11/10/2024
Маш их хэрэгтэй мэдээлэл байна шүү энд 👇🏻
Бөөр ба бусад эрхтний харилцан холбоо
Уламжлалт анагаах ухаанаар хүний биеийн эрхтэн бүр бие биетэйгээ харилцан хамааралтай, хамтдаа оршдог гэж үздэг.
Бөөр ба элэг
Эх хүү дайсан махбодын онолоор элэг бол бөөрний хүү махбодтой эрхтэн юм. Бөөр биеийн дотоод усан оргилуур адил элэг цөсний шарын халууныг дарна. Бөөр муудвал элэгний гал ихэсдэг буюу элэг өвчлөнө. Бөөр болоод бамбай булчирхай, бамбай булчирхайнаас гарах гормон, бөөрний дээд булчирхайн ажиллагаа цусны эргэлтэд нөлөөлнө.
Бөөр ба ходоод
Эх хүү дайсан махбодын онолоор бөөрний дайсан махбодтой эрхтэн нь ходоод гэж үзнэ. Бөөр өвчилбөл дагаад ходоодны галын илч доройтож, хоолны шингэц муудан, хаван үүсдэг. Эсрэгээрээ ходоодны нөхөр махбодтой эрхтэн нь бөөр гэж үзнэ. Мөн л ходоод муудахад дагаад бөөр өвдөнө гэсэн үг. Тийм учраас энэ хоёр нь хоорондоо салшгүй нягт уялдаа холбоотой бөгөөд эмчилгээ хийхдээ хоёр эрхтнийг хоёуланг нь барьж эмчилдэг.
Бөөр ба яс
Ясны үүсэлтийг бөөр хариуцдаг бөөрний гадагш цухуйх яс нь шүд гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс шүд сайтай хүний бөөр сайн байдаг. Биеийн долоон тунгалгийн охь шим болсон дуслын тунгалаг бөөрөнд очиж, ясны тамирыг төлжүүлдэг. Шүд сулрах, яс сийрэгжих нь бөөрний өвчлөлөөс үүдэлтэй.
Бөөр ба давсаг
Хоёулаа усан махбодтой тул сав эрхтэн хоорондоо цагаан судлаар холбогддог. Давсаг нь бөөрний дагуул сав эрхтэн гэж явна. Тиймээс бөөр өвдөхөд давсаг дагаад өвддөг.
Бөөр ба нүдний холбоо
Бөөрний дотоод толь нь нүд, гадаад толь нь чих. Бөөрний архаг хүйтэнд чих шуугина, сонсгол муудна, бадгантай хавсарсан үед чихний дэлбээ цахлайтаж хогжруутна. Нүд цэлхийсэн ус гүйлэгнэсэн, дээд доод зовхи цэлхийн нүдний цагаан бүрхүүл нь сүүн цагаан өнгөтэй болно.
Эмчилгээ : Ер нь УАУ-н онолоор бөөрний өвчинд хүйтэнг голлож засдаг буюу бүлээн чанартай эмчилгээг хийдэг. Эмчилгээний гол зарчим идээ унд, явдал мөр, эм, засал гэсэн 4 арга дээр үндэслэн хийгддэг.
Идээ унд : Бүлээн шимтэй хонины мах, тарваганы мах, адууны мах, сарлагийн шар тос, бурам, архи, бөөрөн шош, тод ногоон өнгийн ногоонууд, сүү сүүн бүтээгдэхүүн зэргийг хэтрүүлэхгүй тохируулан хэрэглэх хэрэгтэй хамгийн гол нь ходоодны галын илчийг дарахаар их хэмжээнд идэж болохгүй. Хүйтэн, сэрүүн, царцуу, хоносон, илжирсэн, иссэн, даршилсан хоол унд зэргээс татгалзах хэрэгтэй.
Явдал мөр : Аль болох даарч болохгүй. Дулаан хувцаслаж, хөлөрсөн чийгтсэн хувцсыг даруй сольж занших. Амьдарч буй орчин, гэр орон мөн адил дулаан байх хэрэгтэй. Нуруу бүсэлхийгээр амьтны арьсан бүслүүр, дулаан бүслүүр зүүж хэвших. Чийгтэй, нойтон, хүйтэн, их устай газар удаан суух, ажиллаж болохгүй. Хүнд хүчир ажил, морь унах, доргилт чичиргээнтэй газар суух, үсэрч цовхчих, ноцолдох, барилдах зэрэг үйлийг хийж болохгүй.
Эм: Эмэнд мөн бүлээн чанартай халуун ургамалууд орсон ходоодны галын илчийг сэлбэх, бөөрний тамирыг тэтгэх, тунгалаг цөвийн боловсруулалтыг сайжруулах эмнүүдийг голчлон сонгон өгдөг. Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан буюу Аюурведийн анагаах ухааны жор найрлагаар бүтсэн Цистон эм нь бөөрний тамирыг сайжруулах, бөөрний архаг үрэвсэл, бактерийн эсрэг үйлдэлтэй цэвэр ургамалын найрлагатай эм юм.
Засал: Засалд ихэвчлэн бүлээн чанартай эмчилгээ буюу төөнүүр, халуун бүлээн жин, дэвтээлэг зэргийг хийхээс гадна шаардлагатай бол халуун хатгуур, зүү , хануур эмчилгээг авч болдог. Мөн аарцаг нурууны бариа заслаар нурууны гажгаас үүдэлтэй бөөрний судас дарагдсан, булчин чангарсан байдлыг оношлож, барьж засал хийснээр бөөр ууц нуруугаар чилж өвдөх, бөөртэй холбоотой шинж тэмдгүүд засрах эмчилгээний онцлогтой байдаг.