23/03/2022
О.Пүрэв: Би гурван удаа ажлаас халагдаж байж л
Түүхч болсон намтартай
Бөө, угсаатны зүй болон нийслэл Улаанбаатар, жанжин Д.Сүхбаатарыг судлан, түүхэн газар зүйг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй Отгоны Пүрэв хэмээх энэ буурлыг монголчууд маань андахгүй. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэнийх нь дараахан түүнтэй уулзаж ярилцсан юм.
Сургуулиа хаясны горыг харин ч сайн амссан даа
-Юуны өмнө энэ хүндтэй шагналыг хүртсэнд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. Оны босгон дээр улсынхаа Ерөнхийлөгчөөс энэ эрхэм шагналыг гардан авсандаа үнэхээр баяртай байна. Би өөрийн хийсэн бүтээснээ харж, баярлаж бахархаж явдаг хүн. Мөн түүхч хэмээх энэ сайхан мэргэжлийг эзэмшсэнээрээ маш их бахархдаг. Сайхан мэргэжил, хийсэн бүтээсэн бүхэн маань л надад энэ хүндтэй шагналыг авчирлаа. Гэхдээ өгөөжөө хайрласан энэ мэргэжлийг эзэмших гэж би нэлээд “гүрийсэн” юм шүү. Гурван ч ажлаас халагдсаны эцэст түүхч болсон хүн дээ.
-Гурван удаа халагдсан гэнэ ээ. Яагаад?
-Би Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт 1931 онд төрсөн. Бага насаа туйлын ядуу өнгөрүүлсэн дээ. Гурван настай байхдаа нутгийнхаа Гэндэн гэх гэр бүлтэй ламынд үрчлэгдсэн ч лам маань тун удалгүй нас эцэслэсэн. Аавыг өнгөрөхөд ээж Отгон маань надаас гадна таван өргөмөл хүүхэдтэй үлдсэн. Таван өргөмөл хүүхэдтэй, 57 настай байсан хэрнээ дахиад гуравхан настай намайг өргөж авдаг бөх зүрхтэй хүн байж шүү. Гурван ах маань өнгөрч, хоёр нь амьдралаа бодон одсон. Харин ээж бид хоёр орон гэргүй, мал хөрөнгөгүй үлдэж, айл айлаар хэсүүчлэн амьдардаг байлаа. Долдугаар ангиасаа аймгийн төв Мөрөнд дунд сургуульд орж дотуур байранд амьдардаг байв. Харин хөөрхий ээж минь айлаар хэсүүчилж хүүхдийг нь харан, ойр зуурын ажлыг нь хийн амиа аргацаадаг байсан. Ингэж явсаар би есдүгээр ангид ордог юм байна. Хязгаар нутаг их хоцрогдсон байсан болоод ч тэр үү хүүхдүүд 10 настайдаа сургуульд орвол их азтайд тооцогддог үе. Нас 20 шахчихсан дэндүү омголон явсан болохоор сургуулиас гарч, бусдын адил эхнэр аван жирийн амьдралаар амьдрахыг хүсдэг байлаа. Тиймдээ ч намайг сургуулиас гаргаач гэж ээжээсээ гуйх болсон. Чинээлэг айлын хүүхдүүд бүгд сургуулиас гарчихсан. Харин бидэн шиг ядуу айлын хүүхдүүд сургуулиас гараад хариулах мал байх биш үргэлжлүүлэн сурсаар л байв. Ямар сайндаа л ээж маань “Хүүгээ гаргаж авмаар л байна. Даанч өргөдөл бичиж өгөх хүн алга” гэж байхав дээ. Эцэст нь саваагүй хүсэлдээ автагдсаар сургуулиа хаяж, нэг жил тэнэсэн. Үүнийхээ горыг ч харин сайн амссан даа.
-Энэ нэг жилийн хугацаанд яаж шүү явав?
-Сургуулиа хаячихаад сумын гар үйлдвэрийн газарт манаач хийлээ. Залуу хүн болохоор нойрондоо дийлдээд шөнө унтчихна. Унтаж байгаад хоёр ч удаа буугаа алдчихсан. Ийм хүн чинь яаж ажилдаа тэнцэх вэ дээ. Хоёр сар болоод л халагдсан.
Дараа нь сумын улаан булангийн эрхлэгч хийсэн. 1951 онд сумандаа анх удаа ёолк гэгчийг зохион байгуулж явлаа. Тэгтэл соёл урлагийн ажил муу байна гээд халагдчихдаг юм байна.
Эцэст нь сумын мал эмнэлэгт асрагч боллоо. Химийн шинжлэх ухаан, ялангуяа эмийн талаар ямар ч мэдлэггүй болохоор хөглөнө өө. Тугал нь чацга алдаад байна гэсээр нэг хүн ирлээ. Эмчийнхээ зааж өгсөн газраас нэг эм авч өгөөд л явуулчихлаа. Гэтэл нөгөө эмийг уугаад тугал нь үхчихлээ гэсээр эзэн нь ирж, эмч бид хоёр сумын захиргаанд дуудагддаг юм байна. Гэтэл эмч маань гэдэсний эм хийсэн газраа андуураад хлорын шохой хийсэн савыг надад заагаад өгчихсөн байж л дээ. Хлорын шохой идсэн тугал үхэлгүй яахав дээ. Ингээд эмч маань хатуу донгодуулж, би ажлаасаа халагдлаа. Гурав дахь удаагаа ажлаасаа халагдаж байгаа минь энэ. Ганцхан жилийн дотор шүү дээ. Үеийнхнийгээ хартал дийлэнх нь сургуулиа төгсөөд дээд боловсрол эзэмшихээр хот уруу явцгаачихаж. Гутарч байна гэж жигтэйхэн. Сургуулиа төгссөн бол өдийд… гэж ихэд гэмшсэн дээ. Дэмий л өөртөө “Чамайг хэн сургуулиас гаргалаа. Өөрөө л гарсан. Ядуу, бас гурван ч ажлаас халагдаад өдий насалчихсан хэрнээ амьдралаа ч авч явж чадахгүй түмний шившиг болж явдаг” гэж өөрийгөө зэмлэж байлаа.
-Тэгээд яаж яваад түүхч болсон хэрэг вэ?
-Хойтон зун нь Их Хурлын сонгууль болсон юм л даа. Манай багийн дарга, ахлах ухуулагч аль аль нь бичиг үсэг мэдэхгүй. Би бичиг хэргийн бүх асуудлыг нь хариуцдаг нэргүй “зарц” нь байлаа. Тэр үед манай зэргэлдээ сумын тойрогт ИХ-ын депутатад нэр дэвшсэн Д.Майдар гэдэг том эрдэмтэн, Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний комиссын дарга хүн манай суманд ирдэг юм байна. Тэгээд миний хийсэн ханын самбар, ухуулах сурталчилгаануудыг хараад надаас сургуульд сурдаг эсэх, цаашид сурвал ямар мэргэжилтэй болохыг маань асуулаа. Би ч үнэнээ хэлэхээс айгаад “Дөнгөж хоёрдугаар анги л төгссөн. Мэддэгээрээ багш, эмч болохыг хүсдэг гэж хэлсэн. Гэтэл тэр хот орж үзсэн үү, замын зардал олдох уу, амьдрал ямар вэ? гэж их л өөриймсөг асуухад нь уярсандаа уйлж гарсан.
Түүнээс хойш Багшийн сургуульд орохоор хатуу шийдэж, яаж ийж байгаад замын зардал олоод аймгийн төвд иртэл захирал маань тааралдаад сургуульдаа аваачиж 10 дугаар ангид оруулчихдаг юм байна. Ингээд л 1952 онд дунд сургуулиа дүүргэсэн дээ.
-Тэгээд хүсч байсан сургуульдаа орсон уу?
-Хөөцөлдөж байж хүссэн сургуулийнхаа түүхийн ангид орсон. Түүхч болохыг багаасаа хүсдэг байсан л даа. Үүнд түүхийн багш Лхүндэв их нөлөөлсөн.
-Сургуулиа төгсөөд хаана ажилласан бэ. Судалгаа шинжилгээнийхээ ажлыг хэзээнээс эхлэв?
-Төгсөөд нутагтаа очиж олон жил түүхийн багш хийсэн.
-Халагдчихалгүй олон жил ажилласныг бодоход та сайн багш байжээ?
-/инээв/. Харин тийм ээ. 1961 онд Монголын багш нарын гуравдугаар их хуралд төлөөлөгчөөр уригдаж, сайн багш гэгдэж, Ардын боловсролын тэргүүний ажилтан болж байлаа. Тэгэхээр яаж халагдах вэ дээ.
Харин дараа жил нь хотод суурьшиж, Гэгээрлийн яаманд Хэвлэлийн редакторын ажлыг дөрвөн жил хийсэн. Түүнчлэн Намын түүхийн институтэд Эрдэм шинжилгээний ажилтнаар орж, 23 жил ажиллаад 1991 онд тэтгэвэртээ гарсан даа.
Цаг хэцүү байсан тул бөө нарыг нууцаар судалдаг байв
-Игэхэд анх судалгааны ямар ажлаа хийж эхэлсэн бэ?
-Хөдөө багшилж байх үедээ бөө судалж эхэлсэн. Тэр үед чинь цаг хэцүү байлаа шүү дээ. Нам, засгаас зөвшөөрөхгүй болохоор судалгаагаа нууцаар хийдэг байсан. Би Монголын бөө судлалын талаар ном бүтээл гаргасан гурав дахь хүн нь байгаа юм.
Надаас өмнө Буриадын эрдэмтэн Дорж Банзаров гэдэг хүн “Монгол бөөгийн шашин ба харын шүтлэг” гэдэг анхны бүтээлийг хэвлүүлсэн. Дараа нь доктор, академич Ч.Далай “Монголын бөө мөргөлийн товч түүх” номоо гаргасан. Харин би “Монгол бөөгийн шашин”, “Монгол бөөгийн шашны нэр томьёоны тайлбар толь” зэрэг номоо хэвлүүлсэн. Эдгээр ном маань англи хэлээр бас хэвлэгдсэн.
-Таныг Олон улсын бөө судлалын хурал дээр маш сонирхолтой илтгэл тавьсан гэж сонссон юм байна. Энэ талаараа ярихгүй юу?
-“Монголын нууц товчоо”-Монголын бөөгийн шашны хөлгөн судар мөн” гэсэн илтгэл тавьж байлаа. 1240 онд зохиогдсон “Монголын нууц товчоо” бол зан үйлээсээ авахуулаад тэр чигээрээ бөөгийн шашны үзэл бодол нэвт шингэсэн зохиол. Эзэн Чингис хаан ч бөөгийн шашинтай хүн байсан шүү дээ.
-Энд тэнд дэлхийн бөө нарын цугларалт боллоо гэх юм. Та ийм цугларалтад оролцож, сонирхож байв уу?
-Огтхон ч үгүй. Бөө нар цуглаад байдаггүй, ер нь тэдэнд цугларч байсан түүх ч байхгүй. Манайд Монгол бөөгийн “Асар”, “Голомт” зэрэг төв байдаг л даа. Гэхдээ би эдгээр төвд шүүмжлэлтэй ханддаг.
-Тэгэхээр таны бодлоор бөө нар төвтэй байж болохгүй гэсэн үг үү?
-Тийм. Энэ бол байж болшгүй зүйл. Харин Монгол бөө судлалын төв бол байж болно. Би энэ төвийн захирал нь. Харин гүйцэтгэх захирал нь доктор С.Дулам байгаа юм.
-Бөө нарыг тэнгэрээс заяат хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тэд үнэхээр бусдаас өөр байж чаддаг уу?
-Хэн ч батлаагүй зүйл. Бөө удам дамждаг нь үнэн. Удамгүй бөө нар ч байдаг. Хүнд тус болж өөрийгөө таниулж байвал сайн л биз дээ.
-Сүүлийн үед бөө нар олшроод байх шиг?
-Зарим нэг нь ч хоосон хэлбэрдсэн л хүн байх шиг байна. Бөөгийн шашин газар нутагтайгаа үндсээрээ холбогдсон байдаг учраас хүмүүс сүүлийн үед лам уруу бус харин бөөд очдог болоод байна шүү дээ. Миний хувьд алдчихсан юмыг олоод өгчихдөг, өвчин зовлонг хэлээд бас дээр нь эмчилчихдэг болохоор нь бөө нарыг их сонирхдог байсан. Сонирхол маань улам бүр лавширсаар судалж эхэлсэн л дээ.
-Танай нутаг бөө олонтой шүү дээ. Ингэхэд Хөвсгөлийн бөө гэж онцолдгийн учир нь юундаа байна вэ?
-Намайг хүүхэд байхаас л Хөвсгөлд бөө олон байсан. Бага байхдаа бөөгийн тараасан хишгээс хүртэх гэж их л чармайдаг байлаа. Хөвсгөлд бусад газрыг бодвол харын бөө олон байдаг. Бөөгийн шашин гэдэг чинь тусдаа гүн ухаан, сургаальтай шашин. Харын бөө нар зөвхөн энэ л сургаалиар явдаг. Харин шарын бөө нар бол шарын шашинтай үзэл бодол нь холилдчихсон байдаг. Хөвсгөлийн бөө нарын онцлог нь шарын шашинтай нийлээд байдаггүй.
-Хөвсгөлд шарын шашны сүм хийд бараг байдаггүй биз дээ?
-Манай сүмд л гэхэд 1991 оноос хойш сүм, хийд байгуулах гээд барахгүй байна шүү дээ. Ард түмэн нь хүлээж авахгүй, бөөгөө л шүтээд байхад аргагүй ч юм даа. Ер нь Хөвсгөл нуураас хойшхи сумдад сүм хийд бараг байхгүй шүү.
Жанжин Сүхбаатар өвөрмонгол хүн үү
-Удахгүй жанжин Сүхбаатарын мэндэлсний 112 жилийн ой тохиох гэж байна. Ингэхэд та хэзээнээс түүний амьдрал, түүхэн замналыг судалж эхэлсэн бэ?
-1962 оноос хойш судалж байна. Манайхан Сүхбаатарын мэндэлсэн он, сарыг нь зөв тодорхойлсон хэрнээ өдрийг нь буруу тэмдэглээд байх юм.
-Тэгэхээр жанжин маань хоёрдугаар сарын хоёронд төрөөгүй гэсэн үг үү?
-Миний судалж тогтоосноор бол хоёрдугаар сарын 17-нд төрсөн байгаа юм. Жанжин Сүхбаатар Амгаланбаатарт төрж, Алтан-Өлгийд нойрссон хүн. Амьдралынхаа эхний өдрөөс эцсийн өдөр хүртэл нийслэлдээ байсан. Тиймээс Сүхбаатар судлал бол нийслэл судлал гэсэн үг л дээ.
-Сүхбаатарыг халимаг хүн байсан гэж саяхан нэг сонинд бичсэн байсан?
-Түүнийг буриад, халимаг, халх гээд л янз бүрээр ярьдаг. Үнэн хэрэг дээрээ эдгээрийн аль нь ч биш.
-Тэгвэл таны бодлоор тэр ямар овогтон, ястан болж байна аа?
-Гарал үүслийг нь сайн хөөвөл өвөрмонгол хүн байж болзошгүй. Түүний өвөг дээдсийн түүхийг нэлээд судаллаа. Сүхбаатарын эцэг Дамдин, Дамдингийн эцэг Төгөө, Төгөөгийн эцэг Элбэг, Элбэгийн эцэг Төгс, Төгсийн эцэг Алтангэрэл гэдэг хүн байжээ. Харин Алтангэрэлийн эцэг нь Өвөрмонголын Үзэмчний зүүн хошуунаас гаралтай, 1770-аад оны үед амьдарч байсан хүн байдаг юм байна. Сүхбаатар хайс овогтон хүн шүү дээ. Гэтэл Монголд ийм овогтон огт олддоггүй. Харин Үзэмчин хошуунд урьд өмнө нь ч, одоо ч ийм овгийн хүн байдаг юм билээ. Хэдийгээр яг нотлогдоогүй, зарлаагүй байгаа ч би ийм дүгнэлтэд хүрсэн.
-Сүүлийн үед монголчууд түүний гавьяаг үгүйсгэж, тэр ч бүү хэл гавьяагүй хүн гэж ярьж, бичих боллоо?
-Энэ байж болшгүй асуудал л даа. Сүхбаатар хийдгээ хийчихсэн, Чингис хааны дараа орох гавьяатай хүн шүү дээ.
-Бүр Сүхбаатарын талбай дахь түүний хөшөөг буулган оронд нь Чингис хааны хөшөөг залъя гэх болов?
-Би мэдээж үүний эсрэг байгаа. Энэ хөшөөг босгосон түүх нь их сонин юм шүү дээ. 1921 оны долдугаар сарын наймны өдөр есөн цагийн үед яг энэ хөшөөг барьсан газар жанжны морь шээсэн байгаа юм. Монголчууд морь шээсэн газрыг дээдэлж ирсэн түүхтэй. Морийг нь шээхийг харсан нэгэн цэрэг яг тэр газарт нь гадас шааж орхисон юм билээ. Харин 1946 оны хоёрдугаар сард маршал Чойбалсан гадас шаасан яг тэр газарт нь их жанжны хөшөөг бариулах тушаал гаргасан гэдэг.
-Талбай дээр түүний өөр нэг хөшөө байсан гэл үү?
-1931 онд барьсан босоо хэлбэртэй хөшөө байсан юм. Морьтой хөшөөг барьснаас жилийн дараа БХЯ-ны үүдэнд зөөж аваачсан. Одоо ч тэндээ байгаа.
-Тэгэхээр жилийн турш талбай дээр нэг хүний хоёр хөшөө байсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Морьтой, морьгүй хоёр янзын хөшөө. Нөгөө хөшөө нь морьтой хөшөөнөөс бага зэрэг зүүн хойно байрладаг байсан юм. Энэ хөшөөг Померонцав гэдэг орос хүн барьж байсан.
Монголчууд маань Монголоо алдчихаагүй л юм бол түүхэн гавьяат энэ хүний хөшөөгөөр оролдож болмооргүй л санагдах юм.
-Тэгвэл таны бодлоор Эзэн Чингисийн хөшөөг хаана байрлуулбал тохиромжтой юм бол?
-Төрийн ордонд байрлах бунхны оронд эзэн Чингисийн хөшөөг босговол тохиромжтой гэж үзэж байна. Сайд дарга нарт ч би энэ саналаа хэлсэн. Монгол төрийг байгуулсан учраас төрийнхөө ордны урд талд хөшөөг нь байлуулбал зүгээр шүү дээ. Тэгээд их хааныхаа хөшөөний өмнө морио унан, гараа өргөсөн жанжны хөшөө байх нь тохиромжтой. Энэ нь “Таны байгуулсан Монгол Улсын тусгаар тогтнолыг бид сэргээлээ” гэж тайлагнаж байгаа далд утгатай юм л даа. Хоёулаа Монголын түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүс шүү дээ. Ер нь монголчууд нийслэлийнхээ төвд хүний булш хадгалж байсан түүх байхгүй. Бунханд байгаа бүх булшийг Алтан-Өлгийд аваачих хэрэгтэй. Хэдийгээр байгуулсан гавьяатай ч хүндэтгэлийнхээ хувьд төрийнхөө ордонд булш байлгаж болохгүй шүү дээ.
“Дархадын түүх”-ээ заавал дуусгана
-Та түрүүнд Сүхбаатар судлал бол нийслэлийн түүхтэй салшгүй холбоотой гэж ярьсан. Ингэхэд нийслэлийн түүхийг хэзээнээс судалж эхлэв?
-Хотод ажиллахаар ирсэн үеэсээ л нийслэл, Сүхбаатар, угсаатан болон түүхэн газарзүйг сонирхон судалж байна. Ялангуяа тэтгэвэрт гарснаасаа хойш улам бүр лавшруулан судаллаа.
-Эдгээрээс алийг нь илүү сонирхон судалдаг вэ?
-Түүхэн газарзүйг нь юм уу даа. Ерөнхийлөгч маань ч гавьяатын өргөмжлөл дээр минь хамгийн түрүүнд түүхэн газарзүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж гэж тодорхойлсон байсан. Түүх болж өнгөрсөн үеийн газарзүйг судалдаг, түүхийн мэдээллийн үндсийг түүхэн газарзүй гэдэг юм шүү дээ. Миний хувьд 40-өөд жил түүхэн газарзүйг судаллаа. Энэхүү судалгааныхаа ажилд түшиглэн “20-р зууны эхэн үеийн Монгол Улс” гэсэн газрын зураг, ном бүтээлээ. Энэ бүтээлээрээ өнгөрөгч 2003 онд Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
-Энэ хугацаанд та хэчнээн газрын зураг зохиосон бэ?
-90-ээд зураг бий.
-Тэгвэл хэчнээн ном, бүтээл хэвлүүлсэн бол?
-Бүх төрлийн судалгааныхаа дагуу 10-аад ном, 300-гаад өгүүлэл нийтлүүлжээ.
-Ингэхэд хэчнээн шавьтай болоод байна вэ?
-Тоогоо алдсан байх аа. Тоолж үзээгүй юм байна. Судалгаа шинжилгээ хийж буй бүхий л салбарт шавь нар маань байдаг. Нэр дурьдвал Ж.Гэрэлбадрах, Сүхбаатар, Цэцэгцолмон гээд доктор, магистр олон сайн шавь бий.
-Та яг одоо ямар судалгаа, шинжилгээний ажил хийж байна вэ?
-Угсаатны зүйн судалгааныхаа дагуу “Дархадын түүх” нэртэй номоо бичиж байна. Миний тооцоолсноор 2006 онд дуусчих байх. Би л амьд мэнд байж байвал тэр шүү дээ /инээв/. Ямар ч байсан “Дархадын түүх”-ээ заавал дуусгана.
-Ингэхэд танд чөлөөт цаг гарах юм уу?
-Чөлөөт цаг гэсэн ойлголт надад огт байдаггүй л дээ.
Бидний яриа ийн өндөрлөсөн юм. Нас өндөр болсон хэдий ч хийж бүтээх хүсэл зориг нь дундраагүй энэ бууралтай ярилцаж суухад хүндлэн бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Намайг гэрээс нь гарахад тэрбээр ганц минут ч алдахгүй гэсэн мэт номоор дүүрэн ажлынхаа өрөөнд “Дархадын нутаг” бүтээлээ дэлгэсэн ширээндээ суун ажлаа үргэлжлүүлэхээр үлдсэн юм.
-Ярилцсан Сарангэрэл “Монголын мэдээ” 2005.01.05 лхагва. №002/1521/
copy