05/01/2025
Эмүжин: Гар хоосон.
Гурван том мөрөөдөлтэй охин байлаа. Супер Уаз-469 авч унах юмсан, хэрэгцээ тулсан үед өөрийн гэсэн буутай байхсан, цав цагаан даашинзтай, ув улаан хацартай Цасан охин болохсон. Бидний мэддэг хамгийн супер машин л тэр байжээ, хожим япон унаатай болж мөрөөдлөө биелүүлсэн. Цэцэрлэгт байхдаа Цасан охин болсон. Харин нөгөөх аминд тулж, аргаа барсан үед өөрийн гэсэн буутай байхсан гэдэг мөрөөдөл минь төрийн бодлогоор түмпэн шанага төдий болоод үлдсэн дээ. Яагаад ч юм монгол хүн зэвсэглэчих вий, зэвсэгтээ эзэн болчих вий гэдэг айдас нь бодлого болон хэрэгжиж, Галт зэвсгийн тухай хуульдаа сүүлийн 30 жил сүүлийг нь тайрсан өөрчлөлтүүдийг маш олон удаа, шат дараатайгаар хийсэн дээ. Буутай байх юм бол тусгай төмөр шүүгээнд, хаа байсан Толгойт энэ тэрд аваачиж цоожлуулаад, хөдөө явах үедээ очиж бүртгүүлээд, учир шалтгаанаа тоочоод авна ч гэх шиг инээдтэй дүрэм их зохиосон. Эхэндээ цөс ихт залуус нь заргалдаад, цөн түрдэг охид нь эсэргүүцдэг л байлаа, сүүлдээ байж л байх ёстой хууль мэт үг дуугүй дассан. Одоо бүр зэвсгийн төрлийн зүйлд тусгай үнэмлэх ч өгөхөө байсан. Хөдөөний айлаас бүртгэлгүй зэвсэг гараад ирвэл бүр тэгээд улсын эсэргүү, төрийн дайсан гэж байгаа юм. За олон жилийн дараах үр дүн нь юу болов? Монгол залууст эр зоригийн хүмүүжил дутмаг, ямар ч төрлийн зэвсэгтэй харьцах чадвар нийтээрээ байхгүй, зүгээр номхон хонь, ноолгор муужгай болсон. Хэл амнаас өөр зэвсэг үлдээгүй гэсэн үг. Хэлээ сайтар дасгалжуулаад, амаа айхтар ангайгаад л сууж байхаас өөр гарцгүй. Одоо тэгээд хонь малаа чоно нохой, ирвэс баавгайд алдахаараа буян хийлээ, өглөг өргөл өглөө гээд өөвийгөөд, өврөө тэмтрээд залбирч суудаг болсон. Чоно нь сүрэглэж хүн рүү дайраад, ирвэс нь идшээ хотны захад зооглоод байж байдаг болсон. Золбин ноход нь сүрэглээд хүн барьсан, хүүхэд ноцсон хэрэг ч гарсан. Уг нь буудаад унагаахгүй ч дарийн утаа гэж нэг даамай хамгаалалт бий. Ямартаа улаан гараараа хээрийн боохойтой үзэлцээд, угтуулаад ганжиндаж байдаг юм. Монгол хүний өмч хөрөнгө зохих хэмжээгээр нэмэгдээд байдаг, түүнийгээ хамгаалах буу зэвсэг, бүүр бодлого ч байхгүй. Ингээд миний эмийн сайн эм хүн чамирхаж явмаар, өөрийн гэсэн хагас автомат буутай байхсан гэдэг мөрөөдөл биелээгүй юм даа. Монгол залуус Манжийн үеийнх шиг ташуураас өөр зэвсэггүй болсон. Гурваас дээш хүн цугларвал жагсаал гээд тараана, гунан буу машинаас гараад ирвэл гурайтсан гэмт хэрэгтэн. Гар хоосон, гавал хоосон болгох харийн санаа биелж харцны гал бөхөж, сүүлтэй чононд 100-гаар нь хонио, сүүлгүй чононд уул уулаар нь газраа тавьж туудаг болсон. Буу яаж цэнэглэж, дайз сумыг нь давхилт дундаа яаж солихыг мэдэхгүй, хараад цочдог, хазайгаад унгас алддаг залуус олон болсон. Үндэстний бодлого гэдэг юманд ихээ олон үндсэн учир шалтгаан багтдаг л юм даа, уууг нь!