10/10/2024
Нийслэл хүрээний ганган хүүхнүүдийн тухай өгүүлсүй
Зовлонт амьдралыг туулж гарсан хүрээ хүүхэн Лхамсүрэн
Монгол улсын түүхэнд “Жонон ван” гэж алдаршсан хуучин цаг төрийн том зүтгэлтэн Эрдэнэ жонон ван Цэрэндоржийн Ширнэндамдин гучаад оны их хэлмэгдүүлэлтэд өртсөн халуун эх орончдын нэг хэдий ч 1931 онд хилс хэргээр цаазлуулжээ. Энэ явдлаас хойш нэг жилийн дараа түүний хүү Содномвандадыг хилсээр баривчлан Шар хадны энгэрт буудан хороожээ. “Жонон ван” Ширнэндамдингийн хатан Сандуй нь тухайн цаг үедээ гоо үзэсгэлэнгээрээ шагшигдаж явсан аргагүй сайхан хүүхэн байж. Улс төрийн товчооны гишүүн Сономын Лувсан гуайн гэргий Байманханд Эрдэнэ жонон ван Ширнэндамдингийн ач охин юмсанж. Байманханд гуайн ээж нь Хүрээний сайхан хүүхэн Лхамсүрэн. Эднийхэн ер нь удам дамжсан сайхан хүүхнүүд бөгөөд Байманханд гуай тавь, жараад оны сайхан хүүхэн гэдгээрээ алдартай. Түүний охин “Талын цуурай” киноны эрэлхэг Борын дүрийг бүтээсэн жүжигчин Л.Тунгалаг билээ. Би бээр 2011 оны хавар жүжигчин Л.Тунгалагтай уулзаж Сандуй хатан болон Хүрээний сайхан хүүхэн Лхамсүрэн нарын талаар ярилцсан юм. Тэр өгүүлэхдээ “…Бидний элэнц эмэг, Сандуй хатныг 1876 онд төрсөн гэцгээдэг юм билээ. Тэрбээр бүсгүй хүний заяа увидас, гоёмсог, чамин шинж төрхийг гүйцэд илтгэсэн эмэгтэй байлаа. Сандуй хатан тормойсон хорголжин хар, давхараатай нүдтэй, урт сайхан гэзэгтэй, хамрынхаа ойролцоо ялимгүй сэвхтэй, нам зөөлөн дуутай, хянуур нямбай, намбалаг төрх араншинтай, ухаалаг эмэгтэй байсан гэлцдэг. 18 настайдаа “Жонон ван” Ширнэндамдингийн хатан болж, энгэсэг тавьжээ. Сандуй хатан үйлэнд их уран хүн байж. Дээл хувцасаа зонхилж өөрөө исгэж оёно. Юманд хээ угалз гарган шаглаж урлахдаа нэн чадмаг, өнгөний хослолыг сайн тааруулж олдог байж. Түүний урласан хөөрөгний сав, хантааз, дээлийг хүн бүр шохоорхон харж, нүдээ хужирладаг, бас магтдаг байсан гэдэг. Олондоо Сандуй хатан нэртэй, орсон гарсан гийчинд ундтай, устай олны дунд баяртай хөөртэй хатагтай явжээ. Гэтэл 1931 оны 10-р сарын 31-ний өдөр эр нөхрийг нь баривчилсанаар сэтгэлээрээ түүнтэй хамт шоронд орж, биеэрээ тамд унасан байна. Нөхрийг нь цаазалж, хашаа байшин, мал хөрөнгийг нь бүрэн хураасны дараа түүний хүү Содномвандад, бидний эмэг эх Лхамсүрэн нар Сандуй хатанд дөрвөн ханатай гэр барьж өгчээ. Энэ гэрт, энэ хатны гар дээр би таван нас хүртлээ бойжиж өссөн юм. Дээр тэнгэр хол, доор газар хатуу болсон тэр үед дэргэд нь нялх ч гэсэн амьд амьтан бөртийж байх нь түүний сэтгэлийн уй гашууг хөнгөлж, саатуулах боломж гарчээ. Чухамдаа бол хайраа шингээж, бусдаас харамлах нэгэн амьд бурхантай буюу нөхрийнхөө сүнстэй учирлаа гэж ярьдаг байсан гэж миний эх надад хуучилдагсан. Намайг юм юмнаас жигтэйхэн хармалдаг байж л дээ. Миний эхийг үг хэлэхээр “Энэ чинь та нарт огт хамаагүй, танай тойрогт төрөөгүй хүн, манайхны, миний нөхрийн сүнс” гээд хавьтуулдаггүй байсан гэдэг. Намайг багад “Яасан хөөрхөн охин бэ” гэж олон хүн шохоорхдог байж л дээ. Тиймээс эмээ маань арц умалгаж цагаан хэл амыг нь зайлуулдаг байж. Намайг бүүвэйлдэг ор гэж бас тусдаа. Гэртээ жижиг ширмэн зуухтай, хаалгандаа жижиг шилэн цонхтой. Хоёр тийшээ харсан хос цорготой данх байсныг би санадаг юм. Нэг цоргоноос нь сүүтэй цай, нөгөө цоргоноос нь буцалсан ус гоождог байж билээ. Энэ данх Жонон вангийн эдэлж хэрэглэж байсан зүйл гэж эмээ надад хожим хэлсэн юм. Хайрт нөхрөө алдчихаад үсээ үтрээн газар самардан үлдэж ертөнц тэр чигээрээ харанхуйлах шиг болсон ч эмээ маань амьдралд сөхөрсөнгүй. Охин Байманханд, хүү Цэвээнноров хоёр нь элгийг нь дэвтээж төдий зэрэгт хүргэсэн байдаг. Эмээ маань хэзээний үйлэнд уран, ажилсаг гавшгай, сэтгэлийн хаттай байсан учраас өглөөнөөс үдэш орой хүртэл борви бохисхийлгүй хөдөлмөрлөж, хувцас хунар, малгай бээлий зэргийг хийж олсон мөнгөөрөө гэр бараатай, идэх хоол, өмсөх хувцастай болжээ. Эмээ маань “Цогт тайж” киноны Дулмаагийн малгайг оёж бүтээсэн гэдэг. Тэгээд жанжин Сүхбаатарын хүү Галсантай гэр бүл болж, есөн жил ханилжээ. Лхамсүрэн эмээ маань энэ мэт амьдралыг туулахдаа хэдэн судар номын дайтай түүх, элдэв зүйлийг мэдэх жинхэнэ “амьд түүхч, аман түүхч” байсан ч хэн ч энэ талаар нь асууж шалгаалгүй, судлалгүй өнгөрсөн нь харамсалтай. Эмээ маань тэгш гоолиг нуруутай, чийрэг бие бялдартай, давхараагүй боловч цоглог нүдтэй, шулуун, үзүүр нь дээшээ өргөгдсөн сэртэн хамартай, өргөвтөр духтай, нуман хэлбэрийн хөмсөгтэй, нимгэвтэр уруултай, том тэгшхэн цагаан шүдтэй, цайвар шаргал царайтай, богино эрүүтэй, өтгөн хонгордуу үстэй, зууван тэнэгэр нүдтэй, тэгшхэн мөртэй цомцон хумстай, тэгшхэн гоё хуруутай, бэлхүүс нарийн, сөөнгөдүү нам хоолойтой, талибуун харцтай эмэгтэй байв. Намбалаг төрх араншин нь энэ хүний гол шинж мөн. Гаслант амьдралын зовлон дундуур аянга шиг зүсэж гарсан баатарлаг эмэгтэй. Эхлээд хадам аавыг нь, дараа нь ханилсан ханийг нь, бас төрсөн эцгийг нь хууль бусаар, гагцхүү ангич үзлээр хувьсгалын дайсанд тооцож амийг нь хороосон тэр их түгшүүрт амьдралд норж, дэвтэж ядарч зүдэрч явахдаа миний эмээ амьдралд итгэх итгэлээ гээгээгүй үлдэж чадсан хүн. Чухамдаа нуруу бөгтийдөг бол бөгтийхөөр зовлон үүрч, нулимс дуусдаг бол дуусахаар хагацал амсаж, ухаан муутай, тэвчээргүй хүн солиорч болох тийм амьдралыг туулсан хүн” гэж өгүүлж билээ.
(Жич: Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Дондогдулам хатны эгч Дэндэвдулам, Жинжий Бадам, “Уяхан” Тамжид, “Дунд голын ногоо” дууны эзэн Дашцэдэн, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, Маа бээсийн Дулмаа, “Маршал”-ын Дэвээ, Пагмадулам, Ардын жүжигчин Ичинхорлоо, “Барон” Дашзэвэгийн эхнэр “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор нарын хорь гаруй хүүхний түүх энд багтсангүй)
Тэмдэглэсэн Б.Ойдов