![](https://img5.medioq.com/213/867/1131068942138673.jpg)
28/01/2025
ЗАЛУУ НАСНЫ “ӨВЧИН”
Шаравын Сүрэнжав хэмээх Хан уулын бэлд
Шалихгүй хэдэн шүлэгчид салхинд гарчээ
Шараа ч олигтой тайлж амжилгүй согтоцгоож
Шалдар булдар үгсийг ам уралдуулан цэц булаалдав
Шалбаагт хаягдсан архины лонхыг
Сар, мөн биш хэмээн маргалдав
Яруу сайхнаар туурвих гэж биеэ зовоох хэрэггүй
Яг л тухайн агшинд санаанд орсныгоо
Зүрхний бичлэг шиг жирэлзүүлэн эхлээд
Зүүдэлж, хар дарж байгаа юм шиг төгсгөх хэрэгтэй
Егүзэр хутагт Галсандаш Бароны үгэнд оролгүй яалаа
Есенин Дунканд дурлаад хэрхэн баларлаа
Оросын хилийг алхаж үзээгүй тэр жулдрай
Охид, хүүхнүүдийг ор дэр шиг санадаг байсан юм
Жинхэнэ хайр гэж юу байдгийг
Жирийн амьтад яаж мэдэх вэ
Ардчилал, дурлал хоёулаа үлгэр юм
Азаргагүй адуу шиг төр, засаг хэнд хэрэгтэй юм бэ
Явуухулан, Нямдорж хоёр цагтаа шүлэгч байсан л юм биз
Яруу найргийг өнөөдөр чи биднээс бусад нь мэдэхгүй
Янаг амрагийн явдлыг үнэндээ
Нацагдорж ч бичиж чадалгүй үхсэн
Модернист шүлэг бичихэд Монгол хэл гологдоно
“Морь унасан толгойгүй хүн” шиг хуучинсаг үзэлтнүүд
Үүнийг яаж ойлгох вэ
Постмодернизм гэдэг чинь яг үнэндээ
Прощай гэж хэлээд эргэж ч харалгүй явчихсан бүсгүй байхгүй юу
Шүлэг бичих, шүлс хаях хоёр адилхан болсон энэ цаг дор
Сүрэнжав, Бадарч бид гуравт ялгаа юу байна
Монхор Галсанг ямар яруу найрагч гэдэг юм бэ
Монгол ардын хэдэн зүйр цэцэн үгийг л
Мордохын хазгай, танигдахгүй болгож
Танка, хайку шүлгийн загварт оруулаад
Тав, гурван мөрөөр тасдаж эвлүүлчихсэн “Зальтай нохой”
Олны үймээн дундаас оноо цуглуулж
Од болохыг мөрөөдсөн зөнөг өвгөн
Распутины “Насаараа дурсаж яваарай” туужийг хулгайлаад
“Аянгат цагийн дууль” кино хийсэн Урианхай Галсан
Хөдөлмөрийн баатар болчихлоо гэж хөөрөөд
“Хөх тэнгэр сонсож бай” гэж агсам тавьсан байх юм
Эзэн Чингис хаан хүртэл сөгдөн мөргөдөг
Эцэг тэнгэрт зарлиг буулгадаг тэр хэн бэ?
Догмидын хэдэн өгүүллэг, туужийг ямар мэдэхгүй биш
Догшин хутагтаас ганц хоёр юм "шаагаа л" биз
Шолоховын “Дөлгөөн Дон” романыг үргэлжлүүлэн бичсэн гээд
Шог шог юм яриад инээд хүргээд байдаг юм
Ростовт ч хөл тавьж үзээгүй
Орос хэлээр түй ч байхгүй энэ амьтан
Роман бичнэ гэж хаашаа харсан юм байдаг юм бэ?
Чи бидэн шиг залуу хүмүүс бол
Чин зүрхнийхээ халуун хайрыг илчилж
“Чиний төлөө” үхье гэж цусаараа бичих ёстой
Алдрын титэм хүртэхийн тулд
Англи хэлгүй ч хамаагүй Америкийн иргэн болох ёстой
Морьтон ардын ахуй, сэтгэхүй тэнд байхгүй болохоор
Монголын утга зохиол хэзээ ч хөгжихгүй ээ
Алийн болгон бид нар нүүдэлчний амьдралтай зууралдаж
Алд, дэлмээр дэлхийн соёл иргэншлээс хоцрох юм бэ?
Эх орон, газар шороо гэж өвчигнөсөөр байтал
Энэ хэдхэн нас маань идсэн ч юмгүй, үзсэн ч юмгүй дууслаа
Авьяас үнэхээр бидэнд заяасан нь үнэн юм бол
Ардчиллын эх орон агуу их Америкийг магтан дуулцгаая
Амь наснаас ч илүүтэй чи бидэнд
Албан тушаал, эрх мэдэл хэрэгтэй
Алт шиг сайхан толгой байлаа ч
Авьяас эрдэм, алдар цол үгүй бол хэн билээ
“Морь унасан толгойгүй хүн” болохоосоо өмнө нөхөд минь
Монголоос үтэр түргэн явцгаая!!! гэж
Шаравын Сүрэнжав хэмээх Хан уулын бэлд ийнхүү
Шалихгүй хэдэн шүлэгчид найрлажээ
Шараа ч олигтойхон тайлж амжилгүй
Шалчийтлаа согтоцгоосон тэд нар
Шалдар булдар үгсийг ам уралдуулан цэц булаалдаж
Шалбаагт хаягдсан архины шилийг
Сар, мөн биш хэмээн маргалджээ
Замбуулинд мэндэлсэн хэн бүхнийг тойрдоггүй
Залуу насны “Би” хэмээх өвчин хөөрхөн
Хэзээ нэгэн өдөр ухаан орж
Хэмжээгээ мэдээд гэмшинэ дээ хөөрхийс...
2025.01.26