30/01/2023
Crash Course in Romance ✨✨
Шинээр эхлүүлсэн ром ком маань үнэхээр хүлээлтээс хавь илүү байгаад сэтгэл санаа тун хангалуун байна аа кк. Үнэнийг хэлэхэд Jeon Do Yeon, Jung Kyung Ho хоёрын хамтралын тухай мэдээг анх уншаад энэ драмыг хоног тоолон хүлээж үзнэ гэж огт төсөөлөөгүйгээ нуух юун. Хувь жүжигчдийнхээ тухайд хоёулаа ярих юмгүй хэдий ч 10 насны зөрүү, дээр нь нэмээд энэ хоёр романтик кинонд хос болно гэхэд ер сэтгэлд буухгүй байсан хэрэг. Jeon Do Yeon аниа бол тэртээ 2007 онд Lee Chang D**g найруулагчийн Secret Sunshine бүтээлээр Канны кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж, цаашлаад Way Back Home, Memories of the Sword, Birthday, Emergency Declaration гэхчлэн чансаатай бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн аниа л даа. 2021 онд Ryu Jun Yeol-той Lost хэмээх олон ангит драманд мөн л насны зөрүүтэй хосуудын дүрийг бүтээж, шүүмжлэгчид болон үзэгчдээс хангалттай эерэг үнэлгээ авсан хэдий ч Jung Kyung Ho-той инээдмийн романтик бүтээлд тоглож буй нь огт төсөөлөгдөхгүй байсан юм. Гэтэл мэргэжлийн жүжигчин хүн ямар ч дүрийг өөрийн болгож, тэр дүрдээ уусан орж чаддагийг аниа энэ драмаараа харуулж байна дөө.
Jung Kyung Ho-ын хувьд гэвэл хоёр жил дамнан үргэлжилсэн Hospital Playlist хэмээх аварга төслийн дараах эргэн ирэлт нь тул фенүүд нь бүтэлгүйтэх вий дээ гэж бага зэрэг эмээж л байсан байх. Гэхдээ тус драман дээр бүтээж буй ажлын хэнээтэй, харилцааны асуудалтай, олон трауманыхаа учрыг олохоор хичээж буй од багшийн дүрийг Jung Kyung Ho үнэхээр чадварлаг бүтээж байна аа, нээрээ. Дөнгөж эхний хоёр ангийг нь үзэж байхад л хэд хэдэн хэсэг дээр хоолой зангираад уйлмаар ч юм шиг санагдав. Гэхдээ эхний хоёр ангийн дараа энэ драмаас хамгийн таалагдсан зүйл нь юуны ч тунг хэтрүүлээгүй байдал. Ром ком дээрх залхмаар хэтрүүлгүүд, чанга хашхираан, тэнэг бүтэлгүйтлүүд, мулгуу үйлдлүүд огтоос байсангүй. Дээр нь нэмээд сүүлийн жилүүдэд к-драма дээр хүчтэй хөндөгдөж буй боловсролын ялгаатай байдал, тэгш хүртээмж, эцэг эхийн дутуугийн комплексийг нь нөхөхийн төлөө өдөр шөнөгүй хичээл хийх хүүхдүүдийг гол сэдвээ болгосон явдал ээж хүний хувьд сэтгэлд ойр тусаж байна аа. Мэдээж энэ тал дээр ч мөн адил Sky Castle шиг хэтрүүлэг үгүй.
Аа нээрээ мартах шахлаа. Өнгөрсөн жил Our Blues-ээр дебутээ хийснээс хойш 20th Century Girl, Crash Course in Romance гээд гурав дахь бүтээлдээ дүр бүтээж буй Roh Yoon Seо-ыг дурдахгүй байхын аргагүй. Карьераа дөнгөж эхлүүлж байгаа цоо шинэ жүжигчин өсөн дэвшиж, драмаас драмын хооронд туслах дүрээс гол дүр рүү шилжиж буй мөчийн гэрч болох нь үнэхээр сайхан явдал шүү^^ Энэ охиныг чин сэтгэлийнхээ угаас хол яваасай, мундаг жүжигчин болоосой хэмээн хүсэж байна. Эхний хоёр ангийн сэтгэгдэл гэвэл ийм л байна даа. Одоогоор гараад буй зургаан ангиа гялс гүйцчихвэл дахин сэтгэгдлээ хуваалцах болно оо.