31/08/2022
ОХУ-ын Алс Дорнодод есдүгээр сарын 1-7 өдрүүдэд “Восток-2022” олон улсын цэргийн хамтарсан стратегийн сургуулилт зохион байгуулагдана.
Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалахын чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү олон улсын цэргийн хамтарсан стратегийн сургуулилтад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнууд оролцдог.
Гэвч ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлж, БНХАУ Тайваний хоолой орчимд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хугацаагүй цэргийн сургуулилт зарлаад байгаа үед энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байна.
Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалах яам даваа гаригт “Восток-2022” цэргийн хамтарсан сургуулилтад оролцох Монгол Улс болон БНХАУ-ын бүрэлдэхүүн тус улсын Приморийн хязгаарт хүрэлцэн ирсэн талаар мэдээллээ.
Монгол Улс болон БНХАУ нь “Восток” олон улсын цэргийн хамтарсан сургуулилтад нэгдсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гадуурх анхны орнууд юм. Ажиглагчид уг хамтарсан сургуулилтыг ОХУ болон БНХАУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллаагааны чухал хэсэг гэж үздэг.
Сибирийн бүс нутагт дөрвөн жилийн өмнө зохион байгуулагдсан "Восток-2018" цэргийн хамтарсан сургуулилтад нийт 300 мянга гаруй цэрэг 36 мянган танк, хуягт машин, мянга гаруй нисэх онгоц оролцсон. Энэ нь сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд болсон хамгийн том цэргийн сургуулилт болж байв.
ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Валерий Герасимовын удирдлага доор зохион байгуулагдах энэ удаагийн хамтарсан сургуулилтад 14 орны 50 мянга гаруй цэрэг, таван мянга гаруй зэвсэг, техник, 140 нисэх онгоц, 60 байлдааны хөлөг онгоц оролцох юм. Хуурай явган цэрэг, агаарын цэргийн сургуулилт Оросын Зүүн цэргийн тойргийн Бурдуны, Горячие Ключи, Князе-Волконский, Лагунное, Сергеевский, Телемба, Успеновскийн бэлтгэлийн талбайд зохион байгуулагдана. Харин Охотскийн тэнгис болон Японы тэнгис, тэнгисийн эрэг орчмын бүс нутагт тэнгисийн цэргийн сургуулилт явагдана.
ОХУ-ын Батлан хамгаалах яам “Восток-2022” олон улсын цэргийн хамтарсан стратегийн сургуулилтыг өнгөрсөн сард зарласан бөгөөд Украины дайнаас үл хамааран төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгааг онцолсон. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Фомин уг цэргийн сургуулилт нь аливааа тодорхой улс орон, цэргийн эвслийн эсрэг чиглээгүй бөгөөд зөвхөн оролцогч орнуудын батлан хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэх, зэвсэгт хүчнийг чадавхжуулах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах зорилготой гэж мэдээлсэн.
Эх сурвалж: TASS, Aljazeera