09/12/2022
Монголчуудаа!
Нэг хүнийг тахин шүтмээргүй байна!
Нэг хүнийг газар доор ортол нь муулж шүүмжилмээргүй байна!
Арай л хэтэрхий аливаа зүйлийн муу сайн, зөв буруу гэх хоёр туйл руу хэт туйлшраад байх шиг. Уг нь хүн бүр л өөрсдийгөө “төгс хүн гэж байхгүй, ямар доллар биш хэн бүхэнд таалагдах албатай юу” гэхчилэн ярьцгаадаг. Гэсэн атлаа бусдаас айхтар шаардаад, өөрсдийнхөө таалах болон зөв гэж бодож буй үйлдлийг хийхийг тулгаад байх юм.
Сүүлийн өдрүүд ихэнх хүмүүс Лодой, Өнөрөө гэх сэтгэлчүүдийг яг хэрэгтэй цаг үед ард түмнээ төлөөлж дуугарсангүй, улс төрчдийн хөл гар, худалдагдсан гээд дайрч байна. Жишээ нь гэхэд л яг энэ жагсаал цуглааны үеэр #Улаанбал нэвтрүүлгээрээ УИХ-ын гишүүн Ч.Ундрам тай ярилцлага хийсэн байв. Энэ үйлдлийг нь youtuber-ээс эхлүүлээд нийтээр шүүн цагаа олсон дугаар мөн үү, төлбөр аваад бөгс бөөрнийхөө хэрүүлийг тайлбарлуулаад сууж байх гэж, түүний оронд өнөөдөр чиний хийх ёстой ажил чинь талбай дээр жагсаж байгаа ард иргэдийнхээ дуу хоолойг үнэн зөвөөр бусдад дамжуулах, төлөөлөх байсан гэх мэтчилэн шуугиад байх юм.
Уучлаарай Монголд өөр сэтгүүлчид байхаа больчихсон юм уу? Өчнөөн л дуугарч байгаа сэтгүүлчид байна тэгэж л их сонсмоор байгаа бол тэднийг сонс л доо. Сэтгүүлч гэлтгүй ард иргэд маань хаа сайгүй л өөрсдөө шууд л дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж байна. Ойроос үнэнээр хармаар байгаа бол та өөрөө дулаан гэрээсээ гараад очоод сонсож хар л даа. Өөрийгөө өөр хэн нэгнээр төлөөлүүлэх гээд байлгүй та өөрөө очоод өөрөө өөрийгөө төлөөл л дөө.
Миний санахын нэгэн цагт чухам л энэ хоёр сэтгүүлч шиг үнэн шударгын төлөө гэх зоригтой дуугарч тэмцэж байгаа сэтгүүлч алга гээд шүтэж бишрэх нь холгүй байгаагүй бил үү? Одоо болохоор тэдэн шиг муу хүн алга.
Эсрэгээрээ одоо Zolbootv шиг үзэгчидээ хүндэлдэг, үргэлж зөв зүйлд дугардаг, уриалдаг хүн алга мэт аашилж байна. Бас л нэгэн цагт койн арилжаа худалдаанаас яадаг ч бай хол бай гээд бичлэг хийж байсан хүн дараа нь өөрөө 20иод сая вон алдчихлаа уучлаарай гээд бичлэг хийж байсан жишээтэй. Дараа дараагийн сонгуулиар худалдагдах ч магадлалтай.
Энэ мэтчилэн хэнбугай ч хэзээ ямар ч үйлдэл гаргахыг мэдэхгүй. Тиймээс анхаас нь хүмүүсийг үнэлж шүүж дүгнэхдээ бурхан будда мэт аль эсвэл хорвоогийн хамаг адаг мэт бүү туйлшир л даа. Ямар ч хүнд, таньд ч, надад ч сайн муу тал хоршин буй.
Олон нийтэд тодорхой нэг хүн анхлан тухайн үед нь үнэн зөв гэж тодорхойлж болохуйц үйлдэл, дуу хоолойгоор танигдан гарч ирсэн байлаа гээд тэр хүн эцсээ хүртэл үнэнг өгүүлнэ гэж үгүй. Тиймээс хэн нэгний үгээр, нөлөөгөөр өөр хэн нэгнийг шүүх гэж яардаг аа болимоор. Аливаа зүйлд хэн хэлж дуугарч байна гэдгээс илүү ямар үзэл санааг илэрхийлэх гээд буйг утга агуулган дээр нь анхаарч байвал…
Үүнтэй адил энэ эгзэгтэй цаг үед телевизүүдээр гарч байгаа зүйлсүүдийг нь хар гээд хэдхэн сувгийн зургийг дараад оруулсан постыг хараад бас л бөөндөө дургүйцэн жихүүцнэ.
Уучлаарай бид ямар нийгэмд амьдарч байгаа билээ? Хэвлэл мэдээллийн эрх чөлөө хаалттай, төрийн хараат мэдээллийг л дамжуулдаг 2 ,3 хан сувагтай телевиз гэх мэдээллийн ганц л үүсвэртэй нийгэмд амьдарч байгаа хэрэг үү? Монголын ч бай дэлхийн мэдээллийг хаанаас ч зүгээр л утаснаасаа хоромын дотор авч болох энэ цаг үед амьдарч байж … Юуг харж үзэх, дагах чинь таны л сонголт юмсан. Өдөржин мэдээллийг тасралтгүй хүргэсэн -ээс эхлүүлээд олон мэдээллийн сайт, албанууд байсан шүү дээ. Бүх телевиз, хэвлэл мэдээллийнхэн бүтэн өдөржин тасралтгүй бүгд нэг мэдээг дамжуулах боломжгүй, утга ч үгүй биз дээ. Таны сонголт таны л гарт.
Мөн түүнчлэн нөгөө мундаг influencer -үүдээ, урлагийнхаа хаачив гээд байх юм. Сонгуулиар үзэл бодол, сүнсээ худалдсан амьтад! Ич! -д гээд сүр давалгаа үүсгээд яваа харагдах…
Уучлаарай тэд л сонгууль өгөөд энэ улсын ирээдүйг шийдчихсэн хэрэг үү! Та сонгуулиа өгөөгүй юм уу? Сонголт бас л таны гарт байсан.
Яг үнэндээ жаахан ичмээр өөрсдийнхөө арьсанд юу хэрэглэх, өөрсдийнхөө биенд юу өмсөж хэрэглэх, ямар газраар үйлчлүүлэх, юуг сурч мэдэх, хэрхэн амьдрахаа тэдний нөлөөгөөр сонгодог өрөвдөлтэй юм. Өөрсдөө ямар ч сонголтгүй, шийдвэргүй, тархи толгойгүй мэт өөрсдийнхөө төлөө сонголт хийж чаддаггүй муухайгаар хэлэхэд арчаагүй хөөрхийлөлтэй мэт санагдаж байна. Ийм хүмүүс яаж ч сонгуульдаа зөв хүнээ сонгох вэ дээ гэж ч бодогдох юм. Тэд нар таны төлөө амьдардаггүй шүү. Тэр хүмүүс худалдагдана уу яана уу, юуг рекламдана уу, хэнийг дэмжинэ үү тэдний л хэрэг тэдний сонголт шүү. Тэдний нөлөөнд автаж, тэднийг дагаж буй, дагаж байсан та өөрөөсөө л ич! Яагаад та бусдаас үргэлж алдаа болон бурууг хайна вэ? Өөрсөд рүүгээ өнгийн харж алдаа эндэгдэл буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн сонголт өөрийн үйлдэлдээ ХАРИУЦЛАГА-тай байцгаая л даа.
Ялангуяа өнгөрөгч сонгуулиудын залуусын ирц ямар хувьтай байлаа даа… Хальт юм гадарлаад байгаа мэт залуучууд нь сонгох хүн алга нтр гээд үл ойшоосон. Кинон дээрх баатар, гол дүрийнх шиг нь хүн гарч ирэхийг хүлээгээд байдаг юм уу? За тэгээд дараачийн хэсэг нь сонгуулийн зар сурталчилгааны ажлаас эхлүүлэд сонгуулийн саналаа хэдэн бор төгрөгөөр солисон. За тэгээд цөөн хэдэн л өөрийн толгойгоор шийдвэрээ гаргасан байх.
Энэ одоогийн хүйтэнд хөлдөтлөө жагсаж, амьдралаараа зовлогоо мэдэрч байгаа нь тэр лаг influencer,урлагийнхан, алдартны л буруу юм биш шүү. Бид бүгдийн таны, чиний миний буруу!
Аливааг зүйлийг хоёр талаас нь хар гэдэг. Үгүй шүү алив бүхэнд хэтэрхий олон тал, хязгааргүй өнцөг байдаг. Чадахынхаа хэрээр өргөн цар хүрээгээр аливааг харж дүгнэхийг хичээцгээе.
Үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж өөрийн бодлоо хуваалцав.
Үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж хэдэн үг хэллээ. Аливаа зүйлд 2 биш түүнээс олон тал хязгааргүй өнцаг байдаг юм шүү.