж үү? Жилд 3,4 тэрбум тн нүүрс хэрэглэдэг Хятадын мангас шиг ходоод Орос Монголын нүүрсийг залгиад Австрал Индонез зэрэг улсаас авч буй тул аугаа Орос ядуу Монголыг бизнесийн харгуйд дэгээдэж унагах нэрийн хор байгуушай.
Зүүнбаянгийн 415 км төмөр замд баясахын хамт энэ замаар тээвэрлэсэн нүүрснээсээ цэвэр ашиг хэдийг хүртэв гэх эцсийн үр дүн Монголд наалдах хөгжил. Үүнийг л хэлэх гэж нуршив. Юун түрүү суурь бүтцийг 280 сая доллароор овоолчихсон 267 км-ийг ЭТТ-н ашгаар түрүүлж тавьсан бол түүхий нүүрс авдаг хамгийн ойр хэрэглэгчдээ шууд хүрэхээс гадна ядаж ковидоор экспорт тасраагүй. Эх орныг минь хорлогч орос зэтгэрүүдтэй Х.Баттулга хэт сүжирсэн урвагч. Түүний давхар жаа улсаа хөгжүүлэх байтугай хоосолж орхив. Мэхт мэхэндээ гэдэг. Үйлдсэн лайгаа тэр эдлэх ёстой. Баттулга Таван толгойг нарийнаар ганц модтой гацаалгүй холбочихсон бол түүнд мөргөх сөн.
*Төгсгөл. Түрүүч нь “Найрамдал-дружба”-д. Оросын www.asiarussia.ru цахимд ингэж бичиж байв: “ОХУ эрчим хүчний салбарт дэлхийн тэргүүлэгч лидер болохыг эрмэлзэж байгаа... Орост нефть, хий, нүүрс, уран байна... Энэ жагсаалтын сүүлийн 2-т бичигдсэн эх үүсвэр буюу нүүрс, уран нь Монголд бий... Зөвхөн нүүрсээр л гэхэд Монгол ОХУ-ын нүүрсний экспортод садаа болно... ОХУ шинэлэг зах зээл буюу Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэлээ өөрчилсөн. Үүнд Хятад, Солонгос, Япон, Тайвань гэх улс багтана.
Путин В.Якунин, О.Дерипаска хоёрт бооцоо тавьжээ. Нэгд, төмөр замын асуудлыг шийдвэрлэх, хоёрт, нүүрсний магнат болох. Монголын талын түншээр Х.Баттулга гэгч улстөрчийг сонгон авлаа. Якунинд тавьсан Путины бооцоо нь Таван толгойн нүүрсний ордыг транс-монголын төмөр замтай холбох явдал байв. Учир нь УБТЗ-ын нийт хувьцааны талыг ОХУ эзэмшдгийн хувьд Таван толгойн ордыг ОХУ автоматаар хяналтандаа авах боломж олгож байна. Дерипаскагаар дамжуулсан тоглолт нь Таван толгойг оролцуулан Монгол дахь хамгийн их нөөцтэй нүүрсний ордуудыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн эзэмшихэд агуулагдаж байв.
Гэтэл монголчуудын тоглолт оросуудыг хожив. Тэд Таван толгойн хамгийн амтат хэсэг болох Ухаа худгийг “Энержи Ресурс” нэртэй Монголын компанид өгчихөв. Харин бусад хэсгүүдийг тасдаж гадаадын компаниудад өгөхөөр шийдвэр гаргалаа. Оросууд яаж ч гүйж хөөцөлдөөд, бүх чармайлт бүтэлгүйтэв. Гэтэл тэд хэнд ч юу ч өгөхөө болчихлоо. Энэ шийдвэр оросуудад нааштай болов.
Нүүрсээ галт тэргээр хил давуулах өдөртөө яараач. Галт тэргэний цуваагаар нүүрсээ хахтал экспортлох мөчөөс ашиг хүүдийлнэ. Тэр гайхамшигт өдрөө товлооч. Олзны ам нээгдэх тэр баярт өдөртөө яараач. Баруун зүүн босоо, хэвтээ чиглэл гэж 10-20 жил донгоссоноор аманд орж ирсэн 30-40 тэрбум долларыг хэлээрээ түлхчихсэн. Путин болон түүний олигархиуд манайхыг эрдэс баялгаа төмөр замаар экспортлохыг гацаачаад байхад дүнхүү монголчууд маанайгаад мэддэгүй. Хөршөө хөгжүүлдэггүй Орос гэх хардлага батлагдаж, бүр дайнд хүрээд байхад шүү.
Оросын сайт юу гэж байсныг сануулъя: “Энержи Ресурс”-ийн монгол залуус Якунин Дерипаска нарын хөзрийг үхүүлж орхив. Тэд төмөр зам барих төсөлдөө хөрөнгө босгожээ. ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр зам уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрөх билээ. Энэ зам хэрэгжвэл ОХУ-ын нүүрсний төслүүдийг нураана. Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтаа яаралтай зогсоох тушаал өгсөн билээ. В.Якунины боловсруулсан “1520-ийн цариг” нэртэй комбинацад Монгол улсыг ч оруулсан. Монгол улс Путины онцгой анхааралд өртсөн орон” гэж Оросын www.asiarussia.ru цахим сайт бяралхаж байв.
Гашуун сухайтын төмөр замаа Хятадын замтай уулзуулахгүй гэж хорь гаруй км зөрүүлж, холбохгүй гэж суурь бүтцийнхээ төгсгөлийг 8-9 давхар байшин шиг өндөрлөх зэргээр 10 гаруй жил гацаасны эцэст хоосорч, өрөнд унаж, холбохоос аргагүйд шаагдахад орос тушаал гүйцэтгэгч чухал хүмүүс Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замаас ээлжит булталтаараа бултаж, Таван толгой-Зүүнбаянгийн төмөр замыг 2022 оны 07-р сарын 20-нд дуусгахаар мугуйдлав. Зүүнбаянд нүүрс валют болохгүй шүү дээ. Зүүнбаянгийн 416, Хангийн 230 км-ийг ухнатах хугацаанд Гашуун сухайтаа аль эрт хөдөлгөөд нүүрсээ ковидын үед ханатал экспортлох байв. Малтмалын үнэ хадсан мөчлөгт төмөр замгүйгээс болж цар тахлын хорио цээрт улсаараа сөхөрч туйлдахад Засгийн газар дахь чухал хүмүүст зэвүү яасан их хүрнэм бэ.
Чухал хүмүүс нүүрсээ галт тэрэгний олон вагон-чингэлгээр экспортолж, орос ахаа хилэгнүүлэхгүй гэж бялдуучилдаг бөгөөд олон төмөр зам ярьж цувчуулах хугацаанд иргэд ядуурсаар. Гашуун сухайтын замыг Зүүнбаянгийнхаас өмнө ашиглалтад оруулсан бол цар тахлын үеэс өдийг хүртэл нүүрс хүдэр зэсээ саадгүй экспортолж буй. Ийм олдошгүй завшаанаараа манай томчууд орос ахаа зуйрдаг жишээнүүд дээр Ханги бас нэмэгдэв. Магадгүй Хангиар орос нүүрс урагш гарч эхлэхэд манайхан машины очер, ковидоор маргаж, чингэлэг терминалаар попорсон шигээ бахь байдгаараа заваарч суух вийвий.
“Оросын төмөр замууд” НХН-ийн орлогч С.Павлов Хангийн боомтыг нээхэд яарч манай муусайн сайд, элчин нарт дээрэлхэж, “РЖД”-гийн ерөнхий захирал О.Белозеров болон тэр ч бүү хэл В.Путины нэрийг барьж сүрдүүлэх нь аймаар. Оросууд манай нүүрс хүдрийг Гашуун Сухайтаар гаргахгүй, зөвхөн Хангиар экспортол гэж дарамтлаад буй нь хувь нийлүүлсэн УБ төмөр замаар гагцхүү тээвэрлэж, олсон ашгаа хуваах шунал юм. Оросууд хамтрагчаа өчүүхэн ч боддоггүй. Шулсан дээрээ шулах гэдэг увайгүй ховдог зангаараа бусдаас гойд. Нугаршгүй хатуу харгис. Монгол бие даасан төмөр замтай болж, түүгээрээ хаяа нийлсэн мөнгөжүү агаад мангас шиг ходоодтой Хятадад түүхий эдээ экспортлохыг ОХУ хэзээ ч зөвшөөрөхгүй-тийм аугаа хүчирхэг хөрш ажээ.
Оросын малтмал Хятад руу Хангиар урсаж ханасны дараа Гашуун сухайтын төмөр замаар манай нүүрс экспортлогдоно гэж горьдох уу? Хөршөө сэхээдэггүй орос зан тэр цагт нугарах уу. Тувагийн Арцсуурь-өмнөговийн Шивээ хүрэнгийн 1300 км төмөр замыг дуусгаж байж манайх Гашуун сухайтаар нүүрсээ төмөр замаар экспортлохыг хүлээх-Орос Монголын харилцаанд баримталж ирсэн найрамдал-дружба. Монгол нүүрсээ галт тэрэгний урт цуваагаар экспортолж эхлэх өдрөөс Монгол мөнгөжиж, манай хөгжил хурдаа авах юм.
Эгдүүцэм нь: манай төр засаг нүүрсээ төмөр замаар экспортолж эхлэх жил, өдрөө огт товлодоггүй юм. Би чих тавиад суугаа өвгөн. Үр өгөөжийг ная гарсан зөнөг хүртэхгүй ч хойч үеэ мөд хүртээсэй гэж яарна. Энүүхэндээ зовлонгоо ханцуй дотроо сэм шивнэхэд нүүрсээ төмөр замаар бүү экспортол гэх битүү хатуу шахалт дийлдэшгүй. Төр засаг орос дарамтад сөхөрч хэвтээ босоо тэнхлэг гэж олон жил дүйвээлэв. Үл бүтэх сүржин төслүүд манай хуучнаа хүсэгчдэд коммунизм шиг л сонсогддог байлгүй. Тэд орос гацааг Монголд чөлөөтэй туйлахыг үнэн зүрхнээсээ бялдуучлан уухайлж, эх орныхоо эдийн засгийг хорлодог новшнууд юм.
Эрдэс баялгийн үнэ цойлсон мөчлөгийг ашиглахсан. Гашуун сухайтын 267 км төмөр замаа барьж дуусаад Хятадын төмөр зам руу сэлгүүлэн ачих мөч ирмэгц манай төр засаг нүүрсээ галт тэргээр хил давуулах-олон жил хүссэн мөрөөдлөө орхичихоод, Тувагийн Арцсуурь-Шивээ хүрэнгийн баруун босоо гэх 1300 км төмөр зам, Эрээнцав-Бичигт гэх 1000 гаруй км зүүн босоо гэж хадуурав. Нийлээд 3000 шахам км баруун зүүн босоогоо ашиглалтад оруулсны дараа Ганц мод-Гашуун сухайтаар (өргөн нарийн цариг нохойн амаар арай гэж золгосон) төмөр замаараа нүүрсээ хил давуулах болтой.
Яагаад чулуу шороогоо заавал машинаар зөөх гэж мунгинаад байдаг улс вэ гэж сонирхтол манай жолоодогчид В.Путины тойрон хүрээлэгч-нүүрс эрчим хүчний магнатуудад төмсөгдүүлчихсэн юм гэнэ. Төмсөгдсөн орос олигархиуд яадгийг үзээгүй, харин хонины сүүлнээс үмхсэн чоно тас хазаж байж л зайлдгийг бишгүй харсан. Төмсөг-сүүлнээс дутуугүй чухал, нандин, эмзэг эрхтэн болохыг эрчүүд андахгүй. За тэр яахав нүүрсээ төмөр замаар экспортлох өдрийг үзээд үхэх юмсан. Унан байж морио, ханилан байж нөхрөө тань гэх ардын минь сургаалыг ямар ч ган бат найрамдал орлохгүйг мэдээд авбал ХХI зууны олз.
Цар тахлын хорио цээрт орлогогүй гуриатав. Хил дээр жолооч нар ковидын шинжилгээнд олноороо бүдэрнэ. Төмөр замын гацаа ял нэхэв. Гэвч гацаагчид бууж өгсөнгүй. 280 сая доллароор далангийн шороо овоолсон Гашуун сухайт руу бус, тэр ч бүү хэл нүүрс худалдан авагч Хятад руу ч бус, хэвтээ тэнхлэгийн 416 км өргөн төмөр замыг ТЭЗҮ-гүй, гео судалгаагүй Зүүнбаян руу зүтгүүлэв. Санхүүжилт нь төрийн нууц гэж байгаа. Сийрэгхэн жаалж буй биз. “Бид бие дааж төмөр зам тавив” гэж харанхуй массаа малласнаар рейтенгээ өсгөв.
Гашуун сухайтаар гармагц валютад шууд хувирдаг нүүрсээ Зүүнбаянд галт тэргээр зөөж овоолох-ерөнхийлөгч Баттулгын эх орондоо үлдээх хар Уул юм гэнэ. Тэр нүүрсэн ууланд татвар төлөгчдийн хэдэн төгрөг шингэх бол. Овор их-нурмаг экспортоо хямд агаад ихээр тээвэрлэхгүй гэсэн тангарагтай мэт төмөр замаа заавал хойшлуулж, эдийн засгаа хорлодогт гайхаш барагдаж гүйцлээ. Мега төслүүд 10 жил, 20 жил, бүр 60 жил гацав. “Цаг хугацаа асар их өгөгдөл болох”-ыг ойлголгүй Шри Ланкын араас орох вий дээ. Нам уриалаад, масс уухайлсаар нүүрлээд ирсэн хөгжлөө үргээчих юутай харамсалтай вэ.
Өргөн цариг тавихыг ямар түвшинд хэн шийдэв? Мэдээж УИХ. Зүүнбаян Гашуунсухайт гэх хоёр чиглэлийн хоёуланд наанаа Женкогийн, цаанаа орос олигархиудын зангаагаар өргөн цариг тавиад дууссан нь УИХ тэдний өмнө гөлөг болохоо харууллаа. Монгол Төр энэ шийдлээрээ “танк их бууны аюул бодиттой” гэж гадаад дотоодод нотлов. Заавал өргөнийг тавих шалтгаан-танк их буунаас өөр юу ч байхгүй юм чинь дэлхий дахин тэгж ойлгохоос өөр яах билээ. Тусгаар тогтнолоо алдахгүйн тулд сэлгүүлэн ачихад-цуваа бүрээс алдах хохирлоо төр засаг нулимав.
Дэлхийн стандарт-нарийн цариг тавивал хятадууд танк их буугаа ачиж ирээд эзэлчихнэ гэж чухал хүмүүс сүржигнэдэг. Тэдний энэ хийрхэлд хэн хэнийхээ сонгосон замналыг хүндэтгэж, адилхан хожихоор дээд түвшиндээ тохирсон хөрш БНХАУ тоож эмзэглэдэгггүй. Зуун жилийн орос ухуулгад тархи нь гэмтчихсэн монголчуудыг хятадууд нэвт оншилдог тул ХХI зууны хөгжлийн нөлөөнд сэтгэхүйн олдмол гэмгэг нь яваандаа илааршинэ гэж хүлээдэг биз-нэг хэсэгтээ.
Өнөөдөр өргөн ч гэлээ төмөр зам 10 гаруй жил баарсаар яаж ийгээд Гашуун сухайт хүрчээ. Айлын замтай холбосноор санасандаа хүрнэ. Холбоход бүх хүчээ хуу төвлөрүүлээд хэдхэн хоногт хийчих. Нүүрсээ галт тэрэгний урт урт цуваагаар сая сая тонн экспортолж валют хүүдийл. Маниусын ингэж баяжихыг л оросууд тэвчихгүй гацаадаг. Өргөн царигаас нарийн руу сэлгүүлэх гэж бид хэдэн зуун саяа үрнэ. Гоё дөнгөсөн байгаа биз. Манайхан одоо холбох цэгээ тохиролцоно гэж аргацаахдаа-гацаа БНХАУ-аас үүсээд буй мэт ойлголт ард түмэндээ төрүүлэхийг битүүхэн хичээх бөгөөд ард түмэн нь ч дуун дээр тэгж эргүүтнэ. Ингэснээр орос магнатууд ядмаг хөршөө мөнгөгүй байлгах далд санаагаа биелүүлж, экспортоо өсгөх хугацаа хожно. Орос олигархиуд гацаахдаа мануустаа л эр бар. Зовхи нь өөдөө үндэстнийг бол тэд яаж ч чадахгүй. Унхиагүй монголчуудаа, зовхио сөхөөд эргэн тойрноо тольдооч.
ЗОХИОЛЧ Ц.ДОРЖГОТОВ

Address

Bayangol Duureg
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Сошиал мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын Сошиал мэдээ:

Videos

Share