20/10/2020
ХУРДАН МОРИНЫ САН ХИЙГЭЭД МОРЬ ХУРДЛУУЛАХ УВИДАС СУДАР БҮТСЭН ТҮҮХЭЭС жич:!!copy!!
Өөртөө олон жил нандигнан хадгалж ирсэн, урьд өмнө огт нийтлэгдээгүй хулсан үзгээр тод монгол үсгээр бичсэн “Сайн морины шинж” сударт буй 30 шахам морины шинжийг тулгуур болгон өөрийн олж үзсэн хурдан морины тухай судар номын хүрээнд багтааж морины тэнгэртэй монгол түмэндээ зориулан зориглон товчоолон өгүүлэв. Монгол улсын Тод манлай уяач Данзаннямын Даваахүү
Түүний товч нь :
1. Дөрвөн хөлсний авах энэ буй
2. Азарга талбих ивээл зүс
3. Морины сайны билэг тэмдэг
4. Сайн морины шинжийн бүлэг эдгээр болно.
Тэтгэгч өглөгийн эзний санасан номын ёсоор бүтэх болтугай
1. Хэй хингийн аймаг
Мэлхий толгойтой, нүдний ухархай нь таван хуруу багтахаар уужим. Магнайн мах нь дундуураа тасархай, салдархай нь тасархай, аман хүзүү их, эрүүний ангалзуур уужим, хэлний хэвтэш агуй, хүзүү нь зүрийн хүзүү мэт нарийн урт, амны мах нь их, богт чөмөг урт, бүдэрхий их, булчин бүлтгэр, дал урт бөгөөд өргөн, хөх мах нь бөх хүмүүсийн хөхтэй мэт мөрний цаана мөр мэт, оморхуу нь уужим суга хавчиг, бэлбэрхий нь гурван хуруу шилбэ нь нэг төө, сагаг нь монцог мэт. Туурай нь харцагын өндөг хага үл гишгэх хонхорхой. Сэвэнхий нь бат баригсан овоо мэт, сэвэнхийн нь хавирга нь матсан араг мэт, өнчин сүвээ ташаа хоёрын хооронд гурван хуруу үл багтах, ташаа нь жигүүр мэт дэрэвгэр, сүүлний оноо нь тэмээний шагай багтахуйц уужим. Охор сүүл нь хотгор, сүүл нь гургалдайн сүүл мэт, түүний хялгас нь ёнхор утас мэт нарийн, гэдэс нь бумба мэт, борви нь мэргэн эрийн эрхий мэт.
Дотоод шинж:
Шүдний хавсархай чацуу гурви нь ганц бөгөөд гүн, өнгө нь дун шиг цагаан, хув мэт шар, соёоны завсар эрхий эргэх зайтай. Бүлх нь чухал бөгөөд шандас нь бүдүүн зөөлөн сайн. Цөгц нь сувгал болоод уужим,
Хатгуур нь хөх шар давхар болоод хүрээтэй, шүдний завсрын шиг мах нь урт болоод хавтгай, шүдэн бүрий завсартай чөлөөтэй болбоос сайн. Яс нь хэм үгүй нимгэн, түүнийг танин мэдэх нь хавирга нь урт нарийн моголцог болоод бөх урт байх. Цусны сайныг нүдэн үзээ. Нүд нь улаан бөгөөд гишүү улаан бөгөөс цус ьн магад сайн. Үс нь хурц ширүүн болбоос бугын ноос мэт. Энэ хоёр үсний аль нь боловчиг сайн. Энэ 53 шинж бүрдсэн морийг Хэй хингийн аймаг хэмээмой.
2. Марчин хинга
Хэмээхийн толгой гэдрэг ясан толгойтой хүзүү нь эрт, аман хүзүүгээр гүвдгэр, хамрын дугуй дунгийн амсар мэт.Доод уруул нь хандгайнх мэт, мэлхий мэт зовхитой, ухархай нь таван хуруу багтах тийм уужим. Манлайн мах дундуураа тасархай, чих ьн тасын хунган сөд мэт, салдархай нь тасархай, эрүүний ангалзуур уужим, хэл нь хавтгай, туурайн мөнгөн цөгц мэт гүн. Ташаа нь тасын далавч мэт. Сүүлний он нь тэмээний шагай багтах уужим. Гэдэс нь бумба мэт, борви шударга, бүх бие нь цэвэрхэн байдалтай.
Дотоод шинж нь:
Шүдний хавсарга чацуу гурви нь ганц уужим. Өнгө нь дун мэт цагаан. Соёо нь эрхий эргэхээр хол. Цөгц нь уужим хатгуур шар хүрээтэй. Шиг мах нь хавтгай болоод урт. Шүд нь завсартай чөлөөтэй, ясны хэм үгүй. Түүнийг танин мэдэх нь хавирга нарийн моголцог урт болоод бөгтөр. Бүлх нь чухал болоод шандас нь бүдүүн зөөлөн тэр сайн.
3. Чигчин хинга.
Хэмээгчийн толгой нь гутал мэт. Чих нь үнэгний чих шиг, бяцхан сэртгэр. Хамрын самсай нь бүрээний ам мэт. Дуу нь тэмээний дуу мэт. Уруул нь хандгайн уруул мэт. Нүд нь үхрийн нуд мэт. Зовхи нь мэлхийн зовхи мэт, магнайн мах нь дундуураа тасархай, салдархай нь тасархай, Эрүүний ангалзуур уужим. Хэлний хэвтэш өргөн хэл нь урт хавтгай, богт чөмөг нь урт, бүдэрхий их, аман хүзүү их, хүзүү нь урт, дөрвөн туурай нь аяга мэт. Сээр нь өндөр ташаа нь өндөр, сүвээний хоёр хавирга нь түлхүү мэт, ташаа нь жигүүр мэт.
Дотоод шинж нь:
Соёоны завсар хуруу эргэх, цөгц нь шар хөх судалтай, шиг мах урт. Нүдэн бүрийн завсар яс нимгэн, хавирга нь нарийн моголцог. Бүлхний ар нь уужим, шөрмөс нь бүдүүн чанга.
4. Матааст Хулан.
Хэмээгчийн толгой хатингар, ямаан хоншоортой. Цээж нь арслан мэт. Дөрвөн хөл нь нарийн уужим цалгай хол. Хамрын дугуй нь их, уруул нь дорвойсон их, Мэлхийн зовхи мэт зузаан зовхитой. Чих нь нимгэн. Нүдний хар нь бага, цагаан нь их, салдархай нь завсартай, эрүүний ангалзуур нь уужим. Зүр мэт нарийн нарийн урт хүзүүтэй. Ам нь их, богт чөмөг нь урт, бүдэрхий их, хөх мах их, дал их, уруул их, суга нь хавчиг, бэлбэрхий нь гурван хуруу, шилбэ нь төө, сагаг нь сэгсгэр, дөрвөн туурай нь аяга хөмөрсөн мэт, таван овоо тэгш, сэвэрхий нь гунагар, хавирга нь араг мэт. Өнчин сүвээ ташаа хоёрын хооронд гурван хуруу үл багтах уйтхан. Охор сүүл нь хотгор сүүл, судас моголцог, бүлх нь цухал. Шандас нь битүү зөөлөн махтай, шөрмөс нь бүдүүн тэр сайн.
Дотоод шинж нь:
Дээд шүд нь илүү ховилтой, өнгө нь өчүүхэн шар, соёо нь хойшоо матаастай. Хэл нь нимгэн, хавирга нь нарийн энэ дөчин шинж төгсвөөс матааст хулан гэнэ.
5. Өнчин хэт.
Хэмээгчийн толгой хатингар чих нь нимгэн урт, нүдний хар бага, цагаан их, хамар их, дээд уруул ихтэй зовхи өндөр, магнай нь мах нь тасархай, сандархай нь завсартай, аман хүзүү их эрүүний ангалзуур уужим, хэл нимгэн, зүрийнх шиг урт нарийн хүзүүтэй, бүдэрхий их, булчин нь бүлтгэр, хөх мах их, омруу нь уужим, сагаг нь монцог мэт туурай нь аяга мэт, хондлой дээрээ эргүүлэгтэй. Хавирга нь араг мэт. Өнчин сүвээ ташаа хоёрын хооронд хуруу үл багтах, ташаа нь бүргэдийн далавч мэт. Сүүлийн оноо нь их шагай багтахаар зайтай, сүүлийн хялгас нь ёнхор утас мэт. Гэдэс бумба мэт, борви нь мэргэн эрийн эрхий мэт.
Дотоод шинж нь:
Шүдний өнгө хөхөвтөр шил мэт, хавирга нь чацуу, шүдний дээрд доорд хоёр нь ховилтой, өнгө нь дун цагаан, соёо нь зайтай, цөгцний сувгал уужим бөгөөд шиг мах нь урт шүдэн бүрийн зайтай нимгэн, хавирга нь нарийн моголцог, шөрмөс нь бүдүүн, шандас нь нарийн хатуу энэ 43 шинж бүрдвээс өнчин хэт хэмээмүй.
6. Хулсан таяг.
Толгой нь урт болоод хатингар, нүд нь сэтгэл нийлэгсэн эр эмийн харцтай, бие нь тэгш нарийн, дөрвөн хөл нь нарийн гишгэц тэгш, дээд бие агуу, доод нь хомс, хоншоор ташаа их, хоёр гуя хавчуу, үс нь ахар, сүүл шингэн бужирхай, хөхөл үгүй, борви шударга, омруу хавчиг, уруул нь охор бяцхан, хүзүү нарийн гүрдгэр, туурай хавтгай төмөр аяга мэт, бэхэвхий урт, булчин бүдүүн тэгш, хавирга нь урт. Омруунд нь үс сэрвийн байх. Сүвээ ташаа хоёр нь төө илүү завсартай.Хамар нь дун бүрээний амсар мэт, дух магнай нь мах нь дундуураа тасархай. Аман хүзүү нь их, эрүүний ангалзуур уужим, богтос чөмөг урт, бүдэрхий их, хөх мах нь бөх хүнийх шиг, дал их, сагаг нь молцог мэт, борви нь шударга өргөн хавтгай, хавирга нь нарийн матсан араг мэт, ташааны жигүүр даравгар, сүүл нь гургалдайн сүүл мэт чивчгэр өөд уруу адил гүйнэ. Мориноос ганц илүү дийлүүлж тэр сар бариад довтолбол илүү сайн. Ясан сүүл муруй,олон адууд урд явна. Энэ морь хуртайд үл гүйх. Гүйвэл моринд гартах, шүдний хавсарга завсартай, ховилтой, өнгө нь бяцхан цагаан соёонб завсар чөлөөтэй, доороо үл таргалах түргэн цохилуу эцэх.
7. Оодон сүүл.
Толгой нь хатингар, ямаан хоншоортой, могой нүдтэй, тугал магнайтай хатингар, чих нь сөд мэт, хамар нь дун бүрээний амсар мэт. Уруул их, мэлхий зовхитой, магнай нь мах нь тасархай,салдархай нь тасархай, аман хүзүү их, зүр мэт нарийн хүзүүтэй, дал нь урт, эрүү их, хөх мах нь их, мөр их, омруу нь урт болоод уужим, суга нь хавчиг, бэлбэрхий гурван хуруу, туурай нь харцагын өндөг хага үл гишгэх, сэвэрхйи бат баригдсановоо мэт, хавирга нь яргай мэт, бүлх нь уужим, шандас нь нарийн хатуу, гүймхий зальч, хэлний хэвтэш аяга мэт. Ааль нь үнэг эрэгсэн бүргэд мэт. Шүдний дээд дөрвөн шүд нь бусад дөрвөн шүднээсээ богино болоод хавтгай, яс нь нимгэн хавирга моголцог амуй.
8. Хүүхэн цэмцэг.
Толгой нь урт хатингар. Тэргүүн дээд ургах яс буйхуц хамартай. Чих нь уран эмийн хайч мэт, шүд нь их, уруул нь зузаан, хоёр хацар дэл, омруу хийгээд бүх биед ерэн эргүүлэг буй. Эрүүний ангалзуур уужим. Хэлний хэвтэш малдтагдсан мэт, хүзүү нь урт, хөх мах нь их, омруу нь уужим, борби шударга, бэлбэрхий нь гурван хуруу, шилбэ нь төө, туурай их, хавирга нь урт нарийн, ташаа сүвээний завсар гурван хуруу үл багтах ойр болбоос маш сайн. Сүүлийн оноо нь тэмээний шагай багтахаар уужим. Дух, сээр олон яс нийлэх тэгш, гагцаар уяваас үл тогтох, морин лугаа хамт уяваас эмээл дээр толгойгоо талбих, хөтөлж явбал урьд хожид үл явах, сайвар явдалтай сайхан аальтай. Шүдний дээд хавсрага бага , илүү завсар нь хий олон болбоос сайн. Дээд шүд нь улаан зувагтай, шиг мах хавтгай, бүлх нь бүдүүн зөөлөн болбоос тэр нь сайн.
9. Хүүхэн царцаахай.
Толгой нь хатингар, бор болжмор толгойтой, биеийн байдал нь чоно мэт, ширүүн авиртай бус. Шинж нь хүүхэн цэмцгэр лүгээтэй адил. Энэ шинж төгсвөөс цагцаахай шувууны шүүргэн хуухэн царцаахай хэмээмой.
10. Хар дух.
Толгой нь бага болоод моголцог, чих нь сэртгэр, анзаргай нь бөхөгөр, хамар нь бүрээний амтай адил, нүд нь хүний нүдтэй адил, зовхи нь мэлхийнх мэт, уруул зузаан, ухархай нь тавах хуруу багтах тийм хүнхэгэр, салдархай нь тасархай, аман хүзүү их, дал нь урт, өргөн их, шилбэ нь төө, туурай нь цөгц мэт, бэлбэрхий нь гурван хуруу, сагаг нь молцог мэт, яс нь нимгэн, хавирга нь нарийн моголцог, сүвээ ташаа хоёрын хооронд сөөм зайтай, охор сүүл нь хотгор, сүүл нь шингэн хялгас нь гялгар, шүд нь урт болоод цөгц мэт, ховил нь шүдтэйгээ чацуу, шиг мах нь хавтгай, шөрмөс нь нарийн болоод чанга. Явахдад амаа хэлтгэлцэж явах. Энэ морь уралдахын цагт доороо давин явбаас гүймүй.
11. Хайлаасан багана.
Толгой нь урт хав шинжтэй, шанаа их, нүд нь дүгрэг, бүлтгэр маш хурц, зулай нэг төө, ам нь бага, шүд нь нарийн моголцог, урт /аранзал/ соёо нь урт, завсар уужим, хэлний хэвтэш агуу. Эрүүний углаар уужим, уруул нь нимгэн, сэрвээ их, хавирга матаастай, хүзүү богино, моголцог дөрвөлжин, таван овоо тэгш, цээж нь зураг мэт, сүвээ ташаа хоёрын завсар дөрвөн хуруу багтах, тэгш, ташаа нь бүргэдийн жигүүр мэт. Булчин нь бүдүүн, шандас нь чанга болоод цухал. Бэлбэрхий тэгш гурван хуруу, туурай нь нэг барим дүүрэн. Ялангуяа түүнийг таних хялбар, ину дээсээр уруулаас дээш толгой хүртэл хэмжээд түүнийг хоёр хүвь болгоод турууны үснээс дээш бэлбэрхий хүртэл хэмжээд гурван хувь болгоод оройн овооноос сүүл хүртэл хэмжимүй. Ясан сүүл урт хатуу, гуя их, хас их, борби шударга. Дөрвөн хөл нь уулзан гишгэнэ. Шандас гурав, сагаг сахлаг, хөх мах их, омруу их сөстэй, согооны бэлэгтэй.
12. Үнэгэн цомцог.
Магнай дээр дөрвөн уялга, өндөр ястай буй, сагмай бага, дэл сүүл шингэн, ам нь зөөлөн. Бүх биед жаран уялга буй. Хөтөлж явбаас зүтгэх, татах үгүй. Морьтой хамт явбал эмээл дээр толгойгоо талбих. Түүгээр нь тань хөл нарийн, хүзүү урт, гуя бүдүүн сайн гүйдэг. Уураа дарж явдаг. Толгой бага, хоншоор урт хэвтүү биетэй.
13. Үнэгэн зоо.
Толгой бяцхан, шовх хошуутай, хүзүү нь урт, үүрсэх дуу их. Бие нарийн, хавирга бошино, матаастай. Үнэг шиг өчүүхэн чихтэй. Нүд бүлтгэр, тэргүүн хүзүү, бие зэрэг нарийн, зоо харгам маш сайн. Үнэг мэт сүүлтэй. Хөл тэгш олдошгүй бэх, үргэлж шогшиж явах бяцхан гишгэдэлтэй, хүзүү дээгүүр нахис сагаг нь өчүүхэн, толгойгоороо үргэлж тоглож бөхийж явах, хэвтүү биетэй. Олон морьтой хамт үл явах, ганцаар явах, улам хол гүйх, нүд ширүүн, хазгай амтай. Дөрвөн хөл улдахгүй, таних хялбар олонд эрвэл олдоно. Дух нь их, хавиргалж явна.”Газар амьт” хэмээх нэртэй. Хүзүү салдаргын түүгээр тасархай, 22 хаалга” нэрт шүдтэй. Шүдний үзүүрэг тэгш дөрвөлжин, уруул нарийн судалтай, дунд хоёр шүд нь хотгор шар хиртэй.
14. Хатан хараа.
Толгой бүдүүн, нүд бага, ам, уруул, хамар их, нарийн сэрэвгэр чихтэй, үүрсэх дуу нь харжигнах, бүх биед нэвт арван хоёр эргүүлэгтэй. Дэл сүүл нь цагаар буй эцэхдээ үрэж, цочих буй. Шүд нь хонины шүд адил.
15. Хулан хараа.
Гэгч морины хэлбэр нь олон адуунд явахдаа түрүүлж явах, олон хшнийг үзэхдээ дунд орох, сул явахдаа толгойгоо дохиж явах, бие нь сайхан, саглагай нь үс сахлаггүй.
16. Толбот морь.
Дөрвөн таваг тэгш, магнай хүзүү хоёрт ес илүү уялга буй. Мөн бусад газар зуу илүү уялга буй. Ер нь бие захад олон эргүүлэгт морийг сайн морины зах гэдэг. Ялгуун аальтай, хоншоор урт, уруул нь их сүүлний яс хазгар.
17. Бүдүүн хүлэг.
Дөрвөлжин толгойтой, нохой хамартай, оготнын нүдтэй, урт хүзүүтэй. Дөрвөлжин биетэй, хотгор нуруутай. Цээж бөгс нь тэгш, гуя бүдүүн, ам нь агуу, цээжиндээ есөн эргүүлэгтэй, бөгсөндөө найман эргүүлэгтэй. Энэ морь цуцахгүй, унтахгүй, хээр, морь мориноос илүү сайн. Олон адуунд орж явахад угтан харах, эрэхэд тарган цатгаланд нь үзвэл дээр гурван овоо тэгш доор, хэвэл бумба мэт. Нүд чих нь дэлдээ дарагдахгүй. Дээд уруулаас доод уруул их, урд туурайнаас хойд туурай их.
18. Эрхэм хүлгийн шинж.
Толгой бага, хүзүү нь богино. Бүх бие нь хоньмэт тэгш, магнай нь арьс нь хатуу, үсгүй, хөлс үгүй, дөрвөн хөл Хулмастай. Зан нь өнөр, жин үдэд хэвтэх тэргүүн, хоёр мөр, тахим, хоёр хаанд арван хоёр эргүүлэгтэй, бие дээр олдохуйя бэрх нэг ямах багтах нүх буй. Сар засаж нэг өдөр нэг шөнө хоёр цуг өвс өгч цатгаад довтолбоос зуун мориноос гарах сайн. Түргэн довтолбол зэрэгцэж үл хоцорно. Хэт холоос гүйцнэ. Хазаар дарж маш хол явна.
19. Үхэр хөлгийн аймгийн эрхэм нь төмөр дөш
Толгой нь урт болоод махгүй, хамар нь баривын ам мэт. Дух нь өргөн, уруул нь хандгай мэт. Нүд нь бугын нүд мэт бөгөөд сэтгэл нийлэгдсэн янаг эр эм хоёр нэг нэгээн нууж харалцах мэт харцтай. Нүдний хар нь бага, цагаан нь их, улаан судас нь хүрэнхэн, зовхи нь мэлхийнх мэт, ухархай нь гурван хуруу багтахуйц хүнхэр. Магнай нь тугал мэт, чих нь тасын хутган сөд мэт урт болоод нимгэн чанга, салдархай нь тасархай, аман хүзүү их, эрүүний ангалзуур эрхий эргэх мэт, хэлний хэвтэш зуух малтагсан мэт. Суга хүзүү нь их, булчин бүлтгэр, дал нь урт болоод өргөн их. Хөх мах нь бөх хүнийх мэт. Цээж их, булчин ьн арслан мэт, бэлбэрхий гурван хуруу, сагаг нь молцог мэт. Туурай нь өндөг хага үл гишгэх хонхир. Толгойн овоо магнайн овоо нь төмбөгөр, олон яс нь овоо мэт. Ташааны овоо өвчүүний үзүүр овоо тэргүүт таван овоо нь тэгш болоод их, өндөр нь сайн. Давихаас хойш хавирга нь матаастай араг мэт. Ташаа сүвээ хоёрын хооронд сөөм завсартай. Ташаа нь бүргэдийн савар мэт далдгар, охор сүүл нь гарын нударга багтах уужим, хотгор. Сүүл нь гургалдайнх мэт. Хялгас нь ёнхар утас мэт эрчимтэй. Гэдэс нь бумба мэт, борви нь шударга, янз байдал нь тарвагатай адил.
Дотоод шинж нь:
Шүд бүр нь дун мэт цагаан болоод өргөн, цөгц нь сувгал болоод хөх хүрээтэй. Соёо нь гурван хуруу багтах зайтай, өндөр, үзүүр дээрээ цөгцтэй. Яс нь хэм үгүй, шандас нь бүдүүн болоод зөөлөн. Явахдаа улаан цагаан хөх буруу явах, уудаан дарах бөшөөд авч зугтах, уралдахад төмөр амгайтай, ташуур барьж доороо давин явбаас магад гармуй. Энэ 54 шинж бүрдвээс төмөр дөш хэмээ.
20. Төгс үхэр.
Шүд урт, матаастай, моголцог хавтгай боловч аранзул, шат гэрэлтсэн далгар хөнхөрхий, тэлүү байдалтай. Дотор хар цагаан сар холимог шинж буй. Зүтгээ отго, аранзул, ховил, хот, хөх мэлхий ажгир, хөх. Үрэл хая, марал хая хар татуур, хиазат гадар дотор хэнгэ хийт эдний их нь болох соёо бүдүүн урт, моголцог хавтгай боловч мянгад бэлэгтэй. Эдгээр шинж төгсвөл хуяг, уралдаан, хээр, гэрт төгс үхэр гэгч буй.
21. Завсрын хүлэг гэгч.
Төгс үхрийн шинж нь олон болбол дөрвөн өндөр гурван агуу, гурван бүлтгэр, гурван урт гэж буй. Цохилуур өндөр огторгуйд цойлсон мэт, сээр өндөр уулын үзүүр мэт. Хурвицаг өндөр хөдөөний ганц дов мэт. Ахар сүүл өндөр, өндөр хаданд шаасан төмөр гадас мэт. Омруу агуу бамбай багтах мэт. Хувирцаг агуу аягатай тарагүл асгарах, хөх мах арван зургаатай охины хөх мэт. Далбар мах гүзээ дүүрэн ус төвшин газарт тавьсан мэт. Хайнаг мэт хүзүү урт, чих нь урт тасын сөд мэт. Гуяны урт гурын гуя мэт, хэл урт нохойн хэл мэт, хавирга урт шинийн гурваны сар мэт. Гулзан биетэй дээр доор тавиу. Арван хоёр яс тэгш, хоншоор гүдгэр, мөлгөр хамартай, мөгөөрс сунгуу, ам, нуруу, моголцог, салдархай тасархай, буга эрүүтэй мэлхий нүдтэй. Ухархайн мах хоёр хэрээ нэг мэн /идэш/ зуусан мэт. Дөрвөн хөл цэх, шөрмөс бүдүүн шилбэрхий үргэлж, цээж бөгс тэгш. Хазлуур нь бүргэд жигүүрээ зуурам дэлгэсэн мэт. Гол зоо хоёрын арьс их, зузаан, дэл сүүлийн үс өтгөн, дөрвөн туурай шаазан хөмөрсөн мэт, сүүлийн хялгас хаднаас буух ус мэт.
22. Их үхэр.
Их биетэй бөгөөд чац нуруу тэгш, дээр доор тавьу, арван хоёр яс тэгш, чих, нүд, их хүзүү урт, толгой урт, мөлгөр хамартай. Дэл сүүл өдвөр арьс зузаан, хавирга хөвхгөр, ташаа далдгар, дундуураа бүдүүн шударга байдалтай. Түн түн гэсэн хатиртай. Газарт бага шиг эвтэй. Хөшүүвэр байдалтай болбол их үхэр гэгч тэр. Шүд хааш хэрэг боловч урт хавтгай хүнхгэр байдалтай.
23. Баатар үхэр.
Яглагар, цээж бөгс тэгш их хар махтай. Арьс зузаан, үс хатуу, дэл сүүл өтгөн үстэй. Ам хамар даравгар хуниастай. Цох хавтгай, гурвалжин, улбар нүдтэй. Бүлх шөрмөстэй. Бүдүүн цахир цагааншар шүдтэй. Шүдний үзүүр ёзоор тэгш, ховилтой, соёо бүдүүн моголцог байдалтай.
24. Хазгай үхэр.
Дээд доод тавиу, шил татуу, гуя урт, толгой гадагш, богт богино, хавирга урт, өвчүү унжуу, цавь татуу, нугас бүдүүн голын хэмжээгээр, мөгөөрс сунгуу, газарт эвгүй, арван хоёр яс тэгш, шөрмөс завсартай нарийн хатуу, алгаг агуу, цээж давчуу байдалтай. Хуягаас уралдаанд сайн буй. Жалга харайх чийг балчигт нэн сайн.
25. Шадарсан үхэр
Нуруу урт, дөрвөн хөл богино, хавтгай арьс нимгэн. Дэл сүүл шингэвтэр, үс тачир, шил татуу, сээр өндөр, ташаа хөл, Хар мах бүлчин зөөлөвтөр боловч шөрмөс бүдүүн хатуу шилбэтэй үргэлж. Шүд урт хавтгай, богт урт. Шагайн чөмөг охор суунги байдалтай. Зөөлөвтөр хурдан болоод хол гүйдэг.
26. Ноцон үхэр
Хөл, нуруу, хүзүү толгой чих уртавтар, сүүл урт, омруу хүзүү гүлдгэр, цойзгор туурайтай, сээр, хурвинцаг цохилуур өндөр. Нүд нь унжуу шиг, уруул салбагар зөөлөн. Үс шингэн арьс нь нимгэн ботгон борвитой болоод шүд урт моголцог өлгөр үзүүрээр матаастай, далбагар, соёо урт хавтгай дэрсэн ховилтой. Бие унжуу байдалтай болбол бядуу холч зуны нэг нүүр гүйдэг.
27. Эргэлтэт үхэр
Дээр доор тавиу боловч дундуур бүдүүн магнай хавтгай, зурман нүдтэй, цөцгий бүлтгэр, зовхи нимгэн, чих дүгрэг өргөн ахар, шанаа дэлгүү, хүзүү хавтгай охор, арван хоёр яс тэгш. Чац хуруу тэгш, ахар сүүл ергүү, саглагар бүдүүн, хавирга гүргэр, сүвээ ойрхон, шагайт урт богтос ахар. Гол зоо тэгш, хар мах хатуу, булчин бүлх шөрмөсбүдүүн хатуу. Шүд хааш хэрэг болбол шар цагаан цахир, нуруу шударга байдалтай болбоос газар эвтэй. Хошуу тойрох, өөд газар сайн. Гүйдлийн байдлыг бие шүд үзэж мэдэх.
28. Их могой.
Бие гоолиг дээр доор тавиу толгой, чих, хүзүү нь урт, дөрвөн хөл урт нарийвтар өсгий их, тэргүүн хавтгай химгэн. Шөрмөс нарийн моголцог завсартай нүүр зэлэмгэр магнай хавтгай бүргэд нүдтэй. Хоншоор мөлгөр уруул зөөлөн, сул, хэл хавтгай нимгэн урт ам, нуруу моголцог, мөгөөрс сунгуу, цохилуур, сээр өндөр, ташаа дардгар зоо мах, нугас нарийвтар боловч гол мах нэн их. Хавирга урт матаастай хаа гуя хэмжээ адил, шүд нарийн урт моголцог дүгрэг бэлэгтэй. Ухаавар шар шүдний уг ил сайн. Зүгээртэй. Мянгад бэлэгтэй. Үргээ цочоогүй бие гарт эвтэй. Гурван хар цагаанд хурдлах зүрхэнд сум тусавч нэг хар цагаанд гүйх хуягт нэн сайн буй.
29. Бага могой.
Их могойн дундуур шинжтэй болоод гоолиг бэрэлзгэн биетэй болоод үхэртэй холимог болбол бага могой мөн гүйдлийн хэмжээг шүд, бие үзэж мэд.
30. Их Хулан.
Дээр татуу, доор тавиу хөл нуруутай арван хоёр яс тэгш шил татуу, цохилццр хурвинцаг, сээр охор сүүл, өндөр хавирга матаастай ташаа далдгар хазлуур нэн их гуя алцгар, бөгс суунги, цээж тэлүү, нүүр урт, чих урт мөгөөрс гоо. Нүд унжуулаг цөцгий бүлтгэр зовхи хүнхэр хөмсөг өндөр, туурай моголцог зузаан, шөрмөс хатуу, шүд урт хавтгай, цахир цагаан хавчуу цавчуу, цөмцгөр болоод бие хэнхгэр шил цогногор байдалтай.
31. Бага Хулан.
Их Хулангийн дундуур шинжтэй болоод цахир болд адил шүдтэй. Цоглогор байдалтай болбол бага хулан мөн. Гүйдлийн байдлыг шинжээр мэдэх боловч хэрээ нүдтэй нь чадамгай буй.
32. Мялаат янсаг.
Дээр доор талбиу арван хоёр яс тэгш уртаар өндрөөр тэгш боловч, сээр цохилуур хурвицаг, ахар сүүл өндөр, шил татуу, хавирга ташаа хэмжээгээр гулзгар нуруу туян гадагш. Богт хавчуу цээжтэлүү алгаг агуу дөрвөн туурай нимгэндүшрэг иртэй. Mагнай хавтгай, цөцгий бүлтгэр, зовхи нимгэн хоншоор гүдгэр, урт сул түгрэг. Зажлуур тэлүү, сагалдарга нарийн, мөгөөрс сунгуу, бошт ахар, шагай урт, ташаа дүгрэг. Уруул зөөлөн нимгэн, арьс дэл сүүлний үс нимгэн шингэн тачир шөрмөс завсартай үршэлж боловч хатуу. Газарт эвтэй болбол мялаат янсаг мөнх хуяг суманд хоригтой. Уралдаанд зуны өдөр хурдлаж хүрэх. Гурван хоног таван хоношт давгүй ирэх шшний дундуур шинж төгсвөл дундуур янсаг. Зарим нэг хэдэн шинжтэй болоод үхэр байдалта болбол үхрээс салсан бага янсаг мөн болно.
33. Цэхэр болд.
Толгой хатингар, чих бяцхан, магнай уужим, шүдний хавсарга богиго
Болоод хавтгай соёо нь шүднээс хол, эрүүний углаар уужим, бэлбэрхий нь богино, борви шударгуу. Хөх мах нь их, хавирга урт, хоёр ташаа нь өндөр, охор сүүл нь хотгор. Энэ морины хоёр нүд гархи мэт цэхэртэй, шүд бүрийн цөгц нь хотгор хөх болоод шар гархитай.
34. Харгай морь.
Өрөвгөр самсайтай, сэрх хөлтэй, шударга борбитой, ясан сүүл буюу сүүлний уг бүдүүн, бүлтгэр нүдтэй хөх дэл тачир, хоёр тийш дэлтэй, үс халцгай, эрүү цавьд арван эргүүлүүтэй тавхай нь хутганы ишийн чинээ зузаан. Хоншоор магнай нь дунд их бага гурван уялгатай. Чихээ хойш урагш ханчилж явах, хүзүү нарийн, хоншоор шударга, зузаан манлайтай хоосон болбоос гүйхгүй. Цатгаланд довтолбол хол гүйнэ.
35. Яргай хүлэг
Толгой уруул их, чих нь сэртэн урагшаа, ам нь хатуу, үс нь сөргүү, хөл нарийн, бие нь шулуувтар урт иймээс ч толгой сүүл нэн тэгш явдаг. Гэдэс нь их, бариад довтолбоос янз сайн хол харна, аянч, идэш нарийн, олон зохиж засагдвал холоос гүйнэ. Хавирга матаастай. Биед дөрвөн уялга буй. Биеийн харам маш сайн, нарийн хүзүүтэй, ижилсэг маш номхон шүд их, хэвэл их, нүд сайхан, туурайн таваг нь гүн, исгэрвээс, хүрээнд орвоос үл гүйнэ.
36. Зүр янзат морь
Хоншоор, толгой хүзүү нь шахам, шувуун хошуутай, самсаа үгүй, хоншоор бяцхан, хөхөл дэл сүүл шингэн, гуя нь их болоод хавчуу, ганцаар явбаас хашин, олон лугаа явбаас хурдан, наран унатал явна. Хүззүнд арван уялга манлай, цавинд арван найман уялга буй. Унаганд нь уябаас наран шингэтэл үл хэвтэнэ. Уруул зузаан хүзүү нарийн сайхан нүд нь маш хурц энэ морийг эрвэл олно.
37. Чоно бэгэр.
Толгой бага хоншоор их, уруул зузаан, чих урт, сэрвээ өндөр, богтрого их, бөгс өвчүү хавчуу, сүүл шувтан, хүзүү ахар, магнай дундаа гурван эргүүлэгтэй, багалзуур доороо долоон уялгатай, үзэхэд тэгш, хөл нарийн, ноос нь зузаан, хашин байх. Заслага их ордог, исгэрэх тутам гүйхийн учир угтаа исгэрч довтолбоос зохино. Эрт муу, оройн сайн гүйх, ялгуун зант.
38. Бор тогоруун.
Тэргүүн их, хошуу нарийн хөл нь нарийн шударга, бие тэгш бүдүүн улсэнд орвоос муу, хуртайд уралдвал үл гүйх. Зургаан өндөр хагсааж нэг нүүр /1 нүүр 10 газартай тэнцэнэ. 1 газар 776м/ довтолбоос нэгэн хэвээр гүйнэ. Морь мориноос гарах, тав насалтал хашин буй. Бүтэн өдөр ташуурдуулан алхлах бөгөөд өвдөхгүй, цуцахгүй. Үзэхүйц сайхан, танихад бэрх, сэрж шинжих хэрэг. Шүд нь иртэй цагаан бөгөөд тэрэмтэй, хөндлөн хугархай хотгор, чих ьн бяцхан.
39. Алтан цэгцүүхэй.
Аливаа явдал хэлэл үгүй төгс, мах нь ядам, хашин, хүзүүний хоёр талд нэвт дөрвөн эргүүлэг буй. Бага толгойтой, овоо, харгам, сүүл, нүд, уруул тэгш, үзэхүйд сайн. Ганц зан чийгтэй өдөр хэвтдэг, удган сайвар нь сайн буй.
40. Мэргэн тас борт.
Тэргүүн их, уруул их, дэл сүүл үгүй, нүд улаан, үс нь уруйгаан /ярхай/ хуц хоншоортой. Гурвантаа довтолбоос хойноо дан мориноос гармуй. Тавхай моголцог зузаан, арван өдөрт хоёр бөөр нь тэгш болмуй. Арван өдөр дийлүүлж хоёр бөөрөнд ганзага ганзгалж довтлох тусам сүүл нь дээш болох гүйнэ. Шилбэ нарийн аргамж уяж хөтөлбөл гүйнэ. Хойноо хүнд ганзагатай бол үл гүйнэ. Зан нь гүйхдээ нүд улаан болох.
41. Тэмээн далт
Хойноос үзвэл хоёр гар өргөн уулзах мэт өөрөөр хэлбэл хоёр хүн барилдсан мэтөмнөөс харахад муу хүн гуйвсан мэт боловчиг уралдах цагт хүлэг мөн. Морь мориноос тасархай. Толгой нь хавтгай хацрын мах их, гэдэс их, хавирга урт нарийн гол зоо их, хөл нь бүдүүн бус, нарийн тэгшхэн. Сайхан гурван сар унаваас ул эцмүй.
42. Ботгон.
Толгой их, дөрвөн хөл майтгар, нүд улаан, чих нь гадагшаа дэлбэн, борви нь ботгоны борви мэт. Унавал сайвар сайхан зантай, сүүл нарийн, нүд их бүлтгэр хурц, үс зузаан, сүүл муруй, төрөөд тэргүүн гурван өдөр явж үл чадах долоо хоногоос хойш их сайн болно. Бүх биед уялга буй. /дөрөв буй/ дэл их, гэдэс их, хэдий хоновол үл эцнэ. Охор сүүл муруй.
43. Зүсээ чамчай.
Тэргүүн бяцхан хоншоор, хотгор, шанаа урт, дэл нь хоёр тийш, магнай нь бүлтгэр, сормуус гэдрэг матаастай, хөхөл өчүүхэн, дэл сүүл шингэн, ам нь зөөлөн, хөтөлж явбаас урьд хожидгүй зэрэг явах, хамт уясан морин дээр толгойгоо ачиж байна. Иймд уяж тань. Гуя бүдүүн, хэсэг хэсэг гүйн гүйх /гүйн алдаж явах/ хүзүү урт, хазаар дарж явна.
44. Уран хайч.
Махгүй нарийн урт толгойтой, чих нь сэртэн. Чихний хоёр үзүүрээ холбон алдаж явах, дөрвөн туурай нь хомгор, сүүл шингэн, сагагны үзүүр шингэн.
45. Уран ширээ.
Шүд нь югэндэй буюу моголцог ахар цагаан шүд буй, даагандаа сул муу, шүдлэн насандаа гишгэдэл орох бөгөөд нас нэмэх бүрий жороо нэмэх. Хүзүү нь гурван төө, толгой нь дөрвөлжин богино. Хавирганаас дал хуртэл гурван төө, ам зөөлөн, ааль сайхан. Долоон наснаас хойш уралд. Түм мянгагүй гүйх.
46. Хээгүй сайхан.
Толгой нь хавтгай өргөн болоод хоёр хацрын мах ялгавартай буй. Гэдэс их, хавирга матаастай. Адаг сүвээний хавирга урт. Ийм морь бол анхаарч үзэх хэрэгтэй.
47.Төмөр таяг.
Дээд уруул их, доод уруул өчүүхэн, шүдний ёзоор нь эрхий багтам. Манлайгаас уруул хүртэл долоон эргүүлэгтэй, хацарт найман эргүүлэгтэй, хоолой тойрон үргэлж эргүүлэгтэй. Дөрвөн туурай их, хавирга урт, охор тэгш сацуу, харгам гуя бүдүүн, дэл нь урт. Гурван алд яваад нэг баас унагаана. Анхны ба хойд баас хоосон буй. Түүнийг үзэж таних. Нүд нь мориноос их, шөрмөс нь бүдүүн дотогш ороонги. Авир нь догшин, хазаар дарах буй. Бүгд мориноос аянд илүү сайн. Гэм нь сарын хагас дийлүүлж, хоёр сар довтолбол сайн.
48.Ширээ согоо.
Хандгай толгойтой, согоон чихтэй, луус хэвтэй, дэл сүүл шингэн, шувуун төрөлтэй, дээр толгойтой. Урт биетэй, эрчит ёнхор шөрмөстэй морь. Энэ цагт бий гэдэг эртүгэй.
49.Шинжих бор тураг.
Гаар нимгэн тэгш, хамаг бие эелдэг, хүзүү, хошуу урт, шөрмөс нь хавхны хөвч, зан нь олон морьтой хүнийг үзээд хавшин чичрэх түүгээр таних энэ морь буй.
50. Газрын мэлхий.
Бөгтрөг их, их бие нуруу бага, хатирах муухай, үдээс хойш омог нэмэх, бүлээдэхийн урьд гүйх муу энэ цагийн амины морь. Өдөр явж үл цуцах эрэгтүн.
51. Ел ходоод.
Гэдэс нь боос гүү мэт, толгойн хэв байц, оолийн гээ мэт, шөрмөс нь ончит нумны хөвч мэт. Энэ морь гэдсээ дийлбэл / сойлго хэтэрвэл / цуцах, хэт олон, хэт холоос үл айх. Энэ цагт олдох морь.
52. Зээрэн толгойт.
Дөрвөлжин болоод бяцхан биетэй,бяцхан боловч хамаг шинж төгс, сэртэй чихтэй, сайхан хурц зантай, эрчимт ёнхор шөрмөстэй. Нэг хоёр зуун моринд ирэлцэх бага наадам гөрөөнд хэрэг.
53.Сэмүүхэн зүйтэй.
Сайхан сайвар, бэлгэ төгс, шөрмөс ончит нумны хөвч мэт, бяцхан толгойтой,дөрвөлжин хэвтэй. Хянан засвал бүр гүйх бага наадам, гөрөөлөхөд хэрэг.
54.Нарийн зэхэг.
Нарийхан биетэй, хүзүү урт, гурван овоо гүйцэд, шөрмөс хавтан хөвч гүйхдээ шарваж гүйх сайн. Засвал дөрөв таван зуун моринд гарах бага наадамд хэрэг.
55.Сайн бөгж.
Гадар баруун зүүн бие нь татуу Харагдах, эрчимт ёнхор шөрмөстэй, тавиу биенд нь сууж уралд. Түргэн болон цуцдаггүй тул сайн. Бага наадам гөрөөнд хэрэг.
56. Сайн бүрхээр.
Бүх бие, эурван агуу, гурван бүлтгэр хөх мах төгс, бие нь бүдүүн, дэл сүүл өтгөн, үзэхүйд муухай шөрмөс нь дөрвөн тая, нэг жил унавч эцэхгүй нэг ташуурт өвддөггүй морь билээ.
Ер олон адуу тууж явахад сайн. Ажиглахад хүн галуу хулан чамчай гэгч өмнө нь тасархай явах. Аргат ангир гэгч тэг дунд ийш тийш бултаж явах. Бойпор борогчин гэгч хамгийн хойно явах нэг сайн морьд эд буй.
57. Хурдан хувь.
Нүд нь хурц, чих нь шовх, сагагны үс нүцгэн, салмагүй, шодон, үргэх цочих цагт сайн.
58. Хөгшин хүлэг.
Хавтгай сэрвээтэй, ханхар ташаатай, хотгор нуруутай, ам нь зөөлөн, ааш сайтай, хээр муу, хаданд сайн гүйх.
59. Охин тахь.
Өдөр дэнд наранд дөрвөн туурайгаа наранд ээж хэвтэх, уявал толгойгоо дохин байх, тушвал хөлөө сугалах, унахад зориггүй, хажуулж явах энэ морь нэгэнтээ гүйдэг нэгэнтээ үл гүйх.
60. Төмөр таяг.
Нүд нь бүлтгэр, чих нь далд, уруул далдгар, бие нь хатингир, унавал доогуур харин сайварлаж явах энэ морь хээр гадаа сайн буй.
61.Хулсан багана.
Гэдэс нь их, хөл бүдүүн, салтаа агуу, хүзүү урт, салдарга тасархай, харцага нь хотгор, хазлуур нь их, омруу нь далиу. Энэ тарган цатгалангүй хоёр дугаар гүйх.
62. Цалмай.
Шүд нь хар дөрвөлжин, цахирт шүдний шиг мах бяцхан дутаж байх.
63. Цасч.
Чих дээр, харц тэгш, дөрвөн хөл сайн, хоёр гуяны дотор агуу, харцага доор, хавирга матаастай бол сайн гүйнэ. Хавирга муу бол гүйхгүй. Муу нь ч сайн нь ч гөрөөсөнд. Цасч цана энэ буй.
64. Хос үл ирэх хонин шар нүдтэй.
Дөрвөн хөл бүх бие төгс, үнэгэн чихтэй, аман хүзүү их, чих өөд хоёр эргүүлэгтэй, хэрлэгэнд хоёр эргүүлэгтэй, хоолойд хоёр эргүүлэгтэй, хоёр мөрөнд хоёр эргүүлэгтэй. Туурай нь цурван хөвөөтэй, дөрвөн хөл нь гахайн адил, сүүлний үзүүр эвэртэй, үнэгэн сэгэл явдалтай.
65. Хяслан.
Сормос урт, чих нь үхэр хараацайн далавч мэт хурц, бүх бие төгс, нүд нь улаанаар урвах. Өвс сонгож идэх хоёр хоног уя. Уурлахад баах, эмээллэн мордоход улам баах, яван шилгээх, татахад баах. Дээд шүд булт аранзул, доод шүд булт сэтэрхий. Сайхан аяслах, эргэж харах.
66. Зүдээгүй югэндэй.
Зурман толгойтой, чих нь бага хурц, шүд нь бяцхан шиг мах нь их, соёо нь хярсын соёо мэт уруул их, шанаа их, хүзүү дөрвөлжин, хар шударга, зулайд гурван эргүүлэгтэй, чихний орчимд эргүүлэгтэй, хоёр өвдөг эргүүлэгтэй, дөрвөн булчин эргүүлэгтэй, бүх бие төгс арван хоёр хоног уях хоёр хоёр мөчлөгтэй.
67. Шандан хая.
Согоон чихтэй, бүргэд хоншоортой, хандгай уруултай, бүх шүд гүн, нүд нь хулан, хөмсөг их, сормуус нь үхэр, дээд шүд шат доод шүд чулуу, зүрх нь чулуу бүх бие төгс. Дөч хоног уях, хүнд хүн унах сүүл нь гурамсан.
68. Идлэгт хүлэг.
Доод шүд нь хонь, чихний хулхинд нэг төө хялгас, соёо нь ямаа, баас нь олшойн баас мэт, хоргол нь тэмээний хоргол мэт. Хоёр чих нь эвэр мэт хурц, сэрвээ нь хайнаг мэт бүх бие бүдүүн.
70. Унаган тая.
Хүн үзэхэд харж баах, хойш баасаа үнэрлэх, дөрвөн хөлөө жийж унтах.
71. Зэвт улаан.
Шүд нь сумт хулан, соёо нь бодот, овоо нь их, аман хүзүү нь их, шанаа их, ухархай агуу, хоолой бүдүүн, хоолой эргэнэг. Омруу хоёр төө гурван хуруу, хүзүү эурван төө, дэл шингэн босож явах, сэрвээ өндөр далны хойно хотгор, ууц нь мэлхий мэт. Сүвээний нэг хавирга илүү, адаг хавиргаас охор сүүл хүртэл гурван төө, урд цэгц, хойд хөл майга, бүдүүн борвитой долоон төө, хоёр хуруу олдох морь.
72. Санлай Хар.
Унаган биетэй, өвдөгний нүдэнд эргүүлэгтэй, хэрлэгэнд эргүүлэгтэй салтаа агуу, сүвээ матаастай, сэрвээ өндөр, хонь туу, хургатай уралд.
73. Суман далай.
Дөрвөн таваг их, арьс нимгэн, сүүл шингэн, үхэр өвчүүтэй, уяхад толгой дээртэй, шүд нь хадан цавчуур, хамрын цагаан чулуу, уях тутам өнгөтэй, үргэлж үсэргэ. Мөн өдөр гүйсээр ороод уралд.
74. Буйман.
Уруу муу, дөрвөн хөл бүдүүн, дээд дөрвөн овоо өндөр, хажуу дөрвөн овоо өндөр, доод дөрвөн шүд бөх, дөрвөн судас бүдүүн, доор судалтай, таваг их, ясан сүүл хатуу, захын дөрвөн шүд аранзал, соёо нь сэртэн. Буймангийн доод бие төгс, муу нь хүзүү, хөх мах муу, зоо хатайр, хас муу, сүүл зөөлөн.
75. Гирим хөх.
Шөрмөсний сайн нь агуу бөгөөд шударга их ирмэгтэй гурван мяндас солиугүй болбол гүйнэ. Гурван хийт сайн морийг гирим хөх гэнэ.
76. Дурт айзам.
Сувд суунаг нүдтэй морины үсний дөрвөн тая буй /хөлийн борви өвдгийн үест эргүүлэг байна./
77. Алуучин.
Хонин тэргүүтэй доор нам биетэй дөрвөн хөл бэх, сэрвээ сүүл өндөр.
78. Начин.
Урд хоёр хөл ахар, цээжин бие доор нам,сэрвээ толгой хоёр бөгөөд дөрвөн хөл цуг байгч алаг даага хэвтэй.
79. Үнэн үлгэр.
Зурман толгойтой, туулай хэвтэй, давхар хөмсөгтэй.
80. Тагалдар.
Туурай харших, сул хэвт, шар нүдтэй.
81. Хурц мангас
Өвдөг ирмэгтэй, эрс гишгэгч, их сэрвээтэй сүүл хоншоор өлгүү, ташаа сүвээ адил байна.
82. Түргэн үсэргэн айзам.
Угалзан хэвтэй дагнагар биетэй.
83. Сугаг.
Үзэхэд чивчгэр, нарийн сүүлтэй, хулгана сайхан биетэй.
84. Уудам.
Өчүүхэн биетэй, сайн морины бүх бэлгэ төгс.
85. Цанамч.
Өчүүхэн биетэй, зөөлөн явдалтай харцага хэвтэй.
86. Зохист Хулан.
Сэрвээнээс урагш нарийн, сайн тэргүүтэй.
87.Унаган гоо маань.
Ер хэв нь сайн, сэрвээ үений цээж нарийн, магнай хөмсөгтэй, чихнээс хойш дэл хагас дөрвөлжин хөөлгө бөгстэй, урт хоншоортой. Хоёр хөл нарийн, урт аальтай.
88. Хүжийн утаа.
Их тэргүүтэй хөл нарийн бөгөөд муу аальт. Дэл сүүл шингэн, хамил биетэй.
89. Модон хозой.
Сүүлний үс хожгор, хоёр нүд нь улаан, чих нь дэлдгэр, ботгон борвитой хоёр борви нь харгалзах, унавал сайвар мэт.
90. Нурхай зорих.
Махгүй бяцхан толгойтой. Чих нь сэртэн, хүзүү урт, хоёр хажуу нь нохойн хажуу адил. Сүүл нь дээш хатгаж байна.
91. Эгц манлай.
Хөл нь хиргүй эрс байна.
92. Бас нэгэн зүйл.
Олон адуунд ороход тарган цатгалагндаа үзвэл дээр эурван овоо тэгш, доор гэдэс нь бумба мэт, чих нь дэлдээ үл дарагдах, хөхөл шингэн бөгөөд нүдэндээ үл хүрэх дээд уруулаас доод уруул урт, урд туурайнаас хөлд туурай их, хүн ороход угтаж харах ийм морь хүлэгт өөр буй.
93. Бас нэгэн зүйл.
Хүзүү нь урт нарийн, сагалдрагаар нарийн, дөрвөн хөлийн хооронд алцай нь агуу сайн. Сайхан эмийн харц адил харцтай. Энэ цагийн сайн морь энэ буй
94. Бас нэгэн зүйл.
Сайн морь холоос харахад урд хоёр хөлөө хойшоо цомцойн шаасан гадас мэт төв шударга гишэж байх. Нэг анхаарч үзэх морь энэ биз.
95. Бас нэгэн зүйл.
Олон шүд эс мэдэвч шүд ярахад хавсарга нь чимхүүр мэт завсар нь өөтэй, дээрээс зургаан аранзал, доод шүд нь гадагш тэлүү, зах дөрвийн цөгц нь дотогш сэтэрхий. Доод шүд бүгд хийтэй болбол олон цөөнгүй бүрэн гүйх морь биз.
96. Их ч бага ч биетэй.
Дөрвөн хөл бэх болоод сайхан ч муухай ч болов хүзүү урт дөрвөн туурай адил, зах дөрвөн шүд нь дотогш сэтэрхий, борви суунги, хоёр сүвээ тулсан, дөрвөн хөлдөө нэвт эргүүлэгтэй, дөрвөн шүд гарсан бол нэгэн сайн морь мөн.
97. Эрхэм сайн морины
Нүд нь ширүүн харцтай болон уулхархай бөгөөд шөрмөс нь сэртгэр, цээж нь нимгэн, хавчуу, магнай нь зузаан, бэрэвхйи нь богино, хойд туурайн моголцог урт, шөрмөс нь хийтэй тэлүү, өргөн. Сэрвээ өндөр, аман хүзүү бүдүүн, толгойн мах хатингир, олон ясны уулзвар агуу, сүвээний хавирга матаастай тэлүү, ташаа нь цухал хас нь дүүрэн, салтаа нь агуу, зоо нуруу нь бөгтрөгтэй, хөл нь эрс шударга, хүзүү нь урт нарийн сүүл нь эрчимтэй хатуу, бөгс нь хатингар эдгээр шинж цөм бүрдвэл түмэн мянгад төрөх түдэхгүй ганцаар түрүүлэх амуй.
98. Дээд сайн морь.
Сүр өнгөтэй, чин зоригтой, ариун цэвэр их, үзэсгэлэнтэй номхон, хэвтэхгүй босоо нойрсох, халуунд тэсвэртэй, сурах нь түргэн, үл мартах, юу уулзсаныг идэх нь дээд сайных.
99. Дундаж морь.
Сурах нь хялбар боловч мартах нь түргэн, баатар мэт боловч цуцах нь хялбар, ташуураар савбал шамдан очих, моринд хасамтгай. Шөнө бие бшхнээр хэвтэх,хурьцахад баясах нь дундажынх.
100. Адаг морь.
Догшин мэт ч айхад түргэн, өвдөх нь хялбар. Эдгэхүйц бэрх сулхан. Өдөр шөнө сунайх, нойр хүрэхийг үл мэдэх адгынх.