24/08/2022
Munkhbayasgalan bayasgalan
Баян айлын хэдэн бацаанд зориулсан боловсролын салбар!!!
Боловсролын сайд Л. Энх-Амгалан 21 их дээд сургуулийг хаах шийдвэр гаргаснаас 13- ыг нам хааж бусдыг нь улсын өмчлөлтэй их дээд сургуулиудад нэгтгэхээр болов. Тэр уг шийдвэрээ танилцуулахдаа “надад алга ташуулах шаардлага байхгүй” хэмээн мэдэгдлээ. Тиймээ, танд алга таших хүн байхгүй. Учир нь та жинхэнэ эрдэмтэн судлаач, доктор, профессоруудын үүсгэн байгуулсан хэдэн сургуулийг л хааж дөнгөв. Уг нь тэдгээр эрдэмтэн багш нар аль 1995 оноос хойш өөрсдийн үүсгэн байгуулсан сургуулиа олигархуудын хээнцэр сургуулиудтай өрсөлдүүлэх гэж хал үзэж яваа үндэсний сэхээтнүүд билээ. Тэд таны хувьд дээрэлхэж болмоор харагдах нь зүй. Учир нь та бол Монголын газрын баялгаар цойлж баяжсан олгирахи 30 гэр бүлийн төлөөлөл юм. Та бол хамгийн явуургүй улс төр бизнес дамнасан бүлэглэлийн томилгоогоор Боловсролын сайд болсон хүн. Эрхэм гишүүн Л.Энх- Амгалан та Боловсролын сайдаар ажиллаад хоёр жил боллоо. Дорвитой яг ямар алхам хийж Монголын боловсролыг хэдэн шатаар ахиулсан бэ гэж асуувал “Ковидтой байсан хоёр жил” хэмээн хариулах биз... Монголын боловсролыг уруудан доройтуулах кампанит ажил бүтэн 30 жил эрчээ авч байхад гадны хөрөнгө оруулалттай , олигархи эзэнтэй, дэлхийн алдартай их дээд сургуулиудаас ч өндөр төлбөртэй сургуулиудын аархлын эсрэг ямар бодлого гаргав. Яагаад өнөөдөр монгол хүүхдүүд эх хэлээрээ эхлэн суралцахгүй, дунд боловсрол эзэмшихдээ төрлөх хэлээ мэдэхгүй төгсч байна вэ. Монголын боловсролын систем дампуурсан нь үнэн. Яагаад... та бүхэн өөрсдийн сурч байсан, төлөвшсөн тэр л үеэрээ, тэр л “мангар ” аргаараа боловсролыг дүгнэн цэгнэдэг болоод тэр. Яруу найрагч Р.Чойномын “өөрийнхөө тархины хэмжээгээр хутгаж авсан” –аа өрөөл бусдын үр хүүхдэд төгс боловсрол хэмээн тулгадаг учраас энэ. Эцэг эх нь төрөөс хулгайлсан мөнгөөрөө үр хүүхдээ өндөр үнэтэй дунд сургуульд сургаад, төрлөх хэлээрээ ч ярьж чадахгүй тэднийгээ төрийн тэтгэлэгт хамруулан гадаад руу явуулдаг. Эх хэлээ сурах нь бүү хэл эцэг эхийгээ хулгай хийж амьдардгийг ч мэдэхгүй тэд баруунд очоод хар тамхи мансууруулах бодисонд донтдог нь нууц биш. Тэд л анх Монгол руу хар тамхи мансууруулах бодис зөөсөн нь ч хатуу үнэн. Монголын төлөө гэсэн өчүүхэн ч сэтгэл үгүй баян айлын хэдэн бацаан буцаж ирээд өнөөдөр төрд шургалчихаад монголчуудыг хэрхэн шулж мөлжиж байгааг бид харж байна. Тэд эхнээсээ УИХ- ын гишүүн, сайд, банкны дэд ерөнхийлөгч болчихоод даналзаж буй. Яагаад дэлхийд нэртэй сургууль төгссөн болгон нь эргэж ирээд эх орноосоо хулгай хийдэг юм бэ. Тэнд хулгайч мэргэжлээр төгсгөдөг гэж үү. Үгүй ээ, энэ бол Л.Энх-Амгалан сайдын удирдлаганд байгаа манай боловсролын систем хэрхэн дампуурсны тод жишээ. Уг нь Монголын дээд боловсрол хөгжиж гэмээнэ бид нүүрс биш боловсрол экспортлох учиртай. Бид газар шороогоо ухаж биш залуусынхаа оюун тархийг “ухаж” хөгжих ёстой. Монголыг зорин ирж сурч байгаа гадны оюутнуудын тархинд Монголын соёл, түүх, монгол бахархалыг, тусгаар тогтнолынхоо үнэ цэнээ бид хадаж өгөх үүрэгтэй биш үү. Үүгээрээ ч бид үндэсний зөөлөн хүчний бодлогоо тодорхойлох ёстой юм. Гэтэл манай боловсролын сайд хамгийн түрүүнд хааж боохыг л яаравчлав. Хаагдсан сургуулиуд дотор Утга зохиолын ажилтан бэлтгэдэг сургууль орсон нь нэн харамсалтай. Яагаад та нар монголчуудаас түүх утга зохиолыг нь булаан авдаг юм бэ. Боловсролын сайд Л.Энх-Амгалан та бас Монголын Үндэсний их сургууль гэдэг сургуулийн нэрийг булаалдсаар хоёр жил өнгөрлөө. Танд нэр булаалдахаас өөр ажил байна уу. МҮИС гэдэг брэнд нэрийг бий болтол хүчин зүтгэж буй багш эрдэмтдийн хөдөлмөрийг яагаад бодохгүй байна вэ. Монголдоо арай дөнгүүр хөгжиж боловсролын салбартаа өсөн дээшилж байгаа болгонтой ач тач үзэлцэж хааж боож, нэр хүндийг нь булаан авах нь зөв биш ээ . Таны баяжиж, УИХ- д гарч ирэх үндэс суурийг тавьсан “MCS” хэмээх том компанийн нэрийг хураана гэвэл яах вэ. Та Өвөрмонголын Үндэсний их сургуулийн нэрийг хурааж авахад яах бол гэж бодож үзсэн үү. Монголын хүн ам эрүүл байвал Эрүүл мэндийн яамныхан амсхийдэг, ургац тариа арвин байж ган зуд болохгүй бол Хүнс хөдөө аж ахуйн яам хүний нүүр харж чаддаг бол Монголын боловсрол доройтох тусам Боловсролын яам баярлаад байгаа юм шиг санагдах юм. Үндэсний хэдэн эрдэмтэн сэхээтнүүдийнхээ байгуулсан, хөгжүүлэх гэж хүчин зүтгэж яваа сургуулиудыг хааснаар Монголын боловсролын салбар хөгжих юм уу. Л.Энх-Амгалан ч яахав хэдэн алга ташилт авах юм байгаа биз. Таниас өмнө Боловсролын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр гэж сайд байлаа. Машины хамар, бөгсөнд наадаг УБЗ тэмдэгтэй улсын дугаарыг хураан авч борчуудад тараан өгснөөрөө од болж байв. Гэвч энэ ажил мөн үү. Бидний амьдралд тийм үнэтэй зүйл үү. Үүнийг л жинхэнэ попролт гэдэг юм даа. Попорч элийрч, хааж, боож суухаар монгол хүний тархинд жинхэнэ монгол боловсрол суулгаж нүүрс биш боловсрол экспортлох арга замыг хайж олно уу Л.Энх-Амгалан сайд аа.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан