30/06/2023
ОЙРД ФРАНЦ УЛСАД 🇫🇷 ЮУ БОЛООД БАЙНА ВЭ ? 🤔
🔹 Энэ долоо хоногийн мягмар гаригт Nanterre хотын цагдаа нар автобусны замаар “галзуу” хурдтай явж байсан нэгэн машиныг, улаан гэрэл ассан гэрлэн дохио дээр шалгах гэтэл тус машины жолооч зогсолгүй, улаан гэрлээр давхин зугтсан.
🔹 Зогсохыг шаардсан 2 цагдаа араас нь мотоциклоор хөөж зогсоосон.
🔹 2 цагдаа явж очоод, дахин зугтаалгахгүйн тулд жолооч руу буу тулгасан боловч жолооч дахин зугтах гэж оролдох үед 2 цагдаагийн нэг нь жолоочийн цээж хэсэг рүү буудсан.
🔹 Машин хөдлөөд, хэдэн метрийн цаана нэгэн шон мөргөж осолдсон.
🔹 Араас нь 2 цагдаа очиход ард талын 2 зорчигчийн нэг нь машинаас гүйн зугтаж, нөгөөх нь баривчлагдаж, жолооч залуу харин газар дээрээ амьсгал хураасан байсан.
🔹 Жолооч залуу 17 настай, Nahel хэмээх өсвөр насны хүү байсан юм (жолооны үнэмлэхгүй). Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг тэрбээр регбигээр хичээллэдэг, пицца хүргэгчийн ажил хийдэг байж.
🔹 Жолоо барих эрхгүй тэрээр, унаж байсан машинаа түрээсэлсэн байсан ба өмнө нь хэд хэдэн удаа замын хөдөлгөөний зөрчлөөр цагдаад дуудагдаж байсан.
🔹 Жолооч хүүг буудсан цагдааг тэр даруй баривчилж, байцааж эхлэхэд аргагүй хамгаалалт байсан, буудаагүй бол цагдаа нар өөрсдөө, зугтаж байсан машинд дайруулах байсан гэж хэлсэн.
🔹 Гэтэл тун удалгүй гэрчүүдийн бичиж авсан бичлэг, нотлох баримт ил болж, олон нийтийн сүлжээгээр тархсан.
🔹 Бичлэгийг үзэхэд Nahel огтхон ч цагдаа нар луу машинаараа дайрч хурдлаагүй ба цагдаа нар аюулд ороогүй байсан.
🔹 Хууль хяналтын байгууллага, Ерөнхий сайд Élisabeth Borne, Дотоод хэргийн сайн Gérald Darmanin нар бичлэгийг үзээд, цагдааг гар буугаа хууль ёсоор хэрэглэх ямар ч шаардлага илтээс бүрдээгүй байсан гэж дүгнэсэн.
🔹 Одоогоор тус цагдааг санаатайгаар хүний аминд хүрсэн хэргээр хэрэгт татан, шүүх хурал нь болтол хорихоор болсон байна.
🔹 Ерөнхийлөгч Macron тус цагдаагийн үйлдлийг “үгээр тайлбарлашгүй, уучилж болшгүй” гэж хэлсэн.
🔹 Үндэсний ассамблейн гишүүд Nahel хүүд 1 минут дуугаа хураан эмгэнэл илэрхийлсэн.
🔹 Пүрэв гаригт буюу өчигдөр Nanterre хотын Préfecture-ийн урд хохирогч хүүгийн ээжийн хүсэлтээр 6200 гаруй хүн жагсаж, цугларан хамтдаа алхсан.
🔹 Хэрэг гарсны дараа Францын олны танилууд, хүүд олон нийтийн сүлжээн дээр эмгэнэл илэрхийлсэн : Kylian Mbappé, Omar Sy, Paul Pogba г.м
🔹 Хэрэг болсон даруй ард иргэд гүн цочролд орж, үймээн шуугиан дэгдэж эхэлсэн. Шөнө бүр Франц даяар иргэд эсэргүүцлээ илэрхийлэн, цагдаа нар луу дайрч, барилга байшин, машин, дэлгүүр шатаан, зарим нь дээрэм хийж байна.
🔹 Дотоод хэргийн яам, үймээн самуунтай тэмцэхээр 40 000 цагдаагийн албан хаагчийг дайчилж, Île-de-France мужийн олон нийтийн тээврийн хэрэгслүүдийг 21 цагаас хойш зогсоож, зарим хотууд 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл хөл хорио тогтоолоо.
🔹 Хэрэг үйлдсэн цагдаа 38 настай ба ажлын хамт олных нь хэлж буйгаар тэрээр хэзээ ч ажлынхаа дундуур алдаа гаргаж байгаагүй. Харин ч олон баатарлаг үйлээр магтаал сонсож байжээ.
🔹 Цагдаагийн гэрийн хаяг, хувийн мэдээллүүд олон нийтийн сүлжээ дээр ил болсон тул эхнэр, хүүхдийг нь цагдаа нар хамгаалтанд авч, түр нүүлгэсэн байна.
Хуульд зааснаар цагдаа нар 5 нөхцөл байдалд, хуулийн дагуу гар буугаа ашиглаж болдог (2017 оноос өмнө цагдаа нарын буу зэвсгийн хэрэглээг хуулиар зохицуулаагүй байсан) :
🔺 Цагдаагийн албан хаагч болон бусад иргэдийн амь, бие аюулд орсон тохиолдолд
🔺 Байгаа орчин болон хамгаалж буй хүмүүсээ, гар буунаас өөр аргаар хамгаалах боломжгүй тохиолдолд (гохон дээр дарахаас өмнө анхааруулах ёстой)
🔺 Өөрсдөөс нь зугтаж буй этгээдүүдийг буунаас өөр аргаар зогсоох боломжгүй тохиолдолд (гохон дээр дарахаас өмнө анхааруулах ёстой)
🔺 Автомашин болон олон нийтийн тэврийн хэрэгслийн жолооч, зогсохыг шаардахад зогсохгүй байх, өөр ямар ч аргаар зогсоож чадахгүй байх тохиолдолд
🔺 Дөнгөж үйлдэгдсэн аллага болон аллагын оролдлогыг давтагдахаас сэргийлэх тохиолдолд
4 дэх тохиолдол нь энэ хэрэгт үйлчилж болох хэдий ч, хуулинд цагдаагийн албан хаагч “зайлшгүй тохиолдолд”, “нөхцөл байдалтай тохирсон хэмжээгээр” гар буу хэрэглэнэ гэж заадаг.
Эх сурвалж : Le Parisien
Орчуулсан А. Эгшиглэн