CalmMom

CalmMom Тайван ээж

✨
24/11/2022

Япон ээжийн УРЬДЧИЛСАН БЭЛТГЭЛ-с суралцлаа.

Япон ээж нарыг урьдчилсан бэлтгийн мастерууд гэхэд хэлсдэхгүй. Бэлтгэл сайтай учир хүүхдээ яаруулахгүй. Орой бүр тогтмол цагт унтуулах ёстойг японы ном, сурах бичгээс уншиж ойлгосон ба үүний дээр унтах цагийг наашлуулах нь эрт цагаар яаруулахгүй байх үндэс хэмээн үзэв. Өөрөөр хэлбэл орой бүр тогтмол цагт, эрт унтуулах нь яаруулахгүй байх бэлтгэл юм.

Жишээ нь манай бага охин хоолоо их удаан иддэг юм. Өглөөний цайндаа дор хаяж гучин минут зарцуулах учир гэрээс гарахаас цагийн өмнө босох хэрэг гарна. Эрт сэрээхийн тулд эрт унтуулах үүрэгтэй болно. Эрт унтуулахын төлөө гэр бүл харилцан ярилцаж, нийтийн үйлд шамддаг. Аав ээж хоёр нь асаалттай гэрэл доор зурагт хангинуулаад байвал хүүхэд унтах нь юу л бол. Иймд аав ээж хамтдаа эрт хооллох, шүдээ угаах, гэрлээ бүдэсгэх, шүршүүрт орох, ном унших, эрт унтах хэрэгтэй.

Орой унтахын өмнө хүүхдүүдийнхээ хувцсыг бэлдэж тавих. Яагаад ч юм, өглөөний цаг нүд ирмэх зуурт болж өнгөрдөг. Нүүр гар, үс гэзэг, хоол цай гэж байтал гарах цаг болчихно. Яарч сандарсан хүмүүс гарт тааралдсанаа углахыг нь углаад, зүүхийг нь зүүгээд бушуухан гарахыг бодно. Гэвч бага охин тэгэхгүй. Заавал хувцсаа өөрөө сонгох гэнэ. Сонгох сонгохдоо тольны өмнө сольж, шилж, эргэлдэхийг яана. Ингэж цаг алдсаар бид нийтээрээ түүнээс болж хоцрох шахдаг билээ. Үүний шийдэл нь орой унтахын өмнө өөрөөр нь хувцсыг сонгуулан бэлтгэх байсан. Ах нарынх нь хувцсыг мөн адил маргааш өмсөхөд бэлэн болговол өглөөд чөлөөтэй амар шүү дээ.

Цагийн баримжааг зааж өгөх. Манайх том хүүдээ бага сургуульд орохоос өмнө цаг зааж өгсөн. Хичээл найман цагаас орох тул дөчин минутын өмнө гэрээс гарна гэвэл хүү маань өөрөө цагаа харж байгаад бэлтгэлээ хангана. Гучин минут зурагт үзэж болно, найзуудтайгаа хоёр цаг тоглоод ирээрэй гэхэд цагийн баримжаа нэмэртэй. Хурдал хэмээн яаруулахаас илүүтэй, цаг боллоо гэхэд хүүхдэд ойлгомжтой санагдах нь байна шүү дээ.

Гэрийн бусад гишүүдийг сэрээх үүрэгтэй ээжийн хувийн бэлтгэлийг бичихгүй байхын аргагүй. Адаглаад амар тайван орчинд нүүр гараа угаах, үс зүсээ цэгцлэх, халуун кофегоо тухтай шимж суух цагийг бүтээх. Үгүй бол нойрмог ээж хүүхдүүдтэйгээ зэрэгцээд ариун цэврийн өрөө булаацалдах, хувийн ажил давхцвал тайван уур амьсгал бүрдэхгүй. Анзаарахад ээжийн яарсан, тэвдсэн, өөртөө цаг гаргаж чадахгүй байгаагийн илрэл хүүхдүүдэд буудаг шиг. Иймд ээжүүд өөрсдөдөө харамгүй цаг гаргах шаардлагатай. Хүүхдүүдээ унтуулаад халуун усан онгоцонд суух, дуртай ном сэтгүүлээ тааваараа эргүүлэх хэчнээн сайхан гээч.

Ээжийн хувийн бэлтгэлд хамгийн ихээр туслагч бол дэвтэр юм.

Харах төдийд хайр булаам хэдэн дэвтэр надад бий. Гараараа илбэхэд зөөлөн, дэлгэхээр өдөр тутмын минь амьдрал жирийх дэвтрүүдэдээ үнэхээр хайртай. Сэтгэлээ зориулах тусам ид шид нэмэгддэг байх. Өглөөд төлөвлөхөөр нээх бол оройд дүгнэхээр дэлгэнэ. Заавал гоё сайхан бичихэд биш юунд цаг, мөнгөө зориулж байгаагаа, сэтгэл санаа юунд тэмүүлж байгаагаа, юун дээр алдаж мөнхүү онож байгаагаа тэмдэглэж болно. Тэгээд гол нь хийх ажлаа жагсааж бичих. Хамгийн чухлыг л бичих. Хамгийн чухлыг эхэнд, хоёр дахийг хоёр дахь эгнээнд, хийхгүй байсан ч болох ажлыг гурав дөрөвт эгнүүлэн бичнэ. Олон хийхгүй ажил бичснээс гарцаагүй хийх гурван ажлыг бичсэн нь үр өгөөжтэй. Орой дүгнэхэд хүртэл өөрт урамтай байдаг.

Анх тэмдэглэл хөтлөх гэж буй ээжүүд дэвтэрний үзэмжинд анхаарвал удаан үргэлжлэх магадлалтай. Эмэгтэйчүүд бид харагдах байдлаас таашаал хүртдэг билээ. Иймд дуртай навч цэцэгсийн зурагтай, кофены эсвэл амьтдын зурагтай дэвтэр нээгээд үзээрэй. Анхнаасаа дуртай зурагны хавтастай байхад бүр болоод явчихдаг. Миний хувьд олон дэвтэр хэрэглэсэн ч тэдний дунд зөөлөн хавтастай, энгийн гэхдээ зузаан, шаргал цаастай дэвтэр сэтгэлд нийцэх болсон. Түүнийгээ гурван жил хөтлөөд өнөөдрийн байдлаар электрон хэлбэрт шилжээд байна.

Дараа нь сэтгэл хөдлөлөө бичих булан. Сэтгэл хөдлөлийн хатан хаан болох ээжүүдэд түүнийгээ илэрхийлэх орон зай дутмаг. Голцуу ажлаа тараад ирэх нөхөртөө өнөөдрийн болсон явдлаа ярина. “Хүүгийн эцэг эхийн хуралд суусан чинь, хуримтлалын мөнгө хэд гэнэв ээ! Бурхан минь сарын тийм их мөнгө татаад юу авах гэдэг юм бэ… Би бүр гайхаад багшаас нь асуутал…” Тэгээд ч барагдахгүй. “ Гадаах хүүхдийн тоглоомын талбайд согтуу хүн шээж байхыг хараад тэсэлгүй загнаад хаясан, ямар их уур хүрэв ээ”, “ Тэгсэн байна аа, хайраа сонсож байна уу?”, “Эвий, өнөөдөр ээж баахан бууз банш чимхээд хүрээд ирж ээ” гээд бидний ярих, илэрхийлэх хэрэгцээ барагдашгүй. Гэтэл тэр бүр таны яриаг сонсоод суух боломж нөхөрт олдохгүй. Ийм үед дэвтэр таны үнэнч туслагч болох юм. Жижиг булан ч байсан хамаагүй, өөрт юу бодогдож байгагаа чөлөөтэй бичээрэй. Бичиж дууссаны дараа мөр сулрах мэт, маргааш арай гэгээтэй болох юм шиг санагдана.

Би дэвтэртээ талархлын булантай байв. Өдөрт нэг байсан ч хамаагүй, заавал талархалтай үйл явдлыг цохон тэмдэглэнэ. Тэгэхээр их сонин, өдрийн турш баяр талархалтай зүйл хайдаг болчихдог. Опрагийн “Миний сайн мэдэх зүйлс” номд үүний талаар бишгүй дурдсан байх тул хүсвэл олж уншина байх аа. Дэвтэр хөтлөх нь ял шийтгэл бус харин таны дотно анд гэдгийг санаж чөлөөтэй сэтгээрэй. Хөтлөх тусам өөрийн хэв маяг тогтож, улам дурлаж, бүтээмж өндөрсөнө гэдэгт итгэлтэй байна.

За ингээд яаруулдаггүй ээжийн хувийн бэлтгэл рүүгээ эргэн орьё.

Амралтын өдрөөр хоол цайгаа бэлдэх. Өдөр бүр махаа хөшиглөх, төмсөө арилгах, гурил зуурч элдэж зогсох үнэндээ хамаг цагийг авах юм. Тэр цагаараа хүүхдүүдтэйгээ усанд орох, хичээл номыг давтуулах, адаглаад сонин хачиныг нь сонсоход зориулбал хичнээн сайхан. Үүний гаргалгаа нь урьдчилж бэлдэхэд байв. Ажлын өдрүүдийн орой яарахгүй байхын тулд амралтын өдрөөр бууз, хуушуураа чимхэх, хөлдөөж болох бүхий л ногоонуудаа арилган хэрчиж хөлдөөх. Япон ээжүүд тэрхүү бэлтгэлийг маш сайн базаана. Ажлаа хэрхэн хөнгөвчлөх тухай байнга сэтгэж явдаг нь төрөл бүрийн сэтгүүлээс уншихад анзаарагддаг. Ногоогоо хэдэн төрлөөр жижиглэх үү, ямар хоолныхыг яаж хэсэглэн хөлдөөх үү гээд ёстой ёоз ёозоороо бий дээ. Энэ дашрамд надад байнга тус нэмэр болдог ээждээ баярлалаа гэж хэлмээр байна❤️

Бөөний худладан авалт явдлыг хэмнэнэ. Манайх аргагүй махчин улс тул мах тасрахыг тэвчихгүй. Иймд махаа “Хүчит шонхор” захаас бөөндөх болов. Манай хүүхдүүд тахианы маханд нугасгүй учир тахианы мөчөө мартаж үл болно, хэхэ. Түүнээс гадна бөөнөөр авахад муудахгүй нойлийн цаас, амны алчуур, гурил, будаа, аяга таваг угаагч шингэн, нойл угаагч бодис, угаалгын нунтаг, шүдний оо, порлон гэх мэтийг захаас бөөндөж болно. Би японоос дөнгөж ирээд, хамгийн ойрын супермаркетаар байнга үйлчлүүлдэг байхдаа үнэ өртөг дийлдэхгүйн дээр цаг хугацааны мангас болохыг ойлгосон юм. Өдөр бүр хүнсэнд явна гэдэг бол аймшигтай.

Хүүхдүүдээ эзгүйд хийх ажлууд. Манайх индүү хэрэглэдэггүй. Гэхдээ аюултайд тооцогдох ажлыг тэднийг эзгүйд хийнэ. Шал угаах (хальтирч унах магадлал), цонх угаах, хутга сэлт хэрэглэх ажлууд байна. Мөн ном унших, дэвтэр хөтлөх зэрэг анхаарал төвлөрөл шаардсан ажлуудыг аль болох чимээгүй орчинд гүйцээхийг хичээдэг.

Юу ч хийхгүй байх цаг бол өөрийгөө хайрлах хайр юм. Үүнийг би ээжүүдэд зайлшгүй байх ёстой цаг гэж боддог. Өдөр бүр эртлэн босч хоол цай, хичээл сургууль, давтлага даалгаварын хажуугаар цагийн ажилтай бол өөрийгөө амраах албан ёсны цаг авах шаардлагатай. TIME OUT! Японд карооши буюу хэтэрхий ажилснаас харамсалтайгаар мөнх бусыг үзэх өчнөөн хүмүүс бий. “Хичээхгүй бол болохгүй”, “Би дутуу ажлаад байна” гэх дарамтыг сайн дураар өөртөө үзүүлэн эцсийн бүлэгт бие нь дийлэхээ болих эмгэнэлэт үзэгдэл. Карооши нь надад сануулга өгөөд буцсан гэж боддог тул магад үүнийг мэддэггүй шинэхэн ээж, аав байвал сануулга болно байх хэмээн найдан өөрийнхөө жишээ дурдая.

Хоёр хүүгээ цэцэрлэгт зөөдөг үе минь юм. Бага охин арай олдоогүй байсан юм. Тэр үед бүтэн цагийн ажилтай байлаа. Ном унших хоббигоо орлого болгочих санаатай, ном бичих ажилд шамдав. Үүрийн дөрвөн цагт босон хэдэн муу ноорогтойгоо ноцолдоно. Хүүхдүүдээ сэрэхээс өмнө ажил руугаа гарч ажлаасаа тараад тэднийг цэцэрлэгээс нь авна. Үүний дараа дуусч, дундардаггүй угаалга хоолны ажил залгадгыг манай ээжүүд юу эс андах билээ. Тэр үед нөхөр маань мөн ажилтай, өглөө хүүхдүүдээ хүргэж өгдөг байсан. Шөнийн ажил гарвал гараад л явна. Шөнөжин ажлаад, өглөө залгуулан орой хүртэл ажиллана. Америкийн ерөнхийлөгч асан Доналд Трамп өөрийгөө дөрөвхөн цаг унтдаг учир надад өрсөлдөгч байхгүй гэснийг уншаад туршиж үзмээр санагдаад болдоггүй. Ингээд нойроо хасахаар шийдэв. Би заавал мөрөөдөлдөө хүрч зохиолч болно гээд л… Ядаж бага хүү шөнөжин мээмээ идээд, шөнө диг дуг хононо. Тэгж байтал нэг өглөө босоод иртэл шүд янгинаад болдоггүй. Халууныг ч мэдрээд, хүйтэнд бүр хэвчихийн аргагүй өвдөж байв. Залуу хүн анзаарга муу. Ажилдаа явдгаараа явтал бие маань илтэд хөндүүрлээд сөхөрч унахаа алдав. Метроны дуу чимээ, хүмүүсийн яриа илтэд намайг ядрааж, бүхэл махыг зажилахаас эрүү амны хүч хүрэхгүй байлаа. Үнэхээр аймар. Ажлаа тасалж болохгүй, тийм хүмүүжил ч байхгүй учир тав дахь өдөр хүртэл гүрийгээд хагас болон бүтэн сайн өдрийг зөвхөн унтахад зарцуулсан юм. Хэрэв тэр чигээрээ бие махбодиос илгээх мэссэжийг үл ойшоосон бол өнөөдөр ямар зэрэгтэй явахыг таашгүй ээ.

Гуч гараад өмнөхөө бодвол хашир сууж ээ. Ядрах гэвэл шууд унтаад өгнө. Өөрийгөө хүчлэхгүй. Шөнийн нойрыг хугаслахгүй. Хэрэв хугаславал нөхөж сайтар унтах. Гэхдээ нойрыг нөхнө гэдэг ойлголт байдаггүй юм билээ. Тухайн шөнийн нойрыг тэр шөнөдөө авах л хэрэгтэй. Ядаж зургаан цаг бөх унтах үүргийг өөртөө өгөөд байгаа.

Гадаа тоглуулах, төрсөн өдөрт дагуулж явах, айл хэсэх, дугуйлан семинарт оролцуулах зэрэг өдөр туттын бус үйл ажиллагаанд оролцуулахад мөн адил урьдчилсан бэлтгэл чухал үүрэгтэй. Хүүхдүүдээ яаруулахгүй байх ид шид урьдчилсан бэлтгэлд байна шүү.

Өнөөдрөөс танд ямар урьдчилсан бэлтгэл хэрэгтэй байгааг тунгааж үзээрэй. Үүнийг гүйцэтгэхийн тулд хань ижлээсээ туслалцаа хүсэх хэрэгтэй. Ирээдүйн тайван хүүхдийг гэр бүлээрээ, нийгмээрээ бүтээцгээе.

Тайван ээж бай 🍓
24/11/2022

Тайван ээж бай 🍓

Япон ээжийн тайван байдлаас суралцлаа🥰

Өглөөний завгүй цагаар цамцаа өөрөө товчлох гээд хичээн зогсох хүүхдээ бид өөрийн эрхгүй яаруулна, эсвэл хүлээж тэвчилгүй өмнөөс нь товчилчихно. Хөтлөөд гудамжаар алхахдаа цэцэг заагаад дэлбээ бүрийг ширтэн суух охиныхоо гараас гудчисаар одно. Хурдан ид, хурдан бич, хурдан унт. Ингэхэд бид юунд ингэтлээ туугдана вэ. Хүүхдэд энэ ертөнцийн өнгө бүхэн цоо шинэ, гайхамшиг гэдгийг цагтаа хүүхэд явсан эцэг эхчүүд мартаагүй байх. Тэд үл мэдэх орчинтой биечлэн танилцаж өөрийн гараар тэмтэрч, нүдээр харах нь хөгжлийн анхан шат юм шүү дээ.

Японы амралтын өдрүүдэд би хүүгээ дагуулан хажуух цэцэрлэгт хүрээлэн рүү гардаг байв. Тэнд бага насны хүүхдүүдээ салхилуулахаар арьс гараа нарнаас хамгаалан даавуугаар ороож, малгай тохсон ээжүүд байх юм. Хүүхдэдээ мөн адил нарны малгай, эвтэй гутал өмсгөөд урт удаан цагаар хамтдаа тоглох дүр зураг. Унадаг дугуй, агаарын теннис, бөмбөг сэлтээр наадна. Насаар бага хүүхдүүд элсэн дээр хөрвөөнө. Хааяахан завсарлахдаа үүргэвчнээсээ савтай ус, будааны ороомог гарган зүлгэн дээр тойрч суугаад идэцгээх аж. Та нар итгэхгүй байх л даа. Гэхдээ тэдэн дунд майхантай хүмүүс үзэгдэнэ. Майхандаа хооллон, тухлаж тэр бүү хэл хувцсаа хүртэл солино. Дээрх үзэгдлийг эх орондоо ер хараагүй билээ. Намайг бага ахуйд хүүхдүүд биеэ даан тоглохоос эцэг эх нь багт нэгдэн хөгжилдөхийг үзээгүй. Тийм болоод ч тэр үү хүүтэйгээ хамтралгүй, ганцаараа тоглог гээд алсаас харан суулаа. Энэ хооронд миний үеийн ээжүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцаж байгааг ажиглав. “Каэдэ охин минь, чиний ээлж ирээгүй байна шүү дээ. Найзтайгаа дэс дараагаараа тоглоорой”, “ Алив хоёулаа гүзээлзгэнэтэй зайрмаг хийж тоглоё. Ээж нь худалдагч, миний охин үйлчлүүлэгч болоорой”, “Тоглоомоо найзтайгаа хувааж тогловол найз нь ямар их баярлах бол?”, “Энэ навчаар хоёулаа хүний нүүр хийе”. Цэцэрлэгт хүрээлэнд ирээдүйн соёлт залуус бэлтгэгдэж байв. Ээжүүд тэднийг огтоос яаруулахгүйн дээр нийгэм дахь дүрэм журмыг тоглоомоор дамжуулан зааж байлаа.

2011 оны 3-р сарын 11-ний ѳдөр, намайг Токиод сурч байх үед 9,0 магнитуттай маш том газар хөдлөлт болов. Тэрхүү газар хөдлөлтөөр япончууд нийт 22,220 хүнээ алдсан юм. Хүн бүхэн айн сандарч байсныг тодоос тод санадаг. Хүчтэй далайн түрлэгээс үүдэх гарз хохиролоос гадна доргиж гэмтсэн цахилгаан станцаас атомын хортой хий алдагдан аюул занал улс орныг нѳмѳрсѳн билээ. Би орой бүр зурагт асааж мэдээ чагнана. Япон хүмүүс хэрхэн байгалийн гамшигтай тэмцэж буйг, тэдний зохион бүтээсэн нисдэг тэрэг цахилгаан станц руу ус цутгахыг, ар гэрийн хүмүүсээ алдсан иргэдийн цөхрөлийн дуу гээд цөмийг дэлгэцийн цаанаас үзэв. Тэр олон мэдээн дундаас нэгэн шууд нэвтрүүлгийг үзээд, нүдний аяга нулимсаар дүүрсэн. Түр орогнох байранд хорогдох иргэд улсаас тараах хүнсийг жирийтэл дугаарлаж байгаад хүртэж байх юм. Маш тайвнаар, өөрийн ээлж иртэл дугаарлан зогсно. Урдуур дайрсан, хоёрыг илүү авах гэсэн, үгүй ядаж гомдоллох хүн алга. Тэр байтугай бусдадаа ус дѳхүүлж, түр хорогдох байранд нэгнийхээ хѳнжлийг засан янзалж, нурууг нь илж тайвшруулж байсан.

Нэг харсан, хүүгийн минь элсний хэвийг үеийн бололтой жоохон хүүхэд авчихаад буцааж өгөхгүй тэрүүхэн хэсэгт асуудал дэгдэж эхлэв. Гүйгээд очтол түүний ээж хүүдээ хандан “Тогломоор байгааг чинь ойлгож байна, гэхдээ асуулгүй авч болохгүй” хэмээгээд миний хүүгээс уйчлалт гуйн буцааж өглөө. Яг тэр үед газар хөдлөлтийн үеийг эргэн санаж билээ. Япон ээжүүд хүүхдүүдтэйгээ тулж харьцдаг, ердөө яаруулалгүй хамтарч тоглодог, шударга ёсыг заадаг тул өнөөдрийн хүмүүнлэг нийгмийг бүтээсэн байж мэднэ. “Ээжийн хүү, чамд зөндөө хэв байгаа юм чинь ганцхан ширхэг хэвийг найздаа түр хэрэглүүлж болдоггүй юм уу?” Би анх удаа хүүхдүүдийн хэрэгт оролцсон минь тэр.

Яагаад япон ээжүүд яаруулдаггүй вэ?

PHP-с эрхлэн гаргадаг сэтгүүлд орчин үеийн ээжүүд「Хурдал」хэмээх үгийг элбэг хэрэглэх болсон тухай нийтэлж ээ. Тэгвэл дээрх үг амны уншлага болвол хүүхдэд хэрхэн нөлөөлөх тухай уншицгаая.

😳 3-6 настай хүүхдэд бусдыг ойлгох чадвар хараахан хөгжөөгүй тул「Хурдал」гэх үгийг шууд хүлээн авах боломжгүй. Харин ч「би」-гийн үзэл хурцдах буюу хариу сөргөлдөнө.

😳 Хүүхэд бүр өөрийн нас биед тохирох ажлыг гүйцэтгэх чадамжтай бөгөөд хурдтай. Хэрээс хэтэрсэн хурдаар тэднийг яаруулаад байвал яах учраа олохгүй төөрөгдөнө.

😳 Үг давтвал улиг, ном давтвал билиг. Хурдал, хурдал, хурдал. Ямар удаан юм бэ. Бид хүүхдүүдээ хурдан байлгахыг хүсэх ч энэ маань тэднийг хурдан болгох битгий хэл эсэргээрээ үл тоогч нэгэн болгоно.

😳 Тэд үйл явцаас таашаалыг мэдрэх давхрагыг алгасч зөвхөн үр дүнд ач холбогдол өгдөг болох. Ээжийг дуугуй болгохын тулд халтуурдаад ч болтугай түргэн гүйцэтгэх хүсэлд автана. Угтаа өөрийн хурдаар бодох, алдах, эргэлзэх цагийг үгүй хийчихлээ шүү дээ.

😳 Санаачлагаараа хийхээ болих. Яг хийх гэж байхад ээж үглээд хиймээргүй санагдчихлаа. Бага болон дунд ангийн хүүхдүүд ингэж ярихыг сонссон байх. Даалгавраа хий, ном дэвтрээ дэлгэ гэх мэтийг хүүхдээ харах тоолондоо хэлээд байхаар эцсийн бүлэгт санаачлагаараа хийхээ болино.

Үүнээс үзвэл хурдал хэмээх үг ид шидгүй болж таарлаа. Түүний оронд танд нэмэртэй байж мэдэх долоон санамжаас хуваалцая:

💕 Таны хүүхэд хоолоо идэх, хувцсаа өмсөх, тоглоомоо хураахдаа удаан байж болно. Хурдал гэдэг үг аман дээр тань гарч ирвэл ХИЧЭЭГЭЭРЭЙ хэмээх үгээр орлуулаад үзээрэй. Япон ээж нар “ганбаттэ” буюу “хичээгээрэй” гэж олонтаа хэлдэг байна.

💕 Эрүүл саруул байвал түүнээс эрхэм зүйл үгүй билээ. Та хэчнээн яарж байвч урт амьсгал аван “Миний хүүхэд эрүүл саруул байгаа нь талархам юм” хэмээн өөртөө хэлээд үзээрэй. Сэтгэл зүрхнийхээ угаас тайвширлыг мэдрэх болно.

💕 Энэ цаг түүнийг минь хөгжүүлж байгаа гэдэгт итгэх. Том хүний цаг, хүүхдийн цаг хоёр өөр тусдаа. Бидний хувьд ганц цаг нисэх мэт өнгөрөх бол тэдний хувьд бүхэлдээ таньж мэдэх, суралцах цаг байдаг. Иймд удаад байгаа хүүхэдтэйгээ харьцахдаа, энэ нь магадгүй түүний суралцаж буй алтан цаг нь байх гэж өөртөө хэлэх.

💕 “Тайван зан төлөвтэй хүүхэд өсч байна” хэмээн хүлээн авах.
Одоогийн байдлаар удаан, болхи санагдах боловч алсын нүдээр тайван, тулхтай хүүхэд өсч байна шүү дээ. Эерэг сэтгэлээр хүүхэдтэйгээ харьцацгаая.

💕 Хүүхдээ яаруулахгүй байх сонгодог арга бол урьдчилсан бэлтгэл юм. Жижиг гэлтгүй бүхий л ажлаа урьдаас бэлтгэх дадал зуршил нь ээжид тустайгаас гадна хүүхдэд сайн үлгэр дууриа болдог. Урьдчилсан бэлтгэлийн талаар тусдаа бүлэг нээн бичих болно.

💕 Хүүхэд хүмүүжүүлэх явцдаа өөрийн ямар шинж чанараа хөгжүүлмээр байгаа тухайгаа тунгаах. Ууралдаггүй тайван ээж болохыг зорьж болно. Хурдан гэж хэлэх амархан ч, амархан бус үйл хэрэгт бие сэтгэлээ зориулж үзвэл ямар вэ? Хүүхдэдээ хэлэх үгс нь таны сэтгэл зүрхний багтаамжийг илтгэдэг юм шүү.

💕 Хэрэв би хүүхдийнхээ оронд байсан бол хэмээн бодож үзэх. Ингээд болохгүй бол тэр арга байна гээд хүүхдэдээ санал болговол тэд гацалтын байдлаас түргэн гарах боломжтой болно.

Хэдүүлээ хүүхдүүдээ яаруулах нь ямар хор уршигтайг болон богинохон ч гэсэн яаруулахгүй байх аргаас хамтдаа уншицгаалаа. Одоо эцэг эхийн хүүхдүүдээ яаруулдаг буруу гурван жишээтэй танилцан энэхүү бүлгээ жаргаая:

1) Сүрдүүлэх. Хурдлахгүй бол орхиод явлаа шүү гэдэг. Хамгийн дотны хүн болох аав ээж нь хаяад явах нь хүүхдийн хувьд маш том айдас юм. Сүрдүүлэхээс татгалзацгаая.

2) Сэтгэл хөдлөлд автах. Дэндүү удаан хөдлөх хүүхдэдээ уурлаж бухимдана. Чангаар загнах, муухай харах, угзрах гэх мэт. Сэтгэл хөдлөлөө хэсэгхэн хугацаанд ажиглан, аль болох тайван хандацгаая.

3) Үл хүндэтгэх. Хэдий биднээс төрсөн хүүхэд боловч тэд тусдаа хүн гэдгийг ойлголгүй тулган шаарддаг. Өөрийн гэсэн цагтай, бодолтой, өөрсдийн хэмжээнд хичээл зүтгэл гаргаж байгааг нь хүндэтгэцгээе.

Дэлхийн сэтгэлзүйн эрүүлмэндийн өдрийн мэнд 🌟Өөртөө зөөлөн хандаж, өөртөө багахан цаг гаргаж чадсанаар ээжүүд тайван бай...
10/10/2022

Дэлхийн сэтгэлзүйн эрүүлмэндийн өдрийн мэнд 🌟

Өөртөө зөөлөн хандаж, өөртөө багахан цаг гаргаж чадсанаар ээжүүд тайван байх боломжоор цэнэглэгдэнэ!

#тайванээж #сэтгэлзүйнэрүүлмэндийнөдөр
#ээжүүд #ХЭРЭГТЭЙ

Нээрээ л нөхрүүд ингэж гайхдаг байхдаа 😅 гэхдээ ойлгох гэж хичээгээрэй ✨Жирэмсэн эмэгтэй төрсний дараа сэтгэл санааны ба...
10/10/2022

Нээрээ л нөхрүүд ингэж гайхдаг байхдаа 😅 гэхдээ ойлгох гэж хичээгээрэй ✨

Жирэмсэн эмэгтэй төрсний дараа сэтгэл санааны байдалд өөрчлөлт орох нь элбэг тохиолддог. Нийт төрсөн ээжүүдийн 80% нь сэтгэл зүйн хямралд өртдөг. Ялангуяа анхлан төрж байгаа ээжүүдэд илүүтэй тохиолддог байна.

Учир нь жирэмсэн байх 10 сарын хугацаанд цусан дахь эм бэлгийн дааврын хэмжээ өндөр түвшинд байдаг. Төрсний дараа тэрхүү дааврын хэмжээ огцом буурснаар сэтгэл зүйд өөрчлөлт гардаг.

Дааврын зохицуулга нь төрснөөс хойш 7-14 хоногт хэвийн байдалдаа буцаж ордог тул дааврын улмаас үүсч байгаа өөрчлөлтүүд нь эмгүйгээр засагддаг. Сэтгэл зүйн өөрчлөлтийн үед илрэх дараах шинж тэмдгүүд нь төрсний дараах эхний 14 хоногийн хугацаанд үргэлжилдэг байна.

Үүнд:
- уйтгарлах
- сэтгэл тавгүйтэх
- ууртай бухимдангуй болох
- сэтгэлээр унах
- уйлах
- өөрийгөө азжаргалгүйгээр мэдрэх
- урам хугарах зэрэг таагүй сэтгэл хөдлөлүүд илэрдэг.

Ямар арга хэмжээ авах вэ?

- Төрөх үед эмэгтэй хүн олон цагаар өвдөж, маш их ядардаг тул сайн амрах, нойроо хангалттай сайн авах

- илчлэг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэн алдагдсан эрч хүчээ нөхөх

- дотны найзууд нь үргэлж холбоотой байж, та ганцаараа биш гэдгийг ойлгуулан сэтгэлийн дэм үзүүлж байгаарай

- гэрийн ажил, хүүхэд салхилуулах, усанд оруулах зэрэгт нөхөр, гэр бүлийнхний тусламж авах

- Төрсний дараах сэтгэл зүйн асуудлаа бие даан шийдвэрлэж чадахгүй байвал та мэргэжлийн эмчид хандаарай.

Эх сурвалж: Medicmhelp

#тайванээж #төрсөнийдараа #төрсөнийдараахөөрчлөлт #төрсөнийдараахсэтгэлзүй

Тайван ЭЭЖ бай! 🌼 #тайван  #тайванээж    #Ээж  #ээжүүд  #Эзэгтэй  #эзэгтэйтаньд  #ХЭРЭГТЭЙ
29/09/2022

Тайван ЭЭЖ бай! 🌼

#тайван #тайванээж #Ээж #ээжүүд #Эзэгтэй #эзэгтэйтаньд #ХЭРЭГТЭЙ

Аз жаргалтай гэр бүлийн баримтлах 12 алтан дүрэмАз жаргалтай гэр бүл ямар байдаг вэ. Хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулах ч...
29/09/2022

Аз жаргалтай гэр бүлийн баримтлах 12 алтан дүрэм

Аз жаргалтай гэр бүл ямар байдаг вэ. Хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулах ч энгийн зүйлээс л аз жаргал эхэлдгийг ихэнх хүн анзаардаггүйгээс алдаа гаргадаг байна. Энэхүү энгийн зүйлийн нууц нь ердөө ярьж, сонсч, хүлээн зөвшөөрч, өгч, авч чаддаг байхад л орших аж. Ялангуяа өөрийгөө бусдын байр суурин дээр тавьж гаднаас нь дүгнэж сурах хэрэгтэй. Энд дурдсан хэдхэн үгэнд л гэр бүлийн аз жаргал оршдогийг сэтгэлзүйчид батлан өгүүлдэг.

1. Бүү үглэж янш. Үглээ яншаа зан, хэдэр, хэрүүлч ааш чамайг үнэ хүндгүй болгож хайр сэтгэлийг ч мөхөөж чадах аюултай. Эелдэг харьцаа эрхэм чухал

2. Бусдын санаа сэтгэлд таарч тохирч сур. Бусдыг өөртөө таарч тохируулах гэж оролдсоноос бусдад өөрийгөө таарч тохируулах нь хамаагүй амар гэдгийг санаж яв

3. Утга учиргүй бүү шүүмжил. Биенээсээ өө хайгаад байвал өөдтэй амьдарч чадахгүй. Ялангуяа хөндлөнгийн хүний дэргэд биенээ бүү шүүмжил

4. Ханиараа бахархаж бай. Хань ижлийнхээ сайн талыг чин сэтгэлээсээ биширч, бахархаж явах нь өөрөөрөө бахархсантай яг адил, учир нь чиний хань чиний л сонголт. Иймд ханиа магтан сайшаах, түүгээр бахархах бололцоо бүрийг ашиглаж бай.

5. Хань ижилээ халамжилахыг бүү март. Халамж гэдэг бол үйл хөдлөлөөс гадна халамж шингэсэн урам өгсөн сайхан үг бас чухал шүү

6. Гэрсэг бай. Чөлөөт цагаа аль болох гэртээ өнгөрүүлэх нь гэр бүлийн дулаан уур амьсгалд маш чухал. Ингэхийн тулд гэр орноо ая тохьтой байлгахыг хичээх

7. Утга учиргүй бүү хард. “Хайртай бол хартай” гэсэн хэлц үг байдаг боловч утга учиргүй үнэн санаанаасаа хардах нь маш аюултай ба тэр нь даамжраад өвчин болдог талтайг анхаарч яв.

8. Сонирхолоо нийцүүл. Ханийхаа сонирхолд өөрийгөө нийцүүлж сурах нь гэр бүлийн эвсэг уур амьсгалд маш чухал

9. Хадмуудтайгаа эвтэй бай. Хадмуудаа дахин хүмүүжүүлж чадахгүйгээс хойш аяийг нь дагах нь зөв. Аяыг дагаж чадахгүй бол холхон байсан нь дээр

10. Буулт хийж сур. Санал зөрөлдөөнтөй үед ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд буулт хийж чаддаг байх, уучлалт гуйж чаддаг байх.

11. Сэтгэлээ тайван байлга. Жаргал, зовлонгийн хэмжүүр бол хань ижил, үр хүүхэд, эд хөрөнгө, албан тушаал, эрх мэдэл биш зөвхөн сэтгэлийн тайван байдал юм. Хүн хэдий чинээ сэтгэл тайван байна. төдий чинээ жаргалыг мэдэрдэг. Иймд ханийхаа сэтгэлийг тайван байлгах талаар онцгой анхаарч сур.

12. Өнөөдрөөрөө амьдарч сур. Өнгөрсөн амьдрал бол зөвхөн сургамж Өнгөрсөн амьдралдаа хэт их харамсах, өөрийгөө болон бусдыг хараан зэмлэх, бусдад өширхөх, хэн нэгэнтэй тооцоо бодохыг эрмэлзэх зэргээр өнөөдрийн амьдралдаа нэмэлт ачаа өгч болохгүй. Ирээдүйн амьдралдаа хэт их санаа зовж, эрч хүчээ хий дэмий үрж, оюун санаагаа зовоож, мэдрэлээ ядрааж болохгүй. Ирээдүй болон өнгөрсөн үеийнхээ ачааг өнөөдрийнхөө ачаатай цуг үүрээд байвал ямарч хүчтэй хүн амьдралын аян замд бүдрэнэ гэдгийг анхаарч яв.

Мэдээллийн эх сурвалж: News.MN
Сэтгэлзүйч Ц.Алтанзаяа

Ээж бол гэрийнхээ цаг агаар 🌈Ээж ямар байна хүүхдүүд яг тийм байна. Тайван ээж байж чадсанаар та гэр бүлийнхээ уур амьсг...
29/09/2022

Ээж бол гэрийнхээ цаг агаар 🌈

Ээж ямар байна хүүхдүүд яг тийм байна.
Тайван ээж байж чадсанаар та гэр бүлийнхээ уур амьсгалыг үргэлж хамгаална. ✨

#тайван #тайванээж #Ээж #ээжүүд #Эзэгтэй #эзэгтэйтаньд #ХЭРЭГТЭЙ

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when CalmMom posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share