07/01/2025
Р.Эмүжин: Хүүе энэ Оюунгэрэл чинь Их Нацагдоржийг архичин гэж 21 аймгаар сурталчлаад байна.
За одоо дахиад заргалдана аа. Үхсэн хүн үг хэлдэггүй ч гэсэн үлдээсэн бүтээлүүд нь үзэл санаа түгээдэг юм. "Пагмадулам" уран сайхны киноны Нацагдорж архи ууж ойчоод, гутарч ойчоод, дахин архидаж ойчоод...хэдэн ч удаа годройтов доо. Гэтэл Дашдоржийн Нацагдорж 30-хан наслахдаа Орос, Германд суралцаж, жанжин Сүхбаатарын дэргэд 15 настайгаасаа ажиллаж, 100 шахам дуурь, жүжиг, өгүүллэг, яруу найргийн бүтээлүүдээ Монголын ард түмэнд үлдээжээ. Түүнээс гадна герман, орос хэлнээс Эдгар Аллан По-гийн "Алтан цох", Чеховын "Төрөлх орноо хайрлагч", Пушкины "Анчар" зэрэг 50 орчим томоохон бүтээлийг уран яруу орчуулан уншигчдад хүргэжээ. Жил 365хан хоногтой, энэ хүн 10 950-хан хоног газар дэлхий дээр амьдрахдаа хэдий завандаа хонон өнжин архидаад, хоолтой хоолгүй архидаад, гутарч гуниж архидаад, бас хажуугаар нь үлбийтэл шартаад, үзвээс шоудаад, тэгснээ энэ олон бүтээлийг туурвисан байх уу? Үнэхээр тийм архичин, тэгтлээ анхиагүй сул дорой нэгэн байсан юм бол яаж, ямар эр зориг, хүсэл тэмүүллээр энэ том зохиолуудыг барьж авч, хонон өнжин, хэдэн мянган цагаар ажилласан байх уу? Киноны продюссер гуай арьсаа хамгаалах гээд "Бид Германаас мөнгө авсан байх уу" гээд гэдэлзэж годолзож байна. Германчууд ийм бантанд орооцолдохгүй л дээ. Би асуугаад байна шүү дээ. Үгүй болсон Нацагдорж мөнгө төлөөгүй учраас ядаж "Учиртай гурван толгой" алдарт дуурийг нь Бөмбөгөр ногоон театрт тавьж байгаагаар 30-хан секундын дүрс оруулахаасаа та нар цааргалсан уу? Хятадууд мөнгө төлсөн учраас Сүн Ү Күн-ийг хэсэгчилж оруулаад, Пагмадулам Хятадын уран зохиолын таван оргилоор Нацагдоржид хичээл заагаад гүйчихсэн үү? Монголын эмэгтэйчүүдийн холбооны Оюунгэрэл 12 сарын 26-ны өдөр нүүр хуудсандаа Хятадын элчин сайдын өрөөнд морилон уулзаж 2025 оны хамтын ажлаа ярилцлаа гэж постлосон байна билээ. Их Нацагдоржийг киноны турш архидуулчихаад, тэр киногоо аваад хөдөө аймгуудаар гаргаад, баахан хүн холбооныхоо нэрээр цуглуулж үзүүлээд явсан, орон даяар их зохиолчийг архичин гэж сурталчлаад байгаа юм уу? Энэ киноны зохиолыг бичсэн Батбаяр гэж залуу санаагаа урагшаа зарчихсан уу, эсвэл Батбаярын ажилладаг Тагтаа паблишинг соёлын солилцоо нэрээр хөлсний юань халаасласан уу, нэг бол продюссер Оюунгэрэл гуай нүд шүдээ гялалзуулаад оюун санааны, түүхийн наймаа хийчихсэн үү? За би дахиад асууя. Хэдхэн жилийн дараа Очирбатын Дашбалбарыг, Бавуугийн Лхагвасүрэнг хятад юм уу, орос зөвлөх, эсвэл багш, нэг бол бүүр эхнэртэй байснаар та нар гаргах уу? Пагмадуламыг тодотгох гээд Нацагдоржийг золиослосонтойгоо адил юм хийчихээд гүлдийгээд зүтгэх үү? Тэгдэггүй юм аа, тэнэг нь урдаа, тэнхлэг нь ардаа гарсан хүүхэн гуай. Нацагдорж, Явуухулан, Дашбалбар, Лхагвасүрэн, Пагмадулам...тэд бүгд хувь хүн байхаасаа аль эрт өнгөрсөн, тэд бол Монголын түүхийн нэг хэсэг, Монголын оюун санаа, үзэл бодол, үнэ цэнэ болчихсон гэдгийг ойлго, түүхээ хайрла, түүх бүтээгчдээ хайрла, үзэл санаа тээгчдээ хайрла, дэлгэц ба ном зохиолд гаргахдаа тэдэнд архи уулгаж, хятад хар торгон хантааз нөмрүүлэхдээ болгоомжтой ханд, монголчуудад хүндэлж хайрлах нэг ч гэсэн хүн, нэг ч гэсэн дурсамж үнэ цэнэтэй! Юугаар оролдож байгаагаа мэдэхгүй бол гэртээ харь, унш, бод. Тэртэй тэргүй Монголын түүхийг гадныхан хангалттай гуйвуулж байна, та нар нэмж гуйвуулаад, мөнгөөр зодоод, өнгөөр будах юм уу? Хэлмэгдүүлж үр үндсээр нь арчина, заргалдах хүн үлдэхгүй болтол барж байгаад түүхээр нь тоглоно, ийм байж болох уу? Нацагдорж, Пагмадулам нарын түүхийг хятаджуулан зуурсан энэ бусармаг явдал өөр хэний гэр бүлд, хэний намтарт цаашдаа давтагдах вэ? Нацагдоржийг үхсэн хүн гэж элэг барив уу, үгүй, олон олон монгол хүний зүрх тархинд мөнхөрсөн их бичгийн эгэлгүй амьд бурханаар оролдсоноо мэдэж ав. Дахин хэлье, "Пагмадулам" уран сайхны киноны санхүүжилтийг АТГ шалгаж өгнө үү! АТГ-т холбогдох байгууллага, хороо, Нацагдорж сан энэ тэр байвал өргөдлөө өг дөө, дэмжье!