13/02/2024
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний АНУ-ын Fox News сувгийн хөтлөгч асан Такер Карлсонд өгсөн ярилцлага дэлхийн нийтийн анхаарлын төвд байв.
Ярилцлагынхаа турш Путин өнөөдөр Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнаа зөвтгөх түүхийн баримтуудын талаар ярьсан юм.
Тухайлбал тэр олон зууны өмнөх хил хязгаарын зургаар тухайн үед Украин гэж улс байгаагүйг батлахыг оролдож байв.
Тэгвэл энэхүү ярилцлагын дараа X сошиал платформд (хуучнаар Твиттер) Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нийтэлсэн мэдэгдэл олон сая хүний анхаарлыг татаж, дуулиан дэгдээгээд байна.
Ерөнхийлөгч асан мэдэгдэлдээ 13 дугаар зууны үеийн Монголын Эзэнт Гүрний газрын зургийг хавсаргаад “Путиний ярилцлагын дараа би Монголын түүхэн газрын зургийг олж үзлээ. Бүү санаа зов. Манайх бол энхийг эрхэмлэгч, эрх чөлөөт улс” гэж бичжээ.
Энэ нь Путиний түүхэн хил хязгаарыг сэргээх гэсэн оролдлогыг шүүмжилсэн хэрэг байв.
Элбэгдоржийн мэдэгдэл энэ мэдээг нийтлэгдэх үеийн байдлаар 8.2 сая хандалт, 23 мянган репост (дахин түгээлт), 100 мянган "лайк" цуглуулж, 2.6 мянган сэтгэгдэлтэй болсон нь X платформыг хэрэглэдэг монгол хэрэглэгчдийн хувьд дээд амжилт болсон гэж хэлэхэд хилсдэхгүй байх.
Түүний мэдэгдлийг Оросын зарим хэвлэлүүд нэлээд хурцаар шүүмжилсэн байна.
Тухайлбал тус улсын мэдээллийн гол сайтуудын нэг pravda.ru “Монголын өнөөдрийн байгаа бодит байдал Оросыг шүүмжлэх хэмжээнд биш” гэсэн утгатай гарчиг бүхий өгүүлэл нийтэлжээ.
https://x.com/elbegdorj/status/1756818696700657935?s=20