16/02/2024
https://www.facebook.com/share/p/ug4sLgsMJeeGsrUF/?mibextid=2JQ9oc
ЗӨВХӨН ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АШИГЛАХ ЦАХИМ СИСТЕМИЙГ ҮҮСГЭНЭ
www.montsame.mn
Арвайхээр, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та аймгийн Засаг даргын албанд жинхэллээ. Хэдийгээр бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн ч хийж амжуулах олон ажил байгаа байх?
-Юуны өмнө бид шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулах ёстой. Өнгөрөгч онд хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтээр өргөтгөлийн барилга барьж, үйлдвэрийн хүчин чадлыг нь нэмэгдүүлж байна. Ингэснээр Арвайхээрийн гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр бүрэн хангах хүчин чадалтай болно.
Дараагийн ажил гэвэл Арвайхээр-Шивээхүрэн чиглэлийн 426 км, Арвайхээрээс Өмнөговийн Мандал-Овоо хүртэлх 250 км авто замын ТЭЗҮ, зураг төслийг гаргаж, Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн авто замын ажил эхэлнэ. Хайрхандулаан, Есөнзүйл сумыг улсын чанартай авто замд холбоно. Аймгийн төвд инженерийн шугам сүлжээг өргөтгөнө, авто болон явган хүний замын засвар, гэрэлтүүлэг, гэрлэн дохиог нэмэгдүүлэхэд багагүй хөрөнгө төсөвлөсөн. Дулааны станцын ажлыг эрчимжүүлж, гүйцэтгэлийг ахиулахад анхаарна. Энэ ажил аймгаас хамаарахгүй, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр хийж байгаа учраас удаашралтай байгаа тал бий. Нийгмийн салбарт хүүхэд хамгааллын чиглэлээр түлхүү анхаарч, дотуур байруудыг камержуулна. Хөдөө аж ахуйн салбарт Дэлхийн банкнаас шинэ технологийн хүчит тэжээлийг малчдад нэвтрүүлэх чиглэлээр хоёр төслийг хэрэгжүүлнэ. Энэ мэт салбар бүрд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажил өрнөнө.
-2024 оныг аймгийн ИТХ-аас “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” болгон зарлалаа. Зорилтот жилийн хүрээнд хийх ажлын талаар мэдээлэл өгнө үү?
-Манай аймгийн хувьд жил бүр тулгамдаж буй аль нэг асуудлыг судалгаанд тулгуурлан иргэдийн оролцоотойгоор тодорхойлж, Зорилтот жилийг зарладаг, түүндээ төсөв, хөрөнгө төлөвлөж, олон талт ажлыг жилийн турш зохион байгуулдаг уламжлал тогтсон. Зорилтот жилийн хүрээнд нийгэмд чиглэсэн ажлыг зохион байгуулахаас гадна нэн шаардлагатай боловсон хүчнийхээ асуудлыг ч мөн шийдвэрлэж ажилладаг.
Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд цахимжилтын асуудалд онцгой анхаарч байна. Төрийн үйлчилгээний хүнд суртал, олон шат дамжлага, төрийн албан хаагчийн ёс зүйгүй харилцаа, хандлага зэрэг асуудал аль ч салбарт тулгарч байгаа учраас үүнийг орчин цагийн дэвшилтэт технологиор шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс 2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” болгон зарлаж, энэ хүрээнд дараах гурван чиглэлд ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Нэгдүгээрт, цахимжилтыг шийдэхийн тулд дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой. Тиймээс бүх сумын төрийн байгууллагуудыг шилэн кабельтай холбох, тус аймгийн Баян-Өндөр сумаас Төв аймгийн Дэлгэрхаан сум хооронд байх шилэн кабелийн эвдрэл болон Төгрөг суманд байрлах өндрийн цамхгийг засварлах, Арвайхээр сумын шинэ суурьшлын бүс рүү 2,5 км шилэн кабельд зориулсан худаг сувагчлал татах гэх мэт ажлууд хийнэ. Аймгийн хэмжээнд 100 гаруй үүрэн холбооны антен байдаг. Цаашид үүрэн холбооны өргөтөх нэн шаардлагатай 27 цэгийн судалгааг гаргаснаас энэ онд наймаас доошгүй цэгийг сүлжээнд холбоно.
Хоёрдугаарт, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг цахим платформд оруулахын тулд зөвхөн Өвөрхангай аймагт ашиглах аппликейшн буюу цахим системийг үүсгэнэ. Үүнийг яамдын цахим системүүдтэй холбох ажлыг мөн энэ оны турш зохион байгуулна.
Гуравдугаарт, иргэдийг цахим хэрэглээнд сургах, чадавхжуулахад зориулсан сургалтуудыг зохион байгуулна.
Зорилтот жилийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд улс, орон нутийн төсвөөс гурав тэрбум орчим төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Мөн энэ удаагийн зорилтот жилийн хувьд Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллаж байгаагаараа онцлогтой. Үүний үр дүнд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үйлчилгээг хөнгөвчлөх, иргэд төрийн байгууллагад өөрөө очих шаардлагагүйгээр үйлчилгээ авах нөхцөл бүрдэж, эдийн засаг, цаг хугацаа хэмнэсэн бодитой, үр дүн гаргахын төлөө зорин ажиллана.
-Аймагт өвөлжилтийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Энэ жил Өвөрхангай аймгийн 17835 малчин өрхийн 4.7 сая толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар бэлтгэл зохион байгуулалт хийсэн. Одоогоор есөн сумын 154 өрхийн 51869 толгой мал гадны 14 аймгийн 31 суманд отор нүүдэл хийж байна. Мөн аймаг дотроо 10 сумын 346 өрх айл 101131 толгой малтай оторлож байна. Хангайн сумдаар цас их орсны улмаас Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорины малчид 12 сарын ид хүйтэрсэн үеэр отор нүүдэл хийсэн. Эдгээр малчдад өрх тус бүрд онцгой байдал үүссэн гэж үзэж 180 кг нүүрсийг үнэ төлбөргүй олгож, дэмжлэг үзүүллээ.
Улсын нөөцөөс 665 тонн хивгийг, аймгийн аюулгүй нөөцөөс 14500 боодол ногоон тэжээлийг нийт малчинд 50 хувийн хөнгөлөлтэй үнээр олгож байна. Энэ борлуулалтын өртгөөр дахин өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж, 3 дугаар сарын эхээр малчдадаа нийлүүлэх арга хэмжээг авна. Мөн сар шинийн баяраас өмнө цас ихтэй сумдад Шуурхай бүлэг томилж, зам гаргах ажлыг зохион байгуулж байна. Мөн УОК-т аймгийнхаа малчдад дахин дэмжлэг үзүүлэх талаар албан хүсэлтийг тавьсан байгаа.
-2024 онд аймгийн төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтад ямар өөрчлөлт хийж байгаа вэ?
-Сүүлийн гурван жил хөөцөлдсөний үр дүнд энэ жил Дотоодын цэргийн нэгжийг байгуулж байна. Энэ хүрээнд Арвайхээр сумын цэвэр усны хэрэглээг хангаж байгаа усан санг хамгаалалтад авах ажлыг нэн тэргүүнд анхаарна. Цаашид монгол үндэстний гол соёлыг өвийг тээж буй Эрдэнэзуу музей, Шанхын хийдийг ийнхүү дотоодын цэргийн хамгаалалтад авч эхлэх зорилготой байна.
Хоёрдугаарт, Орон нутгийн өмчийн газрыг Засгийн газраас татан буулгаж, Орон нутгийн өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газар гэсэн тус тусын чиг үүрэг гүйцэтгэх хоёр байгууллага болгож байна. Мөн аймгийн ЗДТГ-ын бүтцэд Залуучуудын хөгжлийн төв гэсэн тусдаа статус бүхий байгууллагыг байгуулж байна.
-Удахгүй аймгийн хөрөнгө оруулагчдын чуулганыг зохион байгуулах гэж байна. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?
-Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, ресторан зочид буудал, аялал жуулчлал, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хүссэн аж ахуйн нэгжүүдэд юуны түрүүнд газар хэрэгтэй байдаг. Хотоос хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийг нааш татахын тулд газар талбайн хэмжээг сайн төлөвлө гэсэн үүргийг бид сумдын удирдлагуудад байнга өгч байна.
Мөн хөрөнгө оруулагчдыг татахын тулд албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулсан. Аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг, манай аль нэг сумын татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс үл хөдлөх хөрөнгийн татварыг 0.8 хувь, манай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ч засаг захиргааны хувьд өөр аймаг, нийслэлийн татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс дээрх татварыг 2.0 хувиар авах шийдвэрийг гаргаж, энэ оноос мөрдөж эхэлсэн байгаа.
“Аймгийн эдийн засгийн хөгжлийн загварчлал”-ыг судалгаанд үндэслэн боловсруулж, цаашид кластер хэлбэрээр хөгжих боломжтой үйлдвэрлэл, үйлчилгээний төрлүүдийг тодорхойлж байна. Арвайхээр суманд үйлдвэржилтийн бүсийг 34 га талбайд төлөвлөсөн. Дээрх судалгаагаар тогтоогдсон үйлдвэрлэлийг энэ бүсэд төрөлжүүлжүүлэн байгуулах дэд бүтцийг хийхээр ажиллаж байна.
Эдгээр мэдээллийг хөдөө орон нутагт бизнес эрхлэх сонирхолтой хүмүүст хүргэх зорилгоор Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Манай аймаг хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ бүс төдийгүй улсад дээгүүр үзүүлэлттэй байдаг. Жилд нэг сая малын арьс шир боловсруулах үйлдвэр, ноосны үйлдвэр, махны таван үйлдвэр, оёдлын гурван үйлдвэр, сүүний үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Мөн тос, яс, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах саналууд ирээд байгаа.
Ярилцсан Б.Батчимэг
Chimeglen