Ургадаг алт

Ургадаг алт Танин мэдэхүй, газар тариалан, ургадаг бүхний тухай

ХҮН ХОЁР НҮДТЭЙ...Ийм мэдээжийн юм бичлээ гэж  ундууцаагүй биз. Харагдаж байгаа  алаг хоёр ертөнц чинь биш л дээ. Хүн бү...
12/06/2024

ХҮН ХОЁР НҮДТЭЙ...

Ийм мэдээжийн юм бичлээ гэж ундууцаагүй биз. Харагдаж байгаа алаг хоёр ертөнц чинь биш л дээ. Хүн бүхэнд гадаад дотоод хоёр нүд оршном. Харахуй үүрэгтэй хоёр алаг нь ил тод тормойж, бодохуй үүрэгтэй хоёр нүд нь тархин дунд нь ажиглаж байдаг гэвэл арай дөхөж байна уу. Үүнийг харах нүд, сэтгэх нүд гэж бас хэлж болно. Дотоод нүдийг ухааны нүдтэй хүн гэхэд дөхөж очно. Нүдээ олсон шагнал л гэнэ, нүдгүй улаан шуурга л гэнэ, нүгэл нь нүдээрээ гарсан л гэнэ...Ээ мөн олон утга байна даа. Чухам яагаад ХҮН ХОЁР НҮДТЭЙ хэмээв. Энэ хоёр нүд үүргээрээ их ялгаатай юм. Шуналтай шуналгүйг ялгах таних тэмдэг юм. Хандлагаас үүдэн харагддаг. Харилцаан дээр илэрдэг юм. Хүн хүнээ хүндлэх дээдлэх сэтгэлээрээ хандахаар хэмжигддэг юм. Хэн нэгнээс ямар нэг тусламж хүсэх явцад бүр ч тод байдаг даа. Итгэл дээр суурилдаг гуйлт түүнд хандах хандлага хоёрын дундаас энэ хоёр нүд их томруун болдог юм. Аливаа үйлс, хүсэлтэд хандахдаа хэрхэн хандаж байгаа нь энэ хоёр нүднээс тодордог. Хүсэлт гуйлтыг хэрхэн хүлээж авч байгаагаар илэрхийлэгдэнэ. Чухам ямар хоёр нүд вэ...Сэтгэлээрээ харах, зоосны нүхээр харах хоёр болой. Илт хөлс мөнгө, шан харамж горьдох, нэхэх, үнэрхэх зэрэг сэтгэлийн үйлээр илрэх нь элбэг. Нөгөө талаас хүсэлтийг хүлээж аваад биелүүлэхгүй удаад хүлээзнээд байх нь бас л монголчуудын ярьдагаар “гар хараад” байгаагийн илрэл л дээ. Хүн ер нь итгэсэн хүнээсээ л гуйдаг даа. Ер нь бол хийсэн хөдөлмөрөө үнэлүүлэх нь нийгмийн сэтгэлгээний зөв хандлага ч улаан цайм сэтгэлийн нүдээ нууж, зоосны нүдээр ширтээд байх нь эвгүй. Эргээд уулзах улаан нүүр гэдэг сэрэмж үг ч бий. Би ч гуйх цаг ирнэ гэж өөртөө хамаатуулан бодох, эсвэл би л туслахгүй бол гэж өөриймсөх, эсвэл ач хариулах зэрэг нь аль нүдээрээ харахаа шийдэх л зөв алхам. ХҮН ХОЁР НҮДТЭЙ. Харагдах хоёр нүдээ хайрлаж, гоодож, хамгаалж амьдраарай. Тэр чиний хөтөч юм. Дотоод хоёр нүдээ бодлоор гоёж, ухаанаар ургуулж яваарай. Тэр чиний сэтгэл юм.

12/06/2024
ХҮНИЙ ГАНЦ...Энэ үгийг  та олон биш ч,  хааяа нэг сонсож байсан байх аа. Амьдрал дээр ийм үг үе үе слнсогдсоор л байдаг....
11/06/2024

ХҮНИЙ ГАНЦ...

Энэ үгийг та олон биш ч, хааяа нэг сонсож байсан байх аа. Амьдрал дээр ийм үг үе үе слнсогдсоор л байдаг. Миний эргэн тойронд их сонсогддог юм. Би өргөмөл ганц хүү юм. Аав ээж хоёр минь аминаасаа илүү хайрлаж өсгөсөн юм. Хажуунаас нутаг усныхан “хүний ганц юм” гэж энхрийлнэ. Хир халдаахгүй. Дэргэдээс аав ээж хоёр минь алган дээрээ бөмбөрүүлэх дөхнө. Аав ээж хоёроо би тэр тусам нь илүү их хайрлах юмсан гэж хорь хүрэхийн ялдар ухаарч билээ. Би эрх өссөн үү, өссөөн. Гэвч ухаарч өссөн. Даварч өсөөгүй. Хүн харахад хүний ганц ч, аав ээж хоёрт минь “миний ганц” л байсан даа. Хөөрхий, миний төрүүлсэн ээж минь нэг талаас тарчигдуу ганц бие эмэгтэйн зовлон байсан ч элгэн цаанаа аав ээж хоёрын үр хүүхэдгүйн зовлонг эхийн сэтгэлээр нимгэлэх гэж хүү намайгаа өргүүлсэн. Би хүний ганцын заяанд ийнхүү нийтгэгдсэн. Ийм хүмүүс манай нийгэмд олон бий. Ухаарах, ухаарахгүйгээсээ ялгаатай. Хэтэрхий эрхлээд аль ч үгүй болсон хувьхан заяа ч зөндөө. Халамж нь дутагдаад ганирсан нь ч бий. Ганц юм гэдэг ховор зүйл. Чамлахаар зүйл. Тэгээд ч “ганц хүн айл болдоггүй, ганц цучил гал болдоггүй” гэсэн үг байна. Хүнд хүн л хэрэгтэй байдаг. Нэг болоод ганц хоёр чанарын ялгаагүй ч, утгын ялгамжтай. “Нэг шил архи” гэвэл тоог нь онцолж байна л даа. Ганц шил юм гэвэл ховрыг нь онцолж чамлахын аяс орж байх жишээтэй. Ганц+хан болоод ирэхээрээ яах аргагүй чамласан сэтгэлийг илчилнэ. Нэг гэдэг тооны нэрэнд басхүү “тэргүүн” гэдэг утга чирэгдэж явдаг. Нэгдүгээр байр, нэгдүгээр анги, нэгдүгээр гурил, нэгдүгээр нарийн бичгийн дарга, нэгдүгээр зэргийн ноолуур, нэгдүгээр хоол, нэгдүгээр симфони, ...гээд олон ухагдхуун байна. Тэр бүхэн чанар зэргэмжийн шинжтэй. Хүүхэд байхад “нэгийн нэхий хоёрын хоргол” гээд толгой холбон нэгнээ шоолж тоглодог санаанд бууж байх юм. Үүний арай эртний хувилбар нь “нэгийгээ үзэж нэхийгээ тайлна” хэмээн хэлэлцдэг байсан. Монголчууд нэгийн тоог бүх тоо тооллын суурь гэж үздэг нь нэгээс олон үүсдэг гэсэн санаа ажээ. Монгол ардын зүйр цэцэн үгэнд “нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино”, “нэг өдрийн жаргалд мянган өдөр зүтгэх”, “нэг амаар айлтгана, мянган сонороор сонордоно” гэх мэтээр өгүүлдэг нь нэгээс мянга болно, цөөнөөс олон болно гэсэн утга ажээ. Түүнчлэн “нэггүй мянга байдаггүй” гэцгээдэг. Бас ч “Нэг шөнө дулаан унтвал мянган лан” гэж ярьдаг. Хятад гүрэн хорьдугаар зууныг дуустал ганц хүүхэдтэй байх зохицуулалтыг мөрдөж байсан. Монголчууд “Монголын үрс маш олон болтугай хэмээнзалбирч байсан ч нэг үе цөөн хүүхэдтэй байх сэтгэл зүйд дагаар орсон гэх үү дээ. Нэгэнтээ бивээр “Хүний ганцын эх орон” гэж нийтлэл бичиж байлаа. Хятад гүрэн газар дээрх хүнээ хэт олширсонд тооцож төрийн бодлогын хүрээнд ганц хүүхэдтэй байхыг чухалчилсан. Энэ нь хэрэгжиж олон жил болсны эцэст “хөгшрөлт “түрж орж ирсэн. Тийм болохоор яах аргагүй энэ шийдлээсээ татгалзахад хүргэсэн юм. Энэ хэвээрээ үргэлжилсэн бол ханз үсэг бүхий үгсийн сангаас нь эрээд олдохгүй үг буюу АХ, ЭГЧ гэсэн хоёр үг үгүй болж мэдэхээр байсан. Бид эцэг эхийн хурал заралдаг бол хятадад гэрийн ахмадын хурал зарлах жишээтэй Ганц хүүхдийн ард аав ээж хоёроос нь гадна эхнэр нөхрийн хоёр аав, хоёр ээж наад зах нь байна. Дор хаяж зургаан ахмад нэг хүүхдийн төлөө анхаарал тавьдаг болохоор гэрийн ахмадын хурал зарлахаас өөр яалтай. Монголын ахмадын сургаалд нэг хүүхдийг хүүхэдгүйд, хоёр хүүхдийг нэг хүүхэдтэйд тооц гэсэн хатуу үнэн байсаар ирсэн. Бидэнд ганцхан юм олон байна. Алтан нар, мөнгөн сарнаас эхлээд цэнхэрхэн дэлхий минь хүртэл ганцхан даа. Эх байгалиа, эх дэлхийгээ хайрлах ганцхан зорилго л бидэнд хамгийн чухал даа.

ЕСӨН  /ШИДИЙН /ЖОРЫН юмнаас ЕСӨН ЭРДЭНЭ хүртэл...Хаврын тарчиг цагаар хонь мал төллөөд л, хавсарга шуурга тавиад л, бууц...
11/06/2024

ЕСӨН /ШИДИЙН /ЖОРЫН юмнаас ЕСӨН ЭРДЭНЭ хүртэл...

Хаврын тарчиг цагаар хонь мал төллөөд л, хавсарга шуурга тавиад л, бууцны хөлийн шар өтөг бужигнаад л, энд ч хурга майлаад тэнд ч нохой хуцаад ээж хоёр нялх хурга сугавчлан эхэд нь тавьж өгөх гээд бөөн нүргээн шуугиан болсон орой. Манайх Бөөгийн хонд гэдэг хаваржаанд буугаад удаагүй. Энэ олон хэлийн шуугианыг хөгжмийн зохиолчид л “нот”-лох байх гэмээр. Би хонины наагуур цаагуур гүйж, хад асганаас хэдэн ямаагаа ойртуулаад тэрхэн зуураа “есөн шидийн юм” бодоод л...Энэ үгийг би балчир ухаандаа ээжийн ярианаас авч тогтоосон. Олон юм бөөгнөрч алийг нь ч гэхээ мэдэхээ больсон үедээ л энэ үгийг уулгамчилдаг байсан юм бол уу...Ээж минь. Нэг ийм бужигнасан өдөр ээжээсээ элдвийн юм шалгаахад “Ээж минь “Хош гэм, есөн шидийн юм асуугаад” гэж ундууцсан нь санаанд илхэн л байна даа. Ингэж би ЕСӨН ЖОР-ын юмтай уулзсан юм. Үнэндээ энэ нь цаагуураа олон юм давхцсан гэсэн агуулга байж дээ гэж хожим нь ухаарсан даа. Үүнээс үүдээд “есөн шид нь бүрдсэн амьтан” ч гэх юм уу... “есөн жорын юм” гэсэн хэлц үг хэрэглээнд орж ирсэн байдаг. Хожим нь хоёр гурван жилийн дараа сургуульд орлоо. “9 сарын 1 ерөөсөө бидний баяр” болоод явчихав. Нэг ороонтой тооны хамгийн их нь 9 гэж ухаарлаа. Цааш нь орон шилжих нь 9-тэй хамаатай юм шиг гэж ойлгосон. 9 гээд 10, 99 гээд 100, 999 гээд 1000 гэхчлэн...Дунд сургуульд “есөн шидийн” хичээл нэмж ороод бөндгөр толгойг минь сүрхий ажиллуулсан юм даа. Энэ үед ЕСӨН гаригийн тухай ойлгуулах гэж багш маань ширээн дээрх “бөндгөр дэлхий” /глобус/-гээ эргүүлж тойруулж нар сар дэлхий гурвын тухай ярьж өгсөн юм. Бид бол дэлхийгээ “унаад” нарыг тойрон давхиж яваа юм байна гэсэн хөдөөх маягийн сэтгэлгээ танин мэдэхүйгээр хөгжсөн дөө. Багш маань илүү ойлгомжтой заах гэж хичээхдээ бөмбөг, шар будаа хоёрыг ширээн дээрээ зэрэгцүүлж тавиад шар будааг манай дэлхий бөмбөгийг нар хэмээсэн нь нүдэнд харагдмуй. Шархүү гэж сайхан багш минь санаанд илэрмүй. Тэг тэгсээр 9-ийн тооны мэдлэг минь зузаарч, ухаан санаа минь зүгширсээр л байлаа. Ээж минь 9 нүдтэй модон цацлаараа өглөө бүр цай сүүнийхээ дээжийг өргөнө. Юу санасан 9 хүсэл нь биелж яваарай гэж ерөөнө. 9 цагааны бэлгэдэлийн тухай ярилцана. Өдрөөс өдөрт жилээс жилд 9 гэдэг тоог хүндлэхийн утга учир тайлагдана. Монгол үндэстний тухайд Есийн тоо бол бүр чухал. Есөн хөлт цагаан туг, есөн өрлөг, есөн эрдэнэ, есөн зүйл, есөн гайхамшиг, есөн ес наян нэгэн удаа, есөн шөнө хоосон хонох, есөн заан, есөн жор, бөхийн есөн даваа, есөн түрлэг, есөн эрүү, есөн хүсэл, есөн цагаан, есөн булаг, есөн татаар, есөн үе, ид шидийн есөн ёс, есөн шид, есөн зоос, есөн хун шувуу гээд тоолоод барагдахгүй. Монгол түмний есийн тооны бэлгэдэл нэн эртний үүсэлтэй ажээ. Бөөгийн ёсонд огторгуйд ерэн есөн тэнгэр байна гэдэг. Тэд одоо ч “ес барих” гэдэг зан үйл хийдэг юм билээ. 9 мэнгэний учраас есөн зоосны мэргэ хүртэл та бидний сайн мэдэх 9-ийн бэлгэдэл мөн ч их байна даа.Түүнийг тоочиж яаж барна. Хүннү улсын зед хүртэл 9-ийн тоог онцгойлж байсан баримт түүхэнд бичээстэй байдаг буюу. Тухайлбал …Хүннү улсын ерэн есөн том овог, ерэн есөн алд цагаан хадаг, есөн үедээ цус ойртохыг нэн цээрлэх /ясан төрөлд, хуланц, элэнц, өвөг, эцэг бие (би), хүү, ач, жич, гуч/ ёс байжээ.
Бас бидний утга хэрэглээг нь мартаад байгаа нэг нэршил бол “Есөн булгийн одохуй” хэмээх үг болой. /бичгийн үе, сүүдэр халихыг ийн хэлмүй/.
Есөн шид нь бүрдсэн хүүхэд насны гэгээн дурсамжаас үүдсэн 9-ийн тооны тухай өгүүлэмжээ хэн хүнгүй мэдэх эх орноороо омогшдог / баярхдаг/ Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн “ЕСӨН ЭРДЭНИЙН ОРОН” хэмээх алдарт найраглалаар бахархан омогшоё доо.
Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ
Илчит улаан гал нь шvрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгvй өргөн тал нь оюун эрдэнэ
Энх vvрийн туяа нь зэс эрдэнэ
Эгэлхэн бvсгvй нь гоёл сувд эрдэнэ
Эрэлхэг ард тvмний нь эв ган эрдэнэ
Эх орон та минь, есөн эрдэнэ…билээ. Хурай хурай хурай

ЭХ ОРНЫ “АЛТАН” ГУРАВ...Монголчууд аливаа  үнэ хүндтэй,  нэр төртэй юмыг АЛТ-тай зүйрлэх дуртай л даа. Алт бол  хувийн ж...
09/06/2024

ЭХ ОРНЫ “АЛТАН” ГУРАВ...

Монголчууд аливаа үнэ хүндтэй, нэр төртэй юмыг АЛТ-тай зүйрлэх дуртай л даа. Алт бол хувийн жин өндөртэй өнгөт метал шүү дээ. Дэлхийгээрээ газрын энэ төмөрлөгт шунан дурлаж түүний төлөө “үхэлдэж” байх юм. Зажлаад даагдахгүй, хүлхээд шүүс гарахгүй энэ металаар хүн төрөлхтөнийг сөхрүүлах ухаан хэдүйд төрсөн юм бол. Би заримдаа гайхдаг л юм. Миний тэнэгийнх л байлгүй. “...Алт нь Au гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 79, нэгэн төрлийн химийн элемент юм. Аurum буюу “Үүрийн туяа” гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр орших ба хувийн жин ихтэй, зөөлөн, гялалзсан шар өнгөтэй метал юм. Байгальд маш ховор тохиолдолд 6; 8;12; ханатай талст хэлбэрээр оршдог. Ийм тодорхойлолттой эд дээ. Одоо цөмөөрөө “үндсэн орд” уугаа орно гэдэг шиг, үндсэн агуулга руугаа хөдөлцгөөе. Сургуулийн танхимаас гарсан нэгээхэн хэлц үг бол ЭХ ОРНЫ “АЛТАН” ГУРАВ... болой. Үүний цаана үүрэгтэй үүрэггүйн тухай ойлголт чирэгдэж явдаг. Дүүрэн биш дундуурын тухай ойлголт. Дүнгийн асуудал. Ангийн журнал дээр хамгийн элбэг тохиолддог ч гэж хэлж болно. Миний Орос хэлний багш нар дэвтрийн минь зах хөвөөн дээр УДОВ. /удовлетворительный/ гэж бишгүйдээ л тавьсан. Харин НЕУДОВ. гэж цөөхөн бичсэн дээ. Энэ дүнг орчуулвал сэтгэл ханамжтай, Үүрэгтэй, үүрэггүй л гэсэн утга илэрдэг. Товчлоод ингэж л бичдэг байсан юм. Намайг “үүрэгтэй” гэж үзэж, “сэтгэл ханамжтай” байсан сайхан багш нар минь одоо бүгд тэнгэрт дэвшсэн. Эргээд бодоход сайхан багш нарын минь “өрөвдөх” сэтгэлгээ бас нуугдаж байсан юм шиг ээ. Яаж ийгээд тэнцүүлчих юм сан гэх сэтгэл юм даа. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж явахад түшээд авдаг ачтай буянтай дүн. “Амь авраарай” гэдэг шиг ухагдхуун болтлоо дээдлэгдсэн тоо. ЭХ ОРНЫ “АЛТАН” ГУРАВ-аа гэж...
Миний л мэдэхээр гурвын тоог АЛТ-аар тодотгосон зарим зүйл байна. Эрдэмтэн манай Алтайн уугуул Ч. Эрдэнийн “АЛТАН ГУРВАЛЖИН” гэж сонирхолтой ном байдаг. Ер нь ГУРАВ гэдэг тоо бол ДУНДАЖ гэдэг утгыг давхар илэрхийлдэг. Хамгийн энгийнээр бодоход хоёр юмны дундах нь гэсэн ухаарал ойлголт юм даа. Бас ч голчийг олно гэсэн санаа. Аоиваа зүйлийг тэнцүүхэн нугалахад тэрхүү нугалагдсан хэсэг нь голч байдаг. Тэгшитгэх уртын хэмжүүр юмаа даа. Гурав гэдэг тоог их хүчтэй гэж хэлж болно. Бид хүчрэгдэхгүй юмаа биеийн хүчнээс давсан юмаа “Нээг,... Хоёрын... ГУРВАА гээд зүтгэхэд аваад л бууна шүү. Хүчээ нэгтгэхэд хэрэглэдэг болохоор түүнийг ХҮЧТЭЙ тоо гэх болой. Түүнээс “нэг хоёр гурав дөрвөө...” гэдэггүй дээ. Нөгөө талаас ертөнц гурван цагийн дунд оршвой. Өнгөрсөн одоо ирээдүй. Тулгын гурван чулуу гэдэг ойлголт бодит зүйл бий. Тулгуур гэсэн санаа. Туждаа хамт явах юмсан гэж сайхан дуунд “Тулгын гурван чулуу шиг туждаа хамт явах юм сан...” гэж дуулдаг. Аав ээж хүү гурвын зүйрлэл юм даа. За тэгээд “... Ээ Лам гурван эрдэнэ минь” гэж залбирч суугаа эмээ нар цөөрч байна даа. Ламд мөргөмү, бурханд мөргөмү, багшид мөргөмү” буюу “Лама ла жавсу чио, Санжай ла жавсу чио, Чойла жавсу чио, Гэндүн ла жавсу чио” гэсэн ИТГЭЛ хэмээх тарнийг уншдаг хүн мэр сэр бий. Төвөдөөр дөрвөн мөр байдаг ч монголчууд голдуу сүүлчийн нэг мөрийг хасаад цээжилчихсэн юм. Түүний нэг нь би болой. Хошин юм бодогдох алийг тэр гэхэв. Бид ярьдаг даа. Авгай эсвэл нөхөрт гарахгүй байгаад нас нь явчихсан нөхдөө “Гунхаж яваа нь чамайг тоохгүй, гутлаа чирснийг нь чи тоохгүй” гэсэн хэллэгээр хариулт өгдөг. Энэ хоёрын “дунд” яг таарсан гэсэн утга байнаа даа. Энэчлэн “ЭХ ОРНЫ “АЛТАН” ГУРАВ...аас эхтэй бичвэр маань дэлгэрээд байх боломж бололцоо их бий. Жаахан товчлое доо. Дэлхий ертөнцийн хүмүүн заяатууд ч ГУРАВ хэмээх тоог янз бүрээр бэлгэшээдэг жишээ ганц нэгийг дурдаад хуучаа өндөрлөе гэж бодлоо. “Бурхан гурвын тоонд дуртай” хэмээх өгүүлбэр барууны христийн ертөнцөд их алдартай бөгөөд мөн “сайн сайхан бүхэн 3 зүйлээс бүрддэг” гэдэг.
Энэ тоо нь Швейцарь улсад азын тоо гэж тооцогддог.
Үүнээс гадна Солонгост тэнгэр газрын хоорондохыг захирах эрх мэдлийг (1 гэдэг нь солонгосын соёлд тэнгэр, хоёр гэдэг нь газрыг илэрхийлдэг бөгөөд нэмээд 3 гэсэн тоо гарч байгаа юм) эзэмшсэн гэсэн утгыг илэрхийлнэ.
Италичууд 3-ын тоог тэнцвэртэй байдал, хүчтэй холбож тайлбарладаг.
Харин Япон, Вьетнам болон бусад азийн орнуудад 3-ын тооноос аль болох татгалзахыг эрмэлздэ.г Ялангуяа гурвуулаа зураг авахуулахаас цээрлэдэг. Эртний мухар сүсэгт 2 хүний голд зогсож буй хүн заавал амь насаа алддаг гэсэн ойлголт хүртэл байдаг гэнэ. Бас “3” бол амжилтын тоо. Христийн шашинд Гэгээн гурвал нь эцэг, хүү, ариун сүнс гэсэн ойлголт байдаг. Христийн шашинд “3” ийн тоо ариун тоо. Хятадын “ван” гэдэг ханз үсэг нь “хаан” гэдэг утга илэрхийлдэг. Энэ ханзны дээд талын хөндлөн зураас нь тэнгэр, доодох нь газар, дундах нь хүнийг бэлгэддэг. Өөрөөр хэлбэл тэнгэрийн нэрийн өмнөөс газрыг хүн удирдаж байна гэсэн утгатай юм. Ардын аман зохиолд гурван хүсэл, гурван оролдлого, гурван хаан, гурван шулмас гэсэн ойлголтууд байдаг. Гурвалын бэлгэ тэмдэг нь гурвалжин дүрс юм. За хольж хутгаад үзж харсан дуулсан сонсоноос түүвэрлэн хэсэгхэн бурлаа. “ЭХ ОРНЫ “АЛТАН” ГУРАВ...аа гэж.

ӨНӨРЖАРГАЛ ӨНӨРЖИХҮЙ..Элдэвтэй хүн. Энэ үг чухамдаа ажилсаг хүний тодотгол юм. Тэгвэл ямар хүнийг элдэвтэй гэх билээ. Юу...
09/06/2024

ӨНӨРЖАРГАЛ ӨНӨРЖИХҮЙ..

Элдэвтэй хүн. Энэ үг чухамдаа ажилсаг хүний тодотгол юм. Тэгвэл ямар хүнийг элдэвтэй гэх билээ. Юуны өмнө юухнаар юм хийдэг хүнийг хэлнэ. Бас оролцохгүй зүйлгүй “олби” оготно шиг хүнийг хэлнэ.
Энэ бүхэн бол ерийн элдэвтэй хүний нийтлэг дүр төрх. Тэгвэл онцлох авьяас, оюун билгийн ундраатай хүнийг басхүү “элдэвтэй” гээд хэлчихүй.
Рэнчиндоржийн Өнөржаргал гэдэг бүсгүйг бивээр энэ ангилалд хамааруулах болсноо жаахан задлан тайлбарласу.
Хүн бүхэнд билгийн нүд, авьяасын гал байдаг. Түүнийгээ хэрхэн залж жолоодож хөгжүүлснээр л нэгнээсээ ялгардаг ажаам. Р.Өнөржаргал бол хөгжүүлэгчдийн нэг л дээ. Хэрхэн яаж хөгжүүлэв...
Өнөржаргалын аав Гомбын Рэнчиндорж гэж тос даасан говийн бор хүн байлаа. Бид Баянхонгор аймагт нэг байгууллагын дзэвэр доор шүлэг найргаар ойр дөт, ширхэг нэгтэй богино хугацаанд боловч хамт урагшилсан юм. Өнөржаргал бол аавын авьяасын галаас цучил тасдан авч түүнийгээ түүдэг гал болгон енөржүүлсэн гэж би боддог.
Бас ээж Шагдарын Сумьяа нь Монгол хэл-уран зохиолын шилдэг багш байсан нь түүдэг галыг дүрэлзүүлэн омогшуулсан гэж давхар бодно. Ингэх учиртай юм...
Энэ бол Өнөржаргалын “элдэвтэй” байхын эхний гаргалгаа бөлгөө.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг сайхан ухаант үг бий. Энд олон тайлбар сэлт хэрэггүй мэт. Тэр өөрөө ч хичээсэн, үүнийг нь заяа нь ч шагнасан.
Яаж хичээв... Аав ээжийнхээ сурсан сургуульд сэтгэл мэдэн суралцаж мэргэжил боловсрол эзэмшсэн. Хайртай аавынхаа үнэр нь шингэсэн сургуульд нэг л дотнохон аж торж суралцсан нь энэ бүхний утга учир болой.
Энэ бүхнээс эхтэй түүний “элдэвтэй” хэмээх категорид оруулсан нь хөтлөгч, шүлэгч, зохион байгуулагч, зохиолч, жүжиг бичигч, дуу эгшиглүүлэгч гээд гараад байх олон торөл жанр ажээ. Энэхүү холоос эхэлсэн нуршуудуу хэлхээ үг маань чухам Р.Өнөржаргалын “ГЭГЭЭН ЗҮГИЙН САЛХИНД” номонд уях “хадаг үг” буюу.
Хадуурч хадуурч сая л номын хуудсыг дэлгэж сууна. Энэхүү ном болвоос эргэх дөрвөн цагийн дуулал болой.
Тэр нь “Хайлган хавар”-аас эхлээд “Эгшиглэнт зун”-ыг дамжиж, “Уянгат намар”-аар шаргалтаад, “Өвлийн анир”-т нам гүм чагнаархжээ. Хаврын ногоо цухуйгаад хөхөмдөг манан газраар зээглэн урь унахтай зэрэгцэн хүмүүний сэтгэл бүү хэл мал адгуус хүртэл нутгаа санан “гүйчихмээр” болдог доо.
Өнөржаргалын өнөржихүйн жам зам ч бас л адил аа.
Тэр энэхүү сэтгэлийн зорилгоо:
Энэ замаар би Ихээ хол аялна
Хэзээ буцахаа мэдэхгүйн учир Хэрэгтэй бүхнээ бзлдлээ Нөхөрлөл хайр хоёроо
Нөмөр, дулаан болгож
Мөрөөдөл итгэл хоёроор
Мөр замын дэнлүү хийж Ээжийнхээ хайраар сахиус зүүж
Эх орноо сүлдлэн тахиад Амьдрал хэмээх өргөн замаар Алхнам би,
Аяны харгуй өлзийтэй болтугай...

2013-10-23 хэмээжээ...

Ийм болохоор тэрээр авьяас онгодынхоо замаар тасралтгүй алхаж, алхам тутамдаа сэтгэлийн сайхаи, хүний хайлантай учирч яваа буюу... “Эгшиглэнт зун”-ыг тэр дуу хуурын эгшиглэнт айзам лугаа санжээ. Олон сайхан аялгуут шүлэг бичиж төдий чинээ авьяастнууд дуулж хуурджээ.
Харин "Уянгат намар"-аар тэр түүх цадиг руу яргаж бодолхийлэн "Ялалт дархалсан намар" хэмээх түүхэн сэдзвт дуулалт бүжгэн жүжиг бичсэн байна. Ай шаргалхан намар түүнд ийм л том хэмжээний бэлэг шандууруулан шаргалтжээ.
“Өвлийн анир”-т нам гүм зогсохдоо тэр "Үнэ цэн" мюзикл, "Шарос отгийнхон хаа байна" бүжгэн жүжгийн цомнол, "Ертөнц" модерн балет бичжэз.
Ийм болохоор нь түүнийг "элдэвтэй" хэмээн цоллосон буюу. Эцсийн эцэст ӨНӨРЖАРГАЛ ӨНӨРЖИХҮЙ...

ШИНЭ НОМЫН ТОЙМОйрдоо  номын санд минь зочилсон номын тоймыг дуулгасангүй. Гарын доор ойрхон байгаа цөөнийг  төлөөлүүлэн...
09/06/2024

ШИНЭ НОМЫН ТОЙМ

Ойрдоо номын санд минь зочилсон номын тоймыг дуулгасангүй. Гарын доор ойрхон байгаа цөөнийг төлөөлүүлэн уулзуулья. "Цагаан бороо"-ны гэж алдаршаад байгаа нутгийн дүү Баасангийн Наминчимид ГАЛТ ШУВУУ-гаа нисгэжээ. Алс хол амьдран сууж хэрэн хэсэгч гавьяат агрономч Дашдондогийн охин Аззаяа ЧИМЭЭГҮЙ САЛХИ сэвэлзүүлэн ирлээ. Сэтгүүлч найрагч Андрейн Сүлэгмаа САЛХИАР ЖИГҮҮРЛЭГЧ сэтгүүл зүүйн бичвэр бүхий номоо НАРХАМБАН УРУУЛТ найргаараа үнсжээ. МУГЖ Цэрэндоржийн Төвшинтөгс анд маань УГЖ Цэрэндэндэв гуайн 100 жилийн ойд зориулан эмхэтгэсэн ХАЛХЫН САЙХАН ЮНДЭН номоо өргөн барьлаа. МОНГОЛ ХҮНИЙ НЭРИЙН ТОЛЬ-ийг номын яармаг дээрээс өөрөө хөтлөн ирэв. Өчигдөрхөн /2024.06.08/ шинэхэн гавьяат хөтлөгч Рэнчиндоржийн Өнөржаргал ГЭГЭЭН ЗҮГИЙН САЛХИНД номоороо мялаалаа. Тэгвэл хэдхэн цагийн өмнө Дорноговиос ирсэн найрагч бүсгүй ГЭРЭЛ АВИА найргийн номынхоо нээлтийг хийлээ. Манай найрагчид агаар салхинд их дуртай болон ээнэгшжээ. Салхи Салхи л гээд байх болж...

ЖАРГАЛЫН НАЙМАН МОРЬ УУ, ЭСВЭЛ...Найм. Би энэ тоог шүтдэг гэж хэлэхгүй л дээ.  Гэхдээ одоогоос 12 жилийн өмнө  “ЖАРГАЛЫН...
09/06/2024

ЖАРГАЛЫН НАЙМАН МОРЬ УУ, ЭСВЭЛ...

Найм. Би энэ тоог шүтдэг гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ одоогоос 12 жилийн өмнө “ЖАРГАЛЫН НАЙМАН МОРЬ” гээд шилмэл маягийн 8 боть ном хэвлүүлсэн түүхтэй. Чухам яагаад гэж үү... Эзэн богд Чингис хаанаа дээдлэх үзэл ид дэлгэрсэн үед Чингис хаанаа толгойтой бүхэн судалсан сурталчилсан гэж болно. Чингис хаангүй л бол хүчгүй явуургүй гэх туйлшрал дунд явлаа. Буянт-Ухаа хэмээх сайхан нэртэй нислэгийн буудлаа Чингис хаан буудал гэж сольлоо. Төрсөн тоонот болох Хэнтий аймгийн төвийг Өндөр хаан гэж байснйыг Чингис хот болгож зүггүйтлээ. Монголчуудын хүндлэлт ухааны нэг бол өвөг дээдсийнхээ нэр алдрыг ил хэлдэггүй, бэлгэшээж цээрлэдэг том ёс билээ. Иймийн учир эзэн богд Чингис хааныгаа “ӨНДӨР ХААН” хэмээн дээдэлснийг ухаж ойлгож чадаагүйн бэлээхэн жишээ энэ юм даа. Түзүнчлэн Эзэн богдынхоо хөргийг архины шилэн дээр хар шараар нь залж сархад хийж “Хар чингис уух уу, Шар чингис уух уу”... гээд архины мухлаг руу гүйлдэж, гар дамжуулан хөнтөрч байлаа. Сүүлдээ тамхи тариа, тамхины үнсний саван дээр хүртэл зурж туйлшралаар “өвчилсөн” байдаг. Их жанжин Сүхбаатараа мөнгөн дэвсгэртээс татан буулгаж, Чингис хаанаа залж, Чингис хаан буурчийн газар сүндэрлүүлж, юм юм болсон. Чингис хаан дээд сургууль байгуулагдаж олон оюутан элсүүлж, өвөөгөөрөө бахархан өөрөө судалж ардын багш болтлоо өөдөлсөн хүн ч бий. Нэг хошин зүйл ярья л даа. Монголын утга зохиол, сэтгүүл зүйд намайг хөтлөн оруулсан, нэрийн хуудас болсон “Ургацын далай” нэвтрүүлгээ залгамжлуулж алтан тоостой микрофон / дуун цацруулагч/-оо гар сэтгэлээрээ хүлээлгэн өгсөн Монголын радиогийн “Бүдүүн дуут” хэмээн олноо алдаршсан Хори шарайд Базарын Цэдэндамбатаныг даваадуулж, “Тэр шингис хаан бид хоёр чинь Нэг аймгийн, нэг сумын бүр нэг багийн хоёр” гэсэн гээд л ардын аман зохиол болтол ярьсан даа. Түүхэнд бол их эзэн хааны төрсөн тоонотыг Хэнтий аймгийн Дадал сумын “Дэлүүн болдог “ гэдэг бол манай багш Хэнтэй аймгийн Дадал сумын Сэлдээ цагаан Балж, Сэрүүн Галттай” юм л даа. За ингээд л Монголчууд Чингис хаанаараа омогшиж, түүнгүйгээр амьдрахгүй юм шиг болсон үед айл бүхний хойморт их хааны хөрөг хүндлэгдэж, өнгөрсөн жилээс өрх бүр залахыг зарлиглалаа. Зураачид найман шарга морины зураг том бгаар зурж бэлэгшээж зах зээлд тодорхой байр эзэллээ. “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэж монголчууд цэцэлдпэг. Би ч энэ туйлшралд дагаар орсноо нуухгүй. Энэ үе бол миний “Монгол адууны зүс” сонирхон судалж байсан торгон үе л дээ. Чингис хааны найман шарга агт, Дондогдулам хатны найман шарга гээд ид “онгичиж” байсан цаг. Тэгээд л найман боть номоо ингэж нэрлэсэн хэрэг. Бас ч номын чимэг зурагтаа энэ чиглэлээр таталбар зураг зурж хүртэл өвчигнөсөн үе л дээ. Уйдмаар их урт оршлоо үлдээгээд НАЙМ-ын тоонд анхаарлаа хандуулья. Эхний гаргалгаа. “Жаргалын найман морь” гэж нэг даруухан зураг бий дээ. Энэ зургийг 19 дүгээр зууны үед Цагаан Жамба гэдэг хүн урласан юм. Зурагт юуг дүрсэлж, юуг бэлгэдсэн бэ?...”... Нарт ертөнц, гэрэл гэгээ, аз жаргал, эрх чөлөөг бэлгэдсэн утгатай энэ зурагт наран, саран мандаж, уул, ус, мод, ногоо өв тэгш жигдэрсэн үзэсгэлэнт байгалийн дунд найман морийг дүрслэхдээ хол, ойр, наана, цаана, гол ба туслах хэмээн ялгалгүй ижил тэнцүү харьцаа хэмжээтэй зуржээ.
Энд морьдыг өөр өөр хөдөлгөөн хэмнэлтэй, хөрвөөж, хэвтэж, шээж, зогсож, мод шөргөөж, биеэ маажиж, эргэн харж, хөлөөрөө ус самарч буй байдалтай эрх тааваараа байгааг харуулахдаа монгол адууны галбир төрх, хэв шинжийг үнэн, бодитой урласан байна. Байгалийг дүрслэхдээ тэнгэр газрын зааг, хаяаг нарийн гаргалгүй аажим уусган замхруулж, уулсын оройд үүл тогтоон, хөх тэнгэрт нар, сарыг зурсан нь арга, билиг хийгээд эрх чөлөө, тусгаар тогтнол, өөдлөн мандахыг бэлгэдсэн санаа болно.” Хэмээн тайлбарласан нь бий. Айргийн том хулан дээр энэ зургийг их зурсан байдаг.
Наймын тоо нь жаргал цэнгэл, өв тэгш амьдрал ахуйг, мөн аливаа зүйлийн бүрэн хүч чадлыг билэгддэг гэж үздэг байна. Жаргалын найман морь, Монголын нууц товчоонд гардаг Чингис хааны найман шарга агт зэрэг нь ийм утгатай. Мөн Наймын тоо нь хязгааргүй ертөнцийн орон зайн төсөөлөл буюу найман зовхисыг илэрхийлдэг тул урт удаан нас, үүрд мөнхийн билэгдэл болдог ажээ.

Удаах нэг гаргалгаа нь Ардын багш, эрдэмтэн монгол бичгээр монголчуудын нүдийг анх тайлсан Шаравын Чоймаа багштан: Чингис хааны найман шарга агт+ тан “агттан” гэсэн үгийг нарийвчлан судалсан байдаг. Энэ судалгаагаар тэрээр 7 зүйл дээр судалгааны дүгнэлтээ хийсэн байдгийг Адууны зүс судалж ахуйдаа олж уншсан минь миний мэдлэгт нэмэр болж байсан юм. Юуны өмнө Чингис хааны найман шарга гэдэг ойлголт нь Найман шарга морь байсан уу, эсвэл онцгой хэдэн шаргатай хэсэг /азарга/ адуу байсан уу…гэсэн шинжлэхүйн эргэцүүлэмжийг хөндсөн байдаг. Энэ гаргалгаа нь “агт” гэвэл нэг тоо, “агттан” гэвэл олон тоо гэсэн утгыг эрхэмлэсэн. Худам эх бичиг, Монголын нууц товчооны үндсэн галигаас иш татан судлаад ийм дүгнэлтэнд хүрсэн. Сонин л санаа л даа. Наймын тооны элдэв шинжийг улс орнуудад хэр зэрэг ойлгодог талаар ганц нэг жишээ татаж сонирхоё. НАЙМ-ын тоо эд баялаг эрх мэдэл, амжилтыг билэгддэг. Энэ тоо хүн судлалтай холбогдохоороо хүний хувийн шинж чанар хүчтэй хөгжсөн байдаг гэж үздэг. Агуу их амжилтанд хүрэх буюу эсвэл азгүй хүмүүс байх бөгөөд алтан дундаж байдаггүй. Өөдрөг үзэлтэй мэт боловч оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцэгч. Дорнын ихэнх орнуудын хувьд 8-ын тоо нь аз жаргалыг бэлгэддэг. Ялангуяа Хятад улсын хувьд 8-ын тоо нь “баялаг” гэдэг үгтэй ижил сонсогддог байна. Тиймээс Хятадууд 8 давхар барилга барихыг илүүд үздэг бөгөөд 8 давхарт байрлах орон сууц нь нэлээд үнэ хүрдэг аж.
2008 оны Бээжингийн олимпын наадам энэ шалтгаанаар орон нутгийн цагаар 08:08:08-д эхэлсэн байна. Японд ч гэсэн 8-ын тоо бичиглэлээрээ “баялаг” гэсэн утгатай аж.
Урт богино хугацаагаар урд хөршид 6 жил суусан хүний хувьд ажигласан нэгээхэн сонирхолтой жишээгээ дурсваас: Зарим Хятад хоолны газарт хоол захиалахдаа 88 юаньд үнийн дүнгий нь тохируулчихвал 50 хувь хөнгөлдөг менежемнт байдаг л даа. Бид найзуудтайгаа энэ сурталчилгааны аргыг ашигладаг хоолны газар зоог барихдаа бөөн тооцоо хийж инээдэм болдог байлаа. Тэгээд ч хятад гүрэн ХАНЗ үсгийн зурлага дуудлагад их ач холбогдол өгдөг шүү дээ. Найман эрдэнийн цай л гэнэ, Найман эрдэнийн уул л гэнэ. Найм гэдэг тоотой их нөхөрлөж шүтдэг. Бид бол тэг дундуур нь л тууж явдаг.

НАЙГАЛ ГОЛЫН ЭРВЭЭХЭЙ…Дуучин Алтанжаргал хэмээх алтан шар залуу  энэ дууг дээр үеийн жаягаар нь яасан сайхан дуулна вэ…Б...
06/06/2024

НАЙГАЛ ГОЛЫН ЭРВЭЭХЭЙ…

Дуучин Алтанжаргал хэмээх алтан шар залуу энэ дууг дээр үеийн жаягаар нь яасан сайхан дуулна вэ…Бүүр налайчхлаа байна. Хүмүүн гэдэг эхийнхээ хэвлийд нэг жил амьдраад эх дэлхий дээрээ ил гараад ирдэг. Монгол ёсоор гарсан өдрөө л нэг нас хүрчихнэ гэсэн үг л дээ. Үүнийгээ “хий нас” гэнэ. “Найгал гол” дууны аялгуунд бүүвэйлэгдэж суухдаа элдэв л зүйл бодож, тунгааж өөртэйгөө ярьж өглөөг угтлаа.
Найр гэдэг үг санаанд бууж байна. Бид сүүлийн үе найрласаар л байх болж дээ. Өвөрлөгчид бол баяр цэнгээнийг бүхэлд нь НАЙР” гээд нарлуулчихдаг. Хүн эхээс төрөөд энэ насыг элээхдээ 3 удаа л найр хийдэг байсан. Эхээс төрөөд 3,5,7,9 хоногтойд нь ХҮҮХДИЙН УГААЛГА хийнэ. Энэ найр бол анхных нь өрх гэр дотроо хийж, гаднаас хүй боосон ээж буюу газар ээжийг нь байлцуулдаг. Үүний дараагаар СЭВЛЭГ ҮРГЭЭХ найр болой. Энэ найраг ихэнхдээ 3-5 насны хооронд хийнэ. Эрэгтэй хүүхдийг сондгой, эмэгтэй хүүхдийг тэгш насанд нь хийнэ. Энд нөгөө “хий нас”-ыг оролцуулж тооцдог.
Насны нар хэвийх үед ӨНДӨР НАСНЫ НАЙР буюу 85-ны найр хийдэг. Чухам яагаад 85 насыг сонгодог вэ? Энэ бас учиртай. Хүний 85 насыг “Жилийг 7 эргүүлсэн” нас гэж ихэд хүндэтгэж, том найр хийдэг байжээ. Үүнийг тооцоод үзвэл 84 байгаа ч өнөө “хий нас” нь нэмэгдсэн хэрэг л дээ. Монголчуудын уламжлалт заншлаар дал, наян тав, ерэн насанд өндөр насны найр хийдэг. 1970-аад оноос миний л мэдэхийн зохиолчдын 50 насны ойг тэмдэглэдэг уламжлалтай болсныг сайн мэдэх юм. “Утга зохиол урлаг” сонинд хэн нэгэн том зохиолчийн 50 насны ойд гээд товч намтар зургийг нь тавьдаг байсан даа. Эндээс л тэр зохиолч тавь хүрч энэ зохиолч тавьтай юм гэдгийг мэддэг сэн. Гэвч тавин насны найр нь ихэнхдээ албаны шинжтэй найр байдаг. Наян тав хүрэхэд зуны дэлгэр цагт айраг цэгээ исгэн найр хийх ба ерэн таван насанд ирэгний сүүл хувааж иддэг хэмээн хуучны үг байдаг. Ойн найрыг үр хүүхэд, садан төрөл, нутаг усныхныгаа урьж өргөн дэлгэр хийдэг. Өндөр насны найрыг албан болон, энгийн хоёр янзаар тэмдэглэнэ. Хамтруулан тэмдэглэх ч тохиолдол үзэгддэг. Албан ёсоор ёслох бол албан газрынхаа ёслолын өргөөнд суудал засч, идээ ундаа бэлтгээд зохион байгуулагчдын зүгээс уг хүний тухай даруухан танилцуулсаны дараа байгууллага хамт олон, мэргэжлийн нөхдөөс нь бэлгэдлийн үг хэлж бэлэг сэлт гардуулдаг. Ёслолын төгсгөлд найрын эзнээс хурсан олонд хариу талархал илэрхийлээд ёслолын цай хүртээдэг. Харин өөрийн гэрт тэмдэглэж байгаа бол ах дүү, үр хүүхдээс нь ёсны үг хэлж ёслолыг нээгээд үр ач нараас нь хадаг идээ барьсаны дараа хамт олноос нь үг хэлэн хундага дэвшүүлнэ. Найранд хүндэтгэлийн дуугаар ая барьж, ерөөл дэвшүүлж болдог. Тухайлбал, ямар ч насны ойд ялгалгүй хэлдэг нийтлэг ерөөл гэж байна.
Өнөөдөр болбоос
Өвгөн буурал аавын минь
Өлмий лянхуа батадхын
Өлзий хутаг оршсон
Өгөөмөр зохист эрин
Өтгөс их настнаа
Өргөн дээдэлж хүндэтгэдэг нь
Өргөн монголын жам
Өвч олны заншил
Өнөөгийн бидний баясгалан
Өсөх хойчист үлгэр
Өрнөн мандахын бэлэг
Өвлөж залгахын ерөөл
Өдгөө цагийн баяр
Өнөд үүрд мөнхрөх
Өлзий найрыг үүсгэе хэмээн насны найрыг нээдэг байжээ.
Би бодохдоо тэр үед 50 насны ой тэмдэглэдэг нь хүний дундаж наслалттай холбоотой байсан биз ээ. Одоо бол 50 насны ой гээд яривал инээд нь хүрэх байлгүй. Дундаж насандаа ч хүрээгүй байхад нь настан гээд байвал хэн дуртай байх вэ… Найр олширсон одоо үед хүн жил болгон насны найр хийдэг болж “Өнөөдөр бидний төрсөн өдөр гэж дуулалдан бялуун дээр лаа асааж хүслээ шивнэн үлээгээд сүйд болцгооно. Исүсээс зээлж авсан энэ баярыг бид тэмдэглэж суух хэрэгтэй юм бол уу… Оюутан цагийн нэг хөгжилтэй түүх ярьж өгье. Дээд сургуулийн манай ангид бид Гоодой гэж нэрлэдэг Д.Өлзийбадрах гэж сүрхий эрдэмлэг хүү байлаа. Тэр иаань хоржоонтой хошин сэтгэлгээтэй л дээ. Нэг найз нь ”Чи өчигдөр хаачсан бэ? гэхэд нь төрсөн өдөр тэмдэглээд гэж л дээ. Тэгтэл нөгөө асуусан нөхөр нүүрийг нь хэргээр татаж өөрлүүгээ харуулснаа “Насны ой” л байна шүү дээ. ..гэжээ. Чухамдаа 18 нас хүртэл төрсөн өдөр, түүнээс хойш насны ой болчихдог юм санжээ.

ҮД ГОЛЛОХОД ХОНЬ  ХОРЧИХООД…Зун цаг говьд жин үдийн нарнаас хаашаа ч бултаж  болдоггүй  дүн халуун болдог сон.  Нэгдэлжи...
06/06/2024

ҮД ГОЛЛОХОД ХОНЬ ХОРЧИХООД…

Зун цаг говьд жин үдийн нарнаас хаашаа ч бултаж болдоггүй дүн халуун болдог сон. Нэгдэлжих хөдөлгөөн ид дундаа байсан миний хүүхэд насанд хонь саах гэдэг ярвигтай ажил байдаг сан. Хонинд явахдаа үд голлоод ирэх үес хонио гэр өөд хурааж ирнэ. Гартаа зүүх цаг байхгүй газар дээр горьтогдон зураад голд нь дэрс хатгаад л үд голлох буюу 12 цагийг мэддэг сэн. Зүй нь бол наран цагийг ашиглаад сурчихсан гэсэн үг л дээ. Хоног 24 цагтай. Өдөр шөнө гэсэн хуваарьтай. Өдрийнхийг нь 12 цаг, шөнийхийг нь 24 цаг хэмээчихүй. Зун цаг хонь бид хоёр үд голлосон наранд үйлээ үзэх хоёр шалтгаантай. Эхнийх нь хонь саах. Яг үдэд болдог. Оройн сааль сэрүү унасан болохоор тэгтлээ төвөгтэй үйл биш. Нөгөө нэг нь наадам дөхөөд ирэх үес хонины ноос авах. Энэ ажил бол яг үд голлоход эрчимжинэ. Яагаад гэж үү. Хонины зунгаг хатчихаар хяргаж болдоггүй гэх гаргалгаатай. Зун цаг хөдөөгийн хүүхдүүдэд үд голлоход буюу 12 цагт болдог ийм ажил байсан. Одоогийн хүүхдүүд хонийг саадаг гэхэд итгэх хүн бараг үгүй биз…За энэ ч яахав. 12 гэдэг тоо аливаа зүйлийн гол цэг юм шиг санагдмуй. Өдөр бүхэн 12 гэдэг тоон дээр цагийн зүү хоёр удаа очно. Ингээд бодохоор бид бүтэн жилдээ 12 гэдэг тоотой 730 удаа уулзана гэсэн үг. Нөгөө талаас нь бодоход 12-ын тоо хэмжээс хуваарь юм шиг санагдана. Нэгэн жилээ 12 сард хуваана. Зурхайд бол 12 амьтнаар төлөөлүүлнэ. Үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай. Энэ 12 амьтан 5 удаа эргэхэд нэгэн жаран болно. Монгол тоолол бол жарны тоолол юм. Өрнийн зурхайд 12 орд бий. Хонь, үхэр, хамтатгах, мэлхий, арслан, охин, жинлүүр, хилэнц, нум, матар, хумх, загас болой. 12 гэдэг тоо он оны төгсгөлд нэг их хүлээлт үүсгэдэг. Түүнийг он солигдох хэмээчихүй. Ер нь 12 сар болоод ирэхээр дутуу гуцуугаа гүйцээх, тоо бүртгэлээ гаргах, тайлан дүгнэлтээ гаргах их ажил амин хувьд ч алба ажилд ч ялгаагүй цухалдуулна. Малчид “12 сарын мал тооллого” гээд амихандаа бэлтгэж, өвлийн идэшээ зэхэхээс эхлээд юм юмтай. Дээхнэ үед амины мал хязгаартай байх үед зэлгий заль ухаан хэрэглэж, чинээлэгдүү малчид буурай нэгнийхээ нэр дээр илүү малаа тоолуулахаас эхлээд юм юм болно шүү дээ…Он гарахаас өмнө амжуулах ажил байгууллагад ч, хувь хүнд ч ялгаагүй адилхан агуулгатай. Хүүхэд багачууд л санаа зовох юмгүй шинэ он, өвлийн өвгөн, цасан охин, бэлэг сэлт бодоод сууж байна. Хэзээ сүлд модоо чимэх юм бол гэдэг л онц чухал болчихно. Үргэлж хүүхдээрээ байдаг бол гэж бодмоор…Ер нь 12 гэдэг тоо дэлхий дахинд нэг л утгатай цаг тооны элдэв хэмжүүр юм даа. Бид 12 жилээ дээдэлж, Есүс, Мухамед хоёр 12 дагуулаа хүндэлж, Херкулес 12 даалгавараа биелүүлж, Сар дэлхийгээ 12 удаа тойрч байх жишээтэй юм даа. Бас ч Грек домогт 12 олимпиан байдаг гэх…Бүр наашлуулаад бодвол Европын холбоо гэдэг байгууллагын туган дээр 12 од байдгийг ажигласан байлгүй…Хөдөөх монгол цагаар бол, бидний яг таг цаг барьдаггүйг шоолсон Монгол хүн хоёрхон цагтай гэх хошигнолоор бол 12-оос өмнөхийг “үдээс өмнө”, 12-оос хойшихыг нь “үдээс хойш” гэнэ дээ. Уужуу тайван, амар амгалангийн сэтгэлгээ ч байж болох юм. Тэгээд ч “уужуугийн дотор амгалан” гэсэн хэлц байдаг биз дээ. 12 дугаар сарын 31 бол он солигдох торгон мөч. Дэлхий даяар оргилуун дарс буудуулна. Манайх бол Элбэгээгийн үед “Сүү буудуулсан” тал бий. Энэ бол хэлбэр болохоос агуулга биш юм л даа…Он солигдоход улс орон, үндэстэн бүхэн өөрийн гэсэн онцлог үйлийг хийдэг. Ганцхан жишээ татсу. Германууд 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгинын үндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. Ингээд 12 цаг болохоор сонгиноо үзэхэд аль сарынх нь сонгино давсыг бүрэн уусгасан бол тэр сарыг хур бороотой, уусгаж чадаагүй нь гантай болно гэж таамагладаг байх юм. Иймэрхүү жишээ алийг тэр гэхэв. Үг олдож үхэр холдлоо. Бусдыг нь та олон гүйцээгээрэй. Үдээс өмнө ажил ихтэй. Үдээс хойш гадуур гарна хэ хэ…

Address

Монгол улс
Ulaanbaatar
14200

Telephone

+97699151050

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ургадаг алт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ургадаг алт:

Videos

Share

Category

Nearby media companies


Other Magazines in Ulaanbaatar

Show All